Сүрэл, шар өвсөөр хучигдсан тариан талбай зах хязгааргүй мэт үргэлжилнэ. Тал хөндийг бүрхэн уул толгодын бэл хүртэл зурайсан ийм талбайн нэг захаас трактор газар хагалж байх нь шар дэвсгэр дээр бор хээ тавьж буй мэт содон харагдана. Тариан талбайд ажиллуулж буй техникийн хамгийн хүчтэй, хөдөлмөр хөнгөвчилсөн нь 14 метр өргөнтэй үрлэгч болон үрийн бункер чирэн зүтгүүлж буй “New Holland” трактор. Үүнийг хоёр жолооч ээлжлэн унаж, 24 цаг ажиллуулахад өдөрт 150 орчим га талбайд үр суулгадаг аж. Тракторын газар хавагчтай зэрэгцээ шахам үр цацах хошуутай бөгөөд сэндийлсэн хөрс рүү өндөр даралтаар үр, бордоог хамтад нь шүршиж өгдөг юм байна. Мөн 6.2 тоннын багтаамжтай үрийн бункертэй. Нэг үгээр хэлбэл, лут эд аж. Үүнээс гадна ОХУ-д үйлдвэрлэсэн гурван трактораар газраа хагалан, үр суулгаж буй залуус бол Сэлэнгэ аймгийн Хушаат сум дахь “Өгөөж Мандал уул” компанийнхан. Улсын гурван удаагийн аварга тариаланч хамт олон тус компанийнхан энэ жил 2100 орчим га талбайд улаан буудай, 400 га-д рапс тарихаар төлөвлөн ажлаа эхлүүлээд 10-аад хоножээ. Өнгөрсөн пүрэв гарагт биднийг “Өгөөж Мандал уул”-ын талбайд очиход дээр дурдсан техникүүдийг 10 гаруй хүн ажиллуулж, тэднийхээ дунд агрономич нь шатахуунтай цистерн тавьсан “Портер” унан, тариалалтын үеийн зааварчилгаа өгөхөөс гадна техникүүдээ цэнэглэн сүнгэнүүлж байв. Өдийд улсын хэмжээнд хаврын тариалалтын ажил ийнхүү ид өрнөн, бүх төрлийн таримлыг тариалж буй цаг.
Өнгөрсөн зун, намар хур бороо ихтэй, энэ сард ч цас орсны үр дүнд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн дийлэнх хэсэг, Хушаат сумын нутагт газрын хөрс чийгтэй байгаа аж. Үр тарианы талбай усалгаагүй учраас хөрс чийгтэй байгаа нь шар тос л гэсэн үг. Харин хавсарга их, цаг агаар хүйтэн байгаа нь хагалж, сулласан хөрсний чийгийг ууршуулж, хуурайшилт үүсгэх, эсвэл төмс, хүнсний ногооны үрийг хөлдөөх нөхцөл болж буй гэнэ. Гэсэн хэдий ч тариалалтаа хугацаанд нь эхлүүлж, төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж буйг “Өгөөж Мандал уул” компанийн агрономич Б.Сэргэлэн хэлэв. Тэрбээр “Улсын хэмжээнд хаврын тариалалтын ажлыг энэ сарын эхний 10 хоногт багтаан эхлүүлсэн. Манайх ч 10 гаруй хоногт төлөвлөгөөнийхөө 70 орчим хувийг биелүүллээ. Улаан буудайн үрээ суулгаж дуусаад, рапсаа тарина. Бид энэ хавар өөрсдийн нөөцөлсөн болон Дархан-Уул аймгийн Ургамал газар тариалангийн хүрээлэнгээс авсан үрээр тариагаа тарьж байна. Уламжлал ёсоор үрийн болон таваарын зориулалтын улаан буудай бэлтгэх төлөвлөгөөтэй. Сүүлийн жилүүдэд нэг га-гаас 20 орчим центнер ургац авсан. Энэ жил ч ургацын хэмжээгээ бууруулахгүйг хичээж байна. Одоогоор ажилд тулгарч буй бэрхшээл алга. Ерөнхийдөө хөрс чийгтэй байгаа нь давуу тал. Гэхдээ хүйтэн хэвээр байвал суулгасан үр соёлохгүй, боловсрох хугацаа нь уртсан улмаар ургац алдах эрсдэлтэй” гэж ярилаа.
Хаврын тариалалт, намрын ургац хураалтад тариа, ногооны талбайд нар, салхинд онгож борлосон царайтай эрчүүд голдуу ажиллан, “нүд шүдээ гялалзуулж” явдаг төрх хүн бүрийн сэтгэлд буудаг, энэ нь кино хальсанд ч бий. Тэгвэл ийм байдал аанай л хэвээр. Трактор, автомашин унасан хүрлэгэр эрс талбайдаа зүтгэж байна. Тэдний нэг нь газар тариалангийн салбарт 30 гаруй жил ажилласан, Хүнс, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан, улсын аварга тариаланч Н.Жаргалбат. Тэрбээр “Өгөөж Мандал уул” компанид зургаа дахь жилдээ “New Hol¬land”-ыг жолоодон, мөн комбайнчаар ажиллаж байна. Н.Жаргалбат ажлынхаа талаар “Би Сэлэнгийн Шаамар сумын Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийг 1988 онд төгссөн цагаасаа хойш газар тариалангийн салбарт тасралтгүй ажиллаж байна. Орчин үеийн техникээр тариа тарьж, ургац хураахад төвөггүй болсон. Эндээ суугаад (тракторын бүхээг) хөгжим сонсонгоо нааш, цааш нэг явахад л бараг 30 метр өргөн талбайд үр суулгаж байна. Дээр үед 6-7 метр урттай үрлэгч чирж, үрлэгч дээр нэг хүн заавал суун хувингаар үрээ хутган хийж явдаг сан. Одоо бол тракторын шатахуун, бункерийн үрийг ирээд цэнэглээд өгнө, ер нь ажиллахад урамтай. Гэхдээ хөдөлмөр хөнгөвчилсөн ямар ч сайн техник байгаад түүнийг хүн л залж жолоодох учраас дараагийн үеийн тракторч, комбайнчдыг бэлтгэхэд анхаарах хэрэгтэй. Ер нь газар тариалангийн талбайд ажиллах залуус цөөрсөн” гэсэн юм.
Техник, тоног төхөөрөмж сайжирсан учраас олон зуун га талбай хагалж, үр суулгахад цөөн хүн оролцдог болжээ. Дээрх компанийн 2500 га талбайд тариалалт хийхэд 10 гаруй хүн ажиллан, дугуйтай чингэлэгт байрлаж байгаа юм. 12 ам метр талбайтай чингэлгийнхээ дунд хэсэгт зуух байрлуулж, зуухны баруун талд ор, зүүн хэсэгт нь гал тогооны хэрэгсэл тавьжээ. Орыг хоёр давхарлаж, зай талбайгаа хэмнэхийн зэрэгцээ чингэлгийн гадна гоожуур хадаж, нарны зайн хураагуур өлгөснөөр ариун цэвэр, цахилгааны асуудлаа шийджээ. Нүүхэд хялбар, автомашинаар чирэхэд хөнгөн, мөн багтаамж сайтай ийм чингэлэг дээр үеийнхээр бол сангийн аж ахуйн төвийн үүргийг гүйцэтгэж байгаа нь энэ юм.
ТАРИАН ТАЛБАЙД АЖИЛЛАХ, ТАЛХ БАРИХАД ОРОЛЦОХ ХҮН ЦӨӨН БОЛЖЭЭ
Энэ хаврын тариалалтын хугацаа дундаа орж, зуны эхэн сар гарсан ч хүйтэн, шөнөдөө хасах хэмтэй байгаа нь төмс, хүнсний ногооны үр, үрсэлгээ суулгахад хүндрэл учруулж буй аж. Тиймээс бидний очсон “Элит үр” компанийнхан төмс, хүнсний ногооны тариалалтын ажлаа бүрэн эхлүүлээгүй, бэлтгэлээ базааж байв. Бүрэн эхлүүлээгүй гэдэг нь тус компанийнхны 10 орчим хоногийн өмнө гурван га талбайд суулгасан шар манжингийн үрсэлгээ хөлдсөн аж. Тиймээс болгоомжлон, ажлаа түр зогсоосноо захирал С.Нямжав нь хэллээ. Тэрбээр хөдөө аж ахуйн шинжлэх ухааны докторын зэргийг төмсний судалгаагаар хамгаалсан нэгэн бөгөөд чанар сайтай, өвчинд тэсвэртэй, хүнсний зориулалтын төмсний сортыг нутагшуулах, үр бэлтгэн нийлүүлэх чиглэлээр олон жил дагнан ажиллажээ. Тодруулбал, жил бүр 120 000-130 000 ширхэг төмсний бичил булцуу хүлэмжид торниулж, ил талбайд суулган тарьж хэвшсэн гэнэ. Улмаар манай улсад сүүлийн 7-8 жилд жил бүр 600 000 тонн төмсний элит үр нийлүүлж буйн 500 000 тонныг нь дээрх компани бэлтгэжээ. Энэ жил “Элит үр”-ийнхэн усалгаатай, 100 га талбайд төмс, хүнсний ногоо тарихаар зэхэж байна. Цаг агаарын байдлаас шалтгаалж ажил нь одоогоор удааширч буй ч энэ сардаа багтаан үрээ суулгаж дуусахаар төлөвлөснийг С.Нямжав захирал дурдсан. Тэрбээр “Бид төмсний “Элит” үр гаргахын тулд биотехнологийн лаборатори, хөрсгүй орчинд ургамал тарих хүлэмж байгуулсан. Улсын хэмжээний “Элит” үрийн 40-45 хувийг манайх нийлүүлдэг бол үлдсэнийг нь ХБНГУ-аас импортолдог. Монголд тарьж, хураан авсан төмсний 90 хувь нь “Гала” сортынх. Үлдсэн нь “Элит” болон бусад сортынх гэсэн үг. Цаашид бид “Элит” сортын үрийн төмсний нийлүүлэлтээ өсгөх, таваарын зориулалтаар тарих талбайн хэмжээгээ ч нэмэгдүүлэхийг зорьж байна. “Элит” сорт бол манай орны цаг уур, байгаль орчны нөхцөлд хамгийн тохиромжтой, чанарлаг төмс юм.
Тариаланчдад олгодог хөнгөлөлттэй зээлийн хугацааг энэ жилээс нэмэгдүүлж хоёр жил болгосон. Мөн хүнсний 10 нэрийн ногооны борлуулалтад урамшуулал олгохоор болсон нь бидэнд том дэмжлэг болж байгаа. Харин талбайд ажиллах сонирхолтой хүнгүй болж, газар тариалангийн салбар бүхэлдээ ажиллах хүчний хомсдолд өртөж буйд харамсаж байна. Цаашид салбарын ажлыг хэн хөтөлж, хэн ажиллах билээ. Үүнийг өөрчлөхөд төрийн бодлого хэрэгтэй” хэмээн санаашрангуй өгүүлсэн.
Сэлэнгэ аймаг бол манай улсын газар тариалангийн гол бүс нутаг. Тус аймгийн тариаланчид улсын хэмжээнд бэлтгэдэг үр тарианы 60 орчим, төмс, хүнсний ногооны 30-аас дээш хувийг нийлүүлдэг. Тэгвэл энэ жил Хушаат сумд 30 орчим компани өнгөрсөн оныхоос 400 гаруй га-гаар талбайн хэмжээгээ өсгөн, 9000 га-д үр тариа тарихаар төлөвлөн ажлаа эхлүүлээд байна. Харин төмс, хүнсний ногоо 280 орчим га-д тарих бэлтгэлээ ханган, нэг га талбайгаас дунджаар 17 центнер ургац авдаг статистикаа
давуулан биелүүлэхээр зорьж буйгаа Засаг даргын орлогч Ч.Ганзориг дуулгав. Хушаатын тариа, ногоог Орхон голын сав дагуух үржил шимт хөрсөнд тарьдаг. Энэ нь хуучнаар Цагаан толгойн сангийн аж ахуйн эзэмшлийн газар байжээ. Түүнчлэн Хушаатад төмс, хүнсний ногоо тарьдаг жижиг аж ахуйн нэгж, өрх олон гэнэ. Гэсэн ч ногоо боловсруулах, үйлдвэр байхгүй, зоорь нь багтаамж муутайгаас намрын намарт ногоочид бүтээгдэхүүнээ хямд борлуулах, үнэгүйдүүлэх асуудал үүсдэг аж. Зоорь, эсвэл нөөш бэлтгэх үйлдвэр барих хөрөнгөгүй, төсвөө төрийн ажилчдын цалин, бусад зардалд зарцуулаад таардаг гэсэн. Харин энэ жилээс малын хөлийн татварыг бүрэн, газар ашигласны татварын 50 хувийг сумын төсөвт төвлөрүүлэх шийдвэр Засгийн газраас гаргасан юм байна. Тэгвэл жилд 300 сая төгрөг сумын төсөвт төвлөрүүлэх тооцоо гарчээ. Үүгээр сумдаа юу хийвэл зохих талаар санал асуулгыг ч нийт иргэдийнхээ дунд явуулахаар төлөвлөснөө Ч.Ганзориг дурдсан. Сумын удирдлагын санаа бол газар тариалангийн болон малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд боловсруулах жижиг, дунд үйлдвэр, стандартын шаардлага хангасан зоорьтой болох зорилготой аж. Үүнээс гадна сумын төвд залууст хийх ажил байхгүй хэвээр, тариалангийн талбайд тэд ажиллах сонирхолгүй болсон аж. Тиймээс ч хавар, намрын ид ажлын үед өдөрт 40 000-50 000 төгрөгийн хөлсөөр ажиллах хүн олдохгүй, ерөнхийдөө ажиллах хүч дутагдалтай байгааг Ч.Ганзориг тодотгосон. Эндээс харахад, компаниуд өөрсдийн хүч боломжоор техник, технологио сайжруулж, ажилчдынхаа хөдөлмөрийг хөнгөвчилж, авах ургацын хэмжээгээ өсгөсөөр байна. Мөн салбарын яамнаас ч хөнгөлөлт, урамшуулал олгон, аль болох дэмжлэг үзүүлж иржээ. Харин тариан талбайд ажиллах, талх барихад оролцох хүмүүс улам цөөрсөөр. Манай улс хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээ дотоодоос бүрэн хангах, улмаар хүнс экспортлогч орон болох томоохон зорилт тавьсан. Гэтэл хүнс үйлдвэрлэлийн анхан шатны нэгж, үндсэн суурь болох газар тариалангийн салбарт ажиллах мэргэжилтэн, мэргэшсэн ажилчин, бүр туслах ажилчид ч нэн ховор байна.