Манай улсад өдгөө хөгжлийн бэрхшээлтэй 11 835 хүүхэд байна. Тэднээс 2422 нь хөдөлгөөний, 2263 нь оюуны, 1087 нь харааны бэрхшээлтэй аж. Мөн 825 нь хэл ярианы, 644 нь сонсголын бэрхшээлтэй. Үүний зэрэгцээ хавсарсан бэрхшээлтэй 1152 хүүхэд бий гэнэ. Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй, цэцэрлэгийн насны 1629 хүүхэд байгаагаас 63 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж буй. Харин үлдсэн хувь нь янз бүрийн шалтгаанаар цэцэрлэгт явж чадахгүй байгааг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлэв. Түүнчлэн 6-17 насны 8873 хүүхдээс 70.7 хувь нь сургуульд суралцаж байна. Харин сургуулийн насны 1800 орчим хүүхэд сурах эрхээ эдэлж чадахгүй байгаа гэнэ. Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаас илүү хувь нь боловсролын үйлчилгээнд хамрагддаг ч олонх нь ердийн бус, тусгай сургууль, цэцэрлэгт суралцдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэхийн тулд Боловсролын багц хуульд тодорхой заалт тусгах, тусгай хэрэгцээт боловсролын багш, холбогдох мэргэжилтнүүдийг үе шаттай бэлтгэх зэрэг арга хэмжээ авах ёстойг холбогдох албаныхан онцлов.
Бэлтгэсэн: М.Оч