Улсын математикийн 58 дугаар олимпиад болж, уржигдар дүнгээ гаргасан. Уг олимпиадыг Монголын математикийн олимпиадын хороо (ММОХ) зохион байгуулдаг. Тус хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, МУИС-ийн багш, доктор Г.Баярмагнайтай ярилцлаа.
-Энэ жилийн олимпиад ямар онцлогтой болов. Хэдэн баг оролцож, хэн ямар амжилт гаргав?
-Энэ жилийн олимпиадыг Монгол Улсын математикийн олимпиадын анхны аварга, МУИС-ийн профессор, доктор Ц.Баясгалангийн нэрэмжит болгон зохион байгууллаа. Олон улсын, улсын олимпиадад амжилттай оролцсон эмэгтэй оролцогчдыг алдаршуулахыг зорьсноороо онцлог боллоо. 21 аймаг, дүүргүүдийг төлөөлж дунд, ахлах ангийн сурагч, багш нараас бүрдсэн зургаа зургаан хүнтэй баг оролцсон. Нийт 170 орчим сурагч, 60 гаруй багш хамрагдлаа. Багийн дүнгээр тэргүүн байрт Сүхбаатар дүүрэг, дэд байрт Хөвсгөл, Орхон аймгийн баг шалгарлаа. Удаах байруудад Баянгол, Хан-Уул дүүрэг, Увс аймгийн баг багтсан. Хөвсгөлийн сурагч ирэх долдугаар сард болох олон улсын математикийн олимпиадад оролцох эрх авсныг онцолмоор байна. Ер нь орон нутгаас 6-7 жилд нэг хүүхэд олон улсын олимпиадад оролцох эрх авчээ. Энэ жилийн олон улсын олимпиад Норвегийн Осло хотод долдугаар сард болох ба боловсролоороо дэлхийд тэргүүлж буй 100 гаруй улсаас тус бүр зургаан сурагч, хоёр багш оролцоно.
-Олон улсад, дотоодод ч зарим хичээлээр олимпиад, уралдаан зохион байгуулдаг. Үүний ач холбогдол юу вэ?
-Математикийн олимпиадыг Европт XIX зууны сүүл үеэс, манайд хагас зуун жилийн өмнөөс зохион байгуулж иржээ. Энэ нь сэтгэлгээний цар хүрээ сайтай, оюуны өндөр чадвартай хүүхдүүдийг олж нээх, тэднийг сэтгэхүйг сорих, дараагийн түвшинд хүргэх зорилготой. Олон улсын математикийн олимпиадаас медаль хүртсэн сурагчийг дэлхийн топ сургуулиуд урилгаар суралцуулдаг. Учир нь тэд математикч болохгүй ч сонгосон мэргэжлээрээ дэлхийд тэргүүлэх түвшний чадвартай, хүн төрөлхтний хөгжлийг түүчээлсэн топ мэргэжилтэн болдог. Энэ замаар амжилттай замнаж буй ерөнхий боловсролын сургуулийн өнөөдрийн сурагч маргааш дэлхий түвшинд, шинжлэх ухаан, технологийн аль ч салбарт амжилт үзүүлж, хүн төрөлхтний хөгжилд дэм тус болно гэхэд хэтрүүлсэн болохгүй.
-Олимпиадад оролцох хүүхдүүдийг яаж олж, хэрхэн сонгон шалгаруулдаг вэ?
-Нэгдүгээр ангиас нь сонгон, бэлтгээд явдаггүй. Бидэнд социализмын үеэс тогтсон дэд бүтэц бий. Тодруулбал, ММОХ нь улсын хэмжээнд идэвхтэй ажиллан, олон арга хэмжээ зохион байгуулж, орон нутгийн багш нар ч идэвх зүтгэл гаргаж ирсэн. Үүний үр дүнд дунд, ахлах ангийн хүүхдүүдээ сонгон шалгаруулж, шат шатны уралдаанд оролцуулж, шигшиж бэлтгэдэг. Мөн эцэг, эхчүүд хүүхдүүдээ шалгуулж, бэлтгүүлэхээр багш нарт хандах нь бий.
-Манай улсын хүүхдүүдийн оюуны чадамж бусад орныхоос хэр түвшинд байдаг вэ. Олон улсын олимпиадаас медаль хүртсэн хүүхэд цөөнгүй бий.
-Бид олон улсын олимпиадад чамлахааргүй амжилттай оролцдог, медаль хүртсэн хүүхдийн тоо 100-гаас давсан. Тухайлбал, өнгөрсөн жил алт, мөнгөн медаль авсан хоёр сурагч энэ хичээлийн жилд MIT-д бүтэн тэтгэлэгтэй суралцаж буй. Хаанахын иргэн, аль үндэстнээсээ үл хамааран хүмүүс оюун чадамжийн хувьд ялгаагүй төрдөг болов уу. Харин аль орон авьяастнаа олж, сонирхлыг нь хөгжүүлж, сайн бэлтгэж чадсанаараа ялгардаг.
-Математикт амжилт гаргахад төрмөл авьяас чухал уу, хичээл чармайлт хэрэгтэй юү?
-Мэдээж тодорхой хэмжээнд авьяастай, сэтгэлгээ сайтай хүүхдүүд байдаг. Энэ бол гол хэмжүүр, гэхдээ чармайлт, зүтгэлгүйгээр юу ч хөгжихгүй. Мөн математикийн гоо сайхныг хүний оюун тархинд нь мэдрүүлж, сонирхлыг нь татах, зааж сургах, чиглүүлэх нь чухал. Математикийн гоо сайхан хэмээх ойлголт бий. Үүнийг зөвхөн оюун тархиараа мэдэрч, ойлгох бөгөөд хүн түүнд автдаг юм. Хэрэв энэ гоо сайхныг мэдэрч, шинжлэх ухаанд дурлавал багш зааж чиглүүлэхгүй ч өөрөө өөрийгөө хөгжүүлээд тодорхой түвшинд хүрэх боломжтой. Ер нь математикийн олимпиадад амжилт гарган, илүү ахисан түвшинд хүрч буй сурагчид стандарт бус, сэтгэлгээний чадвар өндөртэй байдаг.
-Эцэг, эхчүүдийн олонх нь хүүхдээ тооны хичээлдээ сайн сурахыг, сайнаар үнэлүүлэхийг харах дуртай. Тиймээс ч математикийн хичээлийн хоцрогдол арилгах, илүү сайжруулах сургалт олон байдаг. Долоо хоногт хоёр удаа л хичээллэдэг, нэг жилд 2-3 сая төгрөгийн төлбөртэй давтлага ч байна.
-Хүнд олон чадвар хэрэгтэй. Эдгээрээс хамгийн чухал нь сэтгэлгээний чадвар юм. Хүүхдүүдийн сэтгэлгээний чадвар, цар хэмжээг тодорхойлох нь олимпиадын нэг зорилго. Математик бол шинжлэх ухаан, инженерчлэл, техник, технологийн салбарын түлхүүр хэл юм. Хэн хэлийг эзэмшинэ, тэр амжилт гаргана гэсэн үг. Харин сэтгэлгээг хөгжүүлэхийг умартан автоматаар цээжлүүлж, тест бөглүүлж, томьёоны тусламжтайгаар тоо бодуулж сургаад байвал машин л бүтээж буй хэрэг. Юм цээжлэх, томьёонд тохируулж тоо бодох ажлыг робот ч хийнэ.
-Математикийн багш нарын хүрэлцээ хэр байгаа бол. Энэ чиглэлийн мэргэжил сонгож буй оюутны тоонд өөрчлөлт гарч байна уу?
-МУИС-д математикийн чиглэлээр элсэгчдийн тоонд өөрчлөлт гараагүй. Харин магадгүй чадварлаг элсэгчийн тоо цөөрсөн байх. Үүнд олон хүчин зүйл нөлөөтэй ч хамгийн гол нь сурлага сайтай, оюуны чадамж өндөртэй нэгнийг багш болгоход анхаарахаа больсон. Багшийн ажил хэцүү, цалин, хангамж тааруугаас ийм мэргэжлийг сонгох нь багаслаа гэсэн үг. Үүнд л төрийн бодлого хэрэгтэй байгаа юм.
Багш гэдэг бол хүүхдэд мэдлэг олгон, хичээл заадаг төдий хүн биш. Тэд хүүхдүүдийг үнэлж, дүгнэдэг учраас хамгийн ухаалаг, чадварлаг нэгэн байх учиртай. Ямар нэгэн байдлаар хүнийг дутуу, эсвэл илүү буюу ялгаварлан үнэлэх нь байж боломгүй хэрэг. Сурагчдыг зөв үнэлэх нь улсын хөгжил дэвшлийг тодорхойлох төдийгүй зөв нийгмийг бүтээхтэй холбоотой чухал асуудал. Боловсролыг тэргүүнд эрэмбэлдэг, боловсролтой хүмүүсийг эрхэмлэдэг улсад багшийн мэргэжилд онцгой чухал ханддаг.
Манай хороо нь төрийн бус байгууллага бөгөөд сайн дурын үндсэн дээр ажлаа гүйцэтгэдэг. Ивээн тэтгэгчид, математикт хайртай хүмүүсийн дэмжлэг бидэнд тун чухал. ММОХ төрийн бус байгууллагын ерөнхийлөгчөөр өдгөө “Монполимет” компанийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан, дэд хоёр ерөнхийлөгчөөр “Анд глобал” компанийн гүйцэтгэх захирал Ч.Анар, “Ондо” компанийн гүйцэтгэх захирал Д.Энхтүвшин болон “Космо” группийн ерөнхийлөгч Б.Батбаасан нар ажилладаг. Энд дурдаж буй захирлууд нь хүүхэд байхдаа улс, аймаг, дүүргийн математикийн олимпиадад тэргүүлж, амжилттай оролцож байсан. Өдгөө улс орондоо математикийн боловсролыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилго, сонирхол, сэтгэлтэй сэхээтнүүд болсныг нь хамтарч ажиллах хугацаандаа мэдэрч байна.
-Олон улсын математикийн олимпиадыг манай оронд зохион байгуулах боломж бий юү. Үүний тулд ямар бэлтгэл хангавал зохих бол?
-Олон улсын математикийн олимпиад түүхэндээ нэг л удаа завсардсан, энэ нь Монголд 1980 онд зохион байгуулагдахаар зарлагдаад цуцлагдсан явдал. Ямар шалтгаантайг нь мэдэхгүй. Мөн 1994 онд нэг удаа зохион байгуулахаар хүсэлтээ гаргаад чадаагүй юм билээ. Мэдээж бэлтгэл ажил их шаардалгүй яах вэ. Наад зах нь багш, сурагч нийлсэн 1000 хүн нэг дор хүлээн авна гэсэн үг. Үүнээс гадна төр, засгийн түвшинд олон улсын шинж чанартай олимпиад зохион байгуулахын ач холбогдол, үр дүнг ойлгох хэрэгтэй байна.
Хүн төрөлхтний өнөөдрийг хүртэл хуримтлуулсан мэдлэгийн хүрээнд шийдэгдэхгүй асуудал байгааг баталсан теором бий. Бүх мэдлэгийг нэг машин, роботод эзэмшүүллээ ч түүний чадахгүй зүйл гарч ирнэ гэсэн үг. Тийм мухардмал асуудлыг хүн л шийднэ. Өөрөөр хэлбэл, оюуны өндөр чадвартай, сэтгэлгээний цар хүрээ сайтай нэгэн асуудлын гаргалгааг олж, шинийг санаачилсаар явна. Тиймээс авьяаслаг, чадварлаг хүүхдүүдээ нээж, бэлтгэх ажлыг хэзээ ч орхигдуулж болохгүй.