ХХААХҮЯ-ны харьяа Малын удмын сангийн үндэсний төв (МУСҮТ)- ийн захирал Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт ашиглах биотехнологи, нөхөн үржихүйн лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл авах тендерийг будилаантуулж, хамаарал бүхий хүнээ шалгаруулжээ. Тус төвийн захирлаар ажиллаж байсан Д.Цолмон, ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, ахлах мэргэжилтэн Ү.Алтаншагай, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын мэргэжилтэн Б.Сайнхүү, тус газрын ахлах мэргэжилтэн Я.Алтангэрэл, Г.Сувдаа, “Глобал Монбинко” ХХК-ийн захирал О.Оргил нарыг 2017 оны арваннэгдүгээр сарын 17- нд нээсэн 799.9 сая төгрөгийн үнийн дүн бүхий дээрх тендерт 25 нэр төрлийн 46 ширхэг багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж дутуу нийлүүлсэн байхад “799.9 сая төгрөгийн үнэ бүхий багаж, тоног төхөөрөмжийг бүрэн хүлээж авлаа” гэсэн баримт бүрдүүлж өгсөн хэрэгт буруутгасан байна. МУСҮТ-ийн захирлаар П.Ганхуяг томилогдоод 2020 оны нэгдүгээр сард байгууллагын үндсэн хөрөнгийг тоолоход олон багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж дутуу нь ил болж. Шинжээчид энэ бүхнийг нь нягтлаад 186.2 сая гаруй төгрөгийн үнийн дүн бүхий дээрх тооны эд зүйл дутуу хүлээлгэн өгснийг тогтоосон аж. Уг тендерт МУСҮТ-ийн захирал асан Д.Цолмонгийн охины үүсгэн байгуулсан “Глобал Монбинко” ХХК-ийг шалгаруулсан бөгөөд нийтийн албан тушаалтан нь ашиг сонирхлын зөрчил үүссэнийг мэдсэн ч үл ойшоосон бололтой. Д.Цолмон мэдүүлэгтээ “Ашиг сонирхлын зөрчил үүсэж байгаа талаар үнэлгээний хорооны дарга болон гишүүдийн аль алинд нь хэлээгүй. Би тухайн үед нь үнэлгээний хорооны гишүүнээс татгалзаагүй явсан нь миний буруу” хэмээн өгүүлжээ.
НПГ-аас Д.Цолмон, М.Энх-Амар, Ү.Алтаншагай, Б.Сайнхүү, Я.Алтангэрэл, Г.Сувдаа нарт эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт хамтран оролцсон гэж яллах дүгнэлт үйлдсэн юм байна. Харин Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс М.Энх-Амар, Ү.Алтаншагай нарыг албан үүрэгтээ хайнга хандаж, тендерийн материалыг бүрэн гүйцэд хянан шалгаж, үнэлэлгүй дүгнэлт хийж, Д.Цолмонгийн хамаарал бүхий “Глобал Монбинко” ХХК-ыг сонгон шалгаруулсан гэж дүгнэжээ. Харин Б.Сайнхүү, Я.Алтангэрэл, Г.Сувдаа нарын албан үүрэгтээ хайнга хандаж, “Глобал Монбинко” ХХК-иас эд хөрөнгүүдийг нэг бүрчлэн хүлээн авалгүй “гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн” гэж тоног төхөөрөмж хүлээлцсэн актад гарын үсэг зурж баталгаажуулж, их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсон байна. Улмаар хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр М.Энх-Амар, Ү.Алтаншагай, Б.Сайнхүү, Я.Алтангэрэл, Г.Сувдаа нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Д.Цолмонг албан тушаалаа урвуулан ашиглаж, хамаарал бүхий аж ахуйн нэгждээ давуу байдал олгосон, “Глобал Монбинко” ХХК-ийн захирал О.Оргилыг энэ хэрэгт хамтран оролцсон, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэм буруутайд шүүх тооцоод МУСҮТ-ийн захирал асанд нийтийн албанд гурван жил ажиллах эрхийг нь хязгаарлаж, нэг жил зургаан сар хорих ял оноосон байна. Харин давж заалдах шатны шүүх Д.Цолмонгийн хорих ялыг нь нэг жил болгож бууруулсан аж.
Бэлтгэсэн: Г.РАВЖАА