Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвд ирүүлж буй өргөдөл, гомдлыг шийдвэрлэж буй үйл явцыг сайжруулах талаар Засгийн газрын харьяа газар, агентлагийн дарга нартай өчигдөр уулзлаа. Засгийн газрын тэргүүн “Авлигатай хийх тэмцэл амаргүй ч урагшилж байна. Бид энэ тэмцэлд ялах ёстой. УИХ, Засгийн газрын бодлого анхан, дунд шатанд замхарч болохгүй. Энэ оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор “11-11” төвийг Ерөнхий сайд шууд удирдлагадаа авсан. Үүнээс хойш ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд онцгой анхаарч, хянаж ажиллаж байна. Иргэдээс ирүүлж буй авлигатай холбоотой гомдол, мэдээллийг АТГ-ын утсаар шууд хүлээн авч байгаа. Албан тушаалтантай утсаар ярихгүй л бол эмнэлгийн цаг олддоггүй, даргын хүүхэд харьяаны бус цэцэрлэгт явж болдог, татварын байцаагч нар ажлаа хийснийхээ төлөө ресторанд үнэгүй хоол иддэг байж болохгүй. Төр иргэнээ алагчлалгүй, чин сэтгэлээсээ, тэгш, хүртээмжтэй үйлчлэх ёстой. Тиймээс анхан, дунд шатанд ажиллаж байгаа та бүхэн иргэдийн өргөдөл, гомдолд дүгнэлт хийж, дорвитой ахиц гаргаж ажиллах учиртай” хэмээн энэ үеэр онцлов.
Иргэд, олон нийтээс өнгөрсөн сард “11-11” төвд төрийн албан хаагчийн ёс зүй, хандлагатай холбоотой 233, авлига, хүнд суртал, хээл хахуулийн шинжтэй 728, Авто тээврийн үндэсний төв, нийтийн тээврийн талаар 460, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн 814 гомдол, мэдээлэл ирүүлсэн байна. Нийслэлд хамаарах гомдлын 80 хувь нь татварын болон нийгмийн даатгал, мэргэжлийн хяналт, үйлдвэр үйлчилгээ, газрын албаны байцаагч нартай холбоотой байжээ. Мөн төрийн албан хаагчид ажлын цаг баримталдаггүй талаар 1056 гомдол ирүүлжээ.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Р.Дагва “Улаанбаатарын хувьд иргэдийн өргөдөл, гомдлыг дунджаар 8.6 хоногт шийдвэрлэж байна. Нийт гомдлын 63-65 хувийг иргэдийн талд шийдвэрлэсэн. 20 гаруй хувь нь тухайн цаг үед шийдвэрлэх боломжгүй өргөдөл, гомдол байна. Цаашид дээрх хугацааг богиносгохоор зорьж байна” гэсэн бол ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун “Өргөдлийн 80 гаруй хувь тендер, тэр дундаа өрсөлдөөнийг илтэд хязгаарлаж, бусдад давуу байдал олгосон гэх гомдол эзэлж буй. Мөн төрийн хамгаалалттай байгууллагууд иргэдийн өргөдөл, гомдол хүлээн авах шуудангийн хайрцагтай байх нь зүйтэй” хэмээв. Түүнчлэн албан хаагчдын ёс зүй, үйл ажиллагаатай холбоотой гомдол, санал хүлээж авах ажилтантай болсноо МХЕГ-ын дарга Б.Баасандорж нь дуулгасан.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд “Нийгмийн хариуцлагын хүрээнд нэрээр хувийн байгууллагуудын машин тэрэг, хөрөнгө мөнгийг дайчилдаг, татвар, нийгмийн даатгалын байцаагч, нийслэл, дүүргийн үйлдвэр, үйлчилгээний зөвшөөрөл олгодог ажилтнууд баар, ресторанд үнэгүй хоол иддэг, зөвшөөрлийн сунгалтыг үндэслэлгүй удаашруулдаг зэрэг гомдол нийт саналын 70 хувийг эзэлж байна” гээд эдгээрийг нарийн шалгаж ажиллахыг үүрэг болголоо. Мөн нийтийн тээврийн чанар, хүртээмжийн талаар олон гомдол ирүүлдэг аж. Энэ долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн байгууллагуудын цахим хуудсанд “11-11” төвөөр дамжуулан илгээсэн санал, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээлэл сонсох юм байна.