УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Учрал, Ц.Туваан нар өнгөрсөн баасан гарагт Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. УИХ-ын дарга Г.Занданшатарын 2022 оны 08 дугаар захирамжаар эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэгтэй ажлын хэсэг байгуулсан бөгөөд тэд бүрэлдэхүүнд нь багтсан юм. Донорын тухай хуулийг анх 2000 онд батлан, 2012 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2018 онд шинэчлэн найруулсан. Мөн Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгад өнгөрсөн онд хоёр удаа өөрчлөлт оруулжээ.
Харин энэ удаа донорын насны доод хязгаарыг багасгаж, Монгол Улсын 21 насанд хүрсэн иргэн сайн дурын үндсэн дээр эрхтнээ бусдад шилжүүлэн суулгаж болохоор тусгасан байна. Одоо мөрдөж байгаа хуульд 25 нас гэж заасан байдаг. Мөн амьгүй донорын гэгээн дурсгалыг хүндэтгэх, эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой мэргэжлийн Ёс зүйн хороог эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байгуулах, нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан бий болгохоор тусгасан байна. Нэгдсэн бүртгэл нь ил тод, нээлттэй болох аж. Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас амьгүй буюу тархины үхэлтэй донорын оршуулгын тэтгэмжид санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр заасан гэнэ. Харин амьд донорууд жилд нэг удаа дотоодын рашаан сувилалд үнэ төлбөргүй сувилуулах эрхтэй болох нь.
Үүнээс гадна эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийнхэн Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албатай хамтран Цусны донорын болон Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний тухай хуулийн төсөл боловсруулж буй аж. Ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн эл хоёр төслийг нэгтгэн ойлгох нь зохисгүйг тодотгохын зэрэгцээ эмч, эмнэлгийн ажилтнуудын боловсон хүчний нөөцийн тогтвортой байдлыг хангаж, иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтойг онцолсон.
Цаашлаад тэд эмнэлгийн мэргэжилтний эрсдэлийн болон хариуцлагын даатгалын эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор судалгаа хийж, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж буй юм байна. Тодруулбал, эмч, сувилагч, эмнэлгийнхэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх явцдаа эрсдэлд орж, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гардаг. Тухайлбал, мэс заслын эмч, сувилагчдын нүдний салст руу хагалгааны явцад цус үсрэх, бохир багажинд хатгуулах зэргээс болж элэгний В, С вирусийн халдвар авч, цаашлаад элэгний хатуурал, хавдраар өвдөх эрсдэл үүсдэг. Иймд тэднийг даатгалд хамруулдаг байх эрх зүйн зохицуулалт бий болгох, эсэхийг судалж буй аж. Харин эмч, сувилагч зэрэг эмнэлгийн мэргэжилтнүүд үйлчлүүлэгчид хохирол учруулсан тохиолдолд хариуцлагын даатгалын талаар ярих учиртай. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгчид учруулсан хохирлыг даатгалаас нөхөн төлүүлж, хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэхээс илүү эвлэрлийн журмаар зохицуулдаг сайн туршлагуудыг судлах ёстойг салбарынхан нь хэлжээ. Жишээ нь, зарим улс оронд эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтний гэм бурууг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн тохиолдолд хохирлыг нөхөн төлдөг бол хохирлыг хэрэгцээнд нь тулгуурлан даатгалаас нөхөн төлдөг зохицуулалттай газар ч бий юм байна. Юутай ч эмнэлгийн мэргэжилтэнд учрах сэтгэл зүй, санхүүгийн дарамтыг багасгаж, үйлчлүүлэгчийн хохирлыг чирэгдэл учруулахгүй нөхөн төлөх давуу талтай байх боломжтой гэдэгтэй ажлын хэсгийнхэн санал нэгдэж буй гэнэ. Гэхдээ даатгалын тогтолцоог үр дүнтэй болгоход хураамжийн хэмжээ нь эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад санхүүгийн дарамт учруулахгүй, байгууллагаас нь тодорхой хувийг даадаг байх шаардлагатайг ажлын хэсгийн гишүүд хэлж байлаа.