Хүний эрхийн үндэсний комисс дахь хүний эрх хамгаалагчийн болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнд нэр дэвшигчдийн томилгооны сонсголыг өчигдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос зохион байгууллаа. Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигч С.Дондов нь 1984-1989 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн, 1989-1996 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч, дарга, 1996-2002 онд Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч, 2002-2010 онд “Хүний эрх, хөгжил төв” ТББ-д зохицуулагч, 2010 оноос Нийслэлийн өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгчөөр ажиллаж буй аж. Тэрбээр нэр дэвшиж буй тухайгаа “Олон жил хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулсны хувьд холбогдох төрийн бус байгууллагууд, форумын гишүүд болон үйлчлүүлэгчид маань ХЭҮК-ын гишүүнд нэрээ дэвшүүлэхийг удаа дараа санал болгож байсан. Залуу боловсон хүчнүүд нэрээ дэвшүүлэх нь зөв гэж үзээд, эхний хоёр удаа саналаас нь татгалзаж байлаа. Харин хүний эрхийн чиглэлээр хамтран ажилладаг хүмүүсээ хүндэлж, энэ удаа нэрээ дэвшүүлсэн. Мөн мэдлэг, туршлага маань хувь нэмэр болно гэж итгэж байна. Хэрэв сонгогдвол Хүний эрхийн үндэсний комиссын болон Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Хүний эрх хамгаалагчийн хороо байгуулж, үйл ажиллагаа явуулах журмыг нь баталж, идэвхтэй ажиллана” гэв. Нэр дэвшигч С.Дондов нь хүн худалдаалах гэмт хэргийн болон жендерт суурилсан хүчирхийллийн хохирогчдын эрхийг хамгаалах чиглэлээр идэвхтэй ажиллаж иржээ.
Сонсголын үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Нэр дэвшигчдийг харьцуулж сонгох боломжгүйгээр нэг хүнийг хэлэлцэж байгаагийн учрыг ойлгохгүй байна. Энэ хүнээ л сонгох ёстой юм уу. Нэрээ дэвшүүлсэн Т.Саруулыг хамтад нь оруулж болоогүй юм уу. Гэхдээ нэр дэвшигч С.Дондовыг сайн, эсвэл муу гэж хэлж байгаа юм биш шүү. Та хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладгийн хувьд тодорхой тоон мэдээлэл хэлэхгүй юү. Жишээ нь, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон хэчнээн хүн Монголд байна вэ. Түүнчлэн Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг боловсронгуй болгох чиглэлээр идэвхтэй ажилладгаа намтартаа дурдсан байна. Энэ чиглэлийн нөхцөл байдал ямар байгаа талаар та саналаа хэлнэ үү” гэхэд нэр дэвшигчдийг тодруулах ажлын хэсгийн ахлагч М.Үнэнбат “Хүний эрхийн үндэсний комисс дахь сул орон тоо нь нэг юм. Иймд ажлын хэсгээс нэг хүнийг танилцууллаа. Өөрөөр хэлбэл, хоёр нэр дэвшигчийг уламжлах боломжгүй. Өмнөх сонсголын үеэр танилцуулсан нэр дэвшигчдээс олонхын санал авсан нь С.Дондов” хэмээн тайлбарласан. Харин нэр дэвшигч С.Дондов “Манайд хүн худалдаалах гэмт хэргийн талаар 2000-аад оны үеэс ярьж эхэлсэн. “Хүний эрх, хөгжил төв” энэ чиглэлээр ХЭҮК-оос ч өмнө, хамгийн анх судалгаа хийж байлаа. Тухайн үед Эрүүгийн хуульд хүн худалдах болон худалдаалахтай холбоотой зохицуулалт ч байгаагүй. Энэ төрлийн гэмт хэргийн тоо сүүлийн жилүүдэд манайд тогтмол өсөж байгаа. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчоор 48 хүн бүртгэгдсэний 18-ыг нь өмгөөлж ажилласан. Хохирогчдыг нь төр заавал анхаарах ёстой. Төр, сүм хийдийн харилцааны өнөөгийн байдал тун ярвигтай байгаа. Нэгдсэн бүртгэл байдаггүй. Сүм, хийдүүдийн дийлэнх нь төрийн бус байгууллагын хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна. Урсгал, төрөл нь ч олон янз. Иймд тэдгээр урсгалыг дагаж, шүтэгчдийн хүний эрхийн байдлыг дордуулахгүйгээр зохицуулах шаардлагатай. Одоогийн хууль, эрх зүйн орчныг нь харвал буддын шашинтай холбоотой ойлголт, зохицуулалт давамгайлж буй. Энэ бүхнийг нарийвчлан заах нь зүйтэй” гэхэд гишүүн Б.Энх-Амгалан “Шашны тэр олон урсгал, чиглэлийг шүтдэг хүмүүс манайд тэр бүр байхгүй. Харин тухайн урсгалын ард байгаа зохион байгуулагчид нь хүмүүсийг хоол хүнс, хувцас хунар, байр сав гэх мэтээр татан, цуглуулж байгаад, хүчээр сургаж, татан оруулаад байгаа юм” хэмээн байр сууриа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Хүний эрхийг хамгаалахад зүрх сэтгэлээ зориулдаг цөөн хэдэн хүний нэг нь С.Дондов” гэж үнэлээд, түүн шиг Монголынхоо онцлогийг сайн мэддэг, туршлагатай зүтгэлтнүүдийг гадаадад, өндөр хөгжилтэй улсад энэ чиглэлээр сурч, тэс өөр хандлага, ойлголт тээн ирж байгаа залуу мэргэжилтнүүдтэй нэгтгэн ажиллуулах нь үр дүнтэйг хэлж байлаа. Мөн Нийтийн мэдээллийн ил тод байдлын, Хүний хувийн мэдээллийг хамгаалах болон Цахим гарын үсгийн тухай багц хуулийг энэ сарын 1-нээс мөрдөж байгаатай холбогдуулан ХЭҮК-ын ачаалал нэлээд нэмэгдэхийг гишүүн Н.Учрал дурдаад, энэ чиг үүргээ хэрэгжүүлэхэд төсөв, мөнгө нь хэр хүрэлцээтэй, эсэх талаар байр сууриа хуваалцахыг хүсэхэд нэр дэвшигч С.Дондов “Хүний эрхийн үндэсний байгууллагын төсөв хүрэлцээтэй байх ёстой. Ингэж байж хараат бусаар ажиллана. Энэ чиглэлд анхаарах болно. Төсвийн тодотголын хүрээнд 930 сая төгрөгийг хассан тухай мэдээлэл авсан” гэв. Хариуд нь гишүүн Н.Учрал “Хүний эрхийн үндэсний байгууллагадаа таван төгрөг төсөвлөж чадахгүй, харамлаж байгаа бол хүний эрхийг дээдэлсэн төртэй, хүний эрхийн мэдрэмжтэй бодлого, шийдвэр гаргана гэж юу байх вэ” хэмээн, ажлын хэсгийнхнээс тайлбар хүсэхэд МУИС-ийн багш О.Мөнхсайхан “ХЭҮК-ын эдийн засгийн хараат бус байдлыг хангах нь чухлаар тавигдаж байна. Хүний эрхийн үндэсний байгууллагаа төсвөөр нь дэмжиж, хангаж чадахгүй байгааг олон улсын байгууллагууд удаа дараа зөвлөмждөө анхааруулж буй. Хуулийг нь шинэчлэхээс өмнө энэ байгууллагын жилийн төсөв 1.4 тэрбум байсныг 3.2 тэрбум болгон өсгөсөн ч төсвийн тодотголоор 700 сая төгрөг хассан нь ухарсан алхам. Тэгсэн хэрнээ Жендерийн эрх тэгш байдлыг хамгаалах, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын болон Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай зэрэг тусгайлсан хуулиар ХЭҮК-т нэлээд олон чиг үүрэг нэмж, ажлаар дарж байгаа. Гэвч орон тоог нь нэмээгүй” гэв.
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэнийг ажлын хэсгийн есөн гишүүнээс зургаа нь дэмжжээ. Тэрбээр Дотоод хэргийн их сургуулийн багш бөгөөд “Эрүүгийн процессын эрх зүй ба хүний эрх” сэдвээр хичээл заадгийг нь онцолж байв. Түүнчлэн тэрбээр сургуульдаа сонсогчийн шүүх байгуулан, сургуулийн захиргаанаас оюутанд авах арга хэмжээг шударга байлгахад өөрсдийнх нь оролцоог хангах чиглэлээр шинэ санаачилга гаргасныг нь өндрөөр үнэлж байв. Мөн хүний эрхийн чиглэлээрх хуулиудад тогтмол саналаа өгч иржээ. Түүний талаар мэдээлэл цуглуулахаар тал бүрийн төлөөлөл бүхий 16 хүнтэй шинжээч уулзаж ярилцахад ам сайтай байсныг ч хэлж байлаа. Харин гишүүн Ц.Сандаг-Очир 1981 онд төрсөн, дөнгөж дөч гарч яваа залуугийн туршлагыг чамлаж буйгаа илэрхийлэхэд ажлын хэсгийн гишүүн, “Нээлттэй нийгэм форум”-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан “Шаардлагатай тохиолдолд 24 цагаар хяналт, шалгалт хийх ёстой энэ ажлыг хийхэд залуу хүний эрч хүч ихээхэн хэрэг болно” хэмээн хариулсан юм.