Өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, "Хөгжлийн Банкны чанаргүй зээлээс өчигдрийн байдлаар 165 тэрбум төгрөгийн өр төлөгдөөд байна. Цаашдаа Хөгжлийн банк хэвийн үйл ажиллагаа явуулахад эдгээр чанаргүй зээлийг яаралтай төлүүлэх зайлшгүй шаардлагатай. 2023 онд төлөх ёстой хоёр томоохон бонд бий. Нэг нь Евро бонд буюу Сэргэн мандалт нэртэй бондын 500 сая долларын өрийг 2023 оны аравдугаар сард төлөх ёстой. Мөн арванхоёрдугаар сарын 25-нд төлөх 725 тэрбум төгрөгийн Самурай бонд. Энэ хоёр бондоос онцгой анхаарах ёстой нь Самурай бонд. Учир нь энэ Засгийн газрын баталгаатай.
Чанаргүй зээлийг яаралтай төлүүлэхгүй бол бондын өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх эрсдэл бий. Тийм учраас чанаргүй зээлийг төлүүлэх ажилд Засгийн газар шуурхай ажиллана. Энэ жилд чанаргүй зээлийн 3/1-ийг төлүүлж, ирэх онд чанаргүй зээлийн мөнгөөр Самурай бондыг төлүүлэх зорилт тавин ажиллаж байна. Самурай бондыг бүрэн төлснөөр татвар төлөгчдийн мөнгөөөр төлүүлэх эрсдэлээс сэргийлэх зорилт тавин ажиллаж байна.
Нийтдээ 2.1 их наядын 40 аж ахуй нэгжийн чанаргүй зээл байна. Зургаан төрийн өмчийн үйлдвэрийн газар байна. Засгийн газраас чанаргүй зээлийн асуудлаар ажиллахад хуулийн байгууллагын оролцоо их чухал байгаа юм. Тухайлбал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, прокурор, АТГ, цагдаа зэрэг хүчний байгууллагын оролцоог нэмэгдүүлэхээр болсон. Үүнтэй холбогдуулан Хууль, дотоод хэргийн сайдаар ахлуулсан ажлын хэсэгт хүчний байгууллагын төлөөллийг оролцуулан өр барагдуулах ажлуудыг зохион байгуулах шийдвэр гарсан" хэмээн ярилаа.