УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд гишүүдийн асуултад хариулахдаа Монгол Улсын Төрийн далбаа мандуулсан хөлөг онгоцоор тээвэр хийхтэй холбоотой харилцааг зохицуулахаас гадна далайн баялаг хайх, ашиглах, олборлох, загас агнах, шинжлэх ухааны судалгаа хийх зэрэг боломжийг үүгээр бий болгоно хэмээн тодотгов. Мөн төслийн тавдугаар зүйлд “Төрийн захиргааны төв байгууллагын харьяанд Далайн захиргаа ажиллана”, зургадугаар зүйлд “хөлөг онгоцны бүртгэлийн үйлчилгээний орлогын 20-иос доошгүй хувийг хууль, тогтоомжийн хүрээнд далбааны эзэн улсын хяналтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зориулан захиран зарцуулна” гэсэн заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм.
Дараа нь Үндэсний статистикийн хорооны 2021 оны үйл ажиллагааны тайлантай танилцав. Хуралдааны төгсгөлд, Монголбанкнаас УИХ-ын дарга болон Эдийн засгийн байнгын хороонд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулахтай холбоотой албан бичиг ирүүлсэнтэй танилцаж, байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тайлбарлахдаа Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу системийн нөлөө бүхий банкууд энэ оны зургадугаар сарын 30-нд багтаан хувьцаагаа анхдагч зах зээлд арилжиж, нээлттэй хувьцаат болгон компанийн хэлбэрийг өөрчлөхөөр зохицуулалт оруулсныг тодотгосон. Улмаар Монголбанкнаас дээрх шаардлагыг хуульд заасан хугацаанд багтаан амжилттай хэрэгжүүлэхэд системийн нөлөө бүхий таван банкны төлөөлөл, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад байгууллагатай тогтмол хамтран ажиллаж, тодорхой арга хэмжээг тухай бүрт нь авч буйгаа дурдав. Мөн тэрбээр дотоод болон гадаадад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан олон улсын санхүүгийн байгууллагуудаас системийн нөлөө бүхий таван банк нь богино хугацаанд багтаан анхдагч зах зээлд хувьцаагаа олон нийтэд арилжих үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний хүндрэл бэрхшээл учирч болзошгүй гэсэн зөвлөмж, танилцуулга ирүүлснийг онцолсон. Тиймээс Монголбанкны зүгээс тэдгээр таван банкны хувьцааг нийтэд нээлттэй арилжихад тодорхой нөхцөл, шаардлагыг хангуулсны дараа эхлүүлэх нь хөрөнгө оруулагч болон банкны салбарын санхүүгийн тогтвортой байдалд нэмэр болно гэж үзэж, УИХ-д санал хүргүүлсэн гэв. Тэрбээр “Банкууд нь нэгэн зэрэг Хөрөнгийн биржид хувьцаагаа арилжих нь хоорондын өрсөлдөөнөөс гадна үнэ цэнд нь нөлөөлөх магадлалтай гэх үүднээс хугацааг нь сунгаж өгөх санал тавьсан” хэмээж байлаа. Ингээд банкуудын нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжих хугацааг сунгах зохицуулалтыг холбогдох хууль, тогтоомжид тусгах талаарх саналаа ирүүлэхийг Засгийн газарт чиглэл болгохоор байнгын хорооноос боловсруулсан төсөлд тусгасныг гишүүдийн олонх дэмжсэн юм.