Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваатай ярилцлаа.
-Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийг Улсын их хурлаас баталсан. Хууль батлах болсон шалтгаан нь үнийн өсөлтийг тогтворжуулах гэсэн. Үнийн өсөлтийн статистик мэдээллээс хуваалцахгүй юу?
-Өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар улсын хэмжээнд инфляц 14.4 хувьтай гарсан. Цар тахлын эхний үед буюу 2021 оны гуравдугаар сарыг дуустал инфляц харьцангуй бага гэж болох хоёр орчим хувьд байсан. Харин өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сараас нэмэгдэж эхэлсэн. Үүнд юуны түрүүнд махны үнийн өсөлт нөлөөлсөн. Учир нь зарим аймагт хаваржилт хүндэрч, мал хорогдон, махны нийлүүлэлт буурсан нь уг бүтээгдэхүүний үнийг өсгөн, инфляцад нөлөөлж эхэлсэн. Үргэлжлүүлэн 2021 оны хоёрдугаар улирлаас цар тахлаас шалтгаалсан тээвэр ложистикийн хүндрэл үүссэн. Түүнчлэн улс орнуудын мөнгө, төсвөө тэлэх бодлогоос үүдэн дэлхий даяар түүхий эдийн үнэ, ялангуяа нефть, хүнсний бүтээгдэхүүний ханш өсч эхэлсэн. БНХАУ-ын талаас цар тахлын тархалтыг хянах зорилгоор хилийн боомтуудын нэвтрэх хөдөлгөөндөө хатуу хяналт тавьж эхэлсэн нь манай импортын бараа, бүтээгдэхүүний үнийн өсгөх нэг нөхцөлийг бүрдүүлсэн. Улмаар ОХУ, Украин хооронд зэвсэгт мөргөлдөөн гарсан нь хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх дараагийн том шалтгаан боллоо. Ер нь ОХУ, Укриан нь дэлхийн зах зээл дэх улаан буудайн 30, ургамлын тосны 64, бордооны 15 хувийг нийлүүлдэг. Газар тариалангийн бүтээгдэхүүний томоохон ханган нийлүүлэгч энэ хоёр оронд зэвсэгт мөргөлдөөн гарсан нь дэлхийн хүнсний зах зээлд, тэр дундаа улаан буудайн төрлийн бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлж байна. Дээр дурдсан ийм олон шалтгаан, нөхцөл нь манай улсад нийлүүлэлт талаасаа инфляц өсч, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл болоод байгаа юм.
-Тэгэхээр УИХ-аас баталсан хууль үнийн өсөлтөд яаж нөлөөлөх бол. Үнэ буурах эерэг төлөв ажиглагдаж байна уу?
-Өмнө нь хэлсэнчлэн БНХАУ-ын зүгээс хилийн боомтууддаа тавьж буй хорио цээрийн улмаас манай экспортын хэмжээ буурч, орлого багассан. Энэ нь эдийн засгийн өсөлтийг удаашруулах том шалтгаан болж байна. Ийм хүнд нөхцөл байдалд, инфляц нэмэгдсээр байх нь иргэдийн амьжиргааны зардлыг өсгөн, ядуурлыг “гааруулах” эрсдэлтэй. Тиймээс УИХ-аас гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийг сааруулах зорилгоор хууль баталсан болов уу. Уг хуульд мах, гурил, шатахууны бэлтгэн нийлүүлэгч, үйлдвэрлэгчдэд зээлийн хүүгийн татаас олгон, татварын хөнгөлөлт үзүүлэх тухай заалтууд оруулсан. Хуулийн гол үр дүнг зах зээлд бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй байхад дэмжлэг болно гэж харж буй. Харин шатахууны ханш гадаад зах зээлээс хамааралтай учраас татварын зарим зохицуулалтаар үнийн огцом өсөлтийг сааруулж, сөрөг үр дагаварыг “зөөллөнө” гэж болно.
-Хууль батлагдсанаар бараа, бүтээгдэхүүний үнэ тогтворжино гэж ойлгож болох уу?
-Хууль батлагдсанаар бүтээгдэхүүний үнийг “барина”, эсвэл шууд хямдарна гэж ойлгож болохгүй. Хууль батлах нь үнийн өсөлтийн хурдыг сааруулж, эдийн засаг, иргэдийн амьжиргаанд үзүүлэх сөрөг үр дагаварыг багасгана гэсэн үг.
Эдийн засагт татаасгүйгээр буюу зардал гаргахгүйгээр бараа, үйлчилгээний үнийг төрөөс болон аль нэг байгууллагаас албадан тогтоох хэцүү. Хэрэв тодорхой түвшинд үнийг “бариад” эхэлбэл гажуудал, хомсдол үүсдэг. Хууль батлах нь тухайн бүтээгдэхүүний хангамжийг тасалдуулахгүй байх, үйлдвэрлэгч, нийлүүлэгчдийн зардлыг бууруулахад бодлогын дэмжлэг үзүүлж буй хэлбэр юм. Эл арга хэмжээ амжилттай хэрэгжвэл үнийн өсөлтийн хурдацыг бууруулж, иргэдийн худалдан авах чадварыг тодорхой хэмжээгээр хамгаалж чадна. Ер нь дунджаас доогуур буюу сард 500 000 төгрөгөөс бага орлоготой өрхүүд зардлынхаа 50 хувийг хүнс худалдан авахад зарцуулдаг. Ийм зардлын 75 хувь нь мах, гурил, будаа зэрэг цөөн нэрийн үндсэн бүтээгдэхүүнд ногддог юм байна. Өөрөөр хэлбэл, мах, гурилын үнийн өсөлт бага орлоготой айлуудад илүү хүнд тусдаг гэсэн үг.
-Засгийн газраас татаас олгон, нөөцийн хонины махны үнийг кг тутамд нь 350 төгрөгөөр хямдруулсан. Энэ нь инфяцад хэрхэн нөлөөлөл бол.
-Хэрэглээний сагсан дахь нийт хэрэглээний 8.5 орчим хувийг мах, махан бүтээгдэхүүн эзэлдэг. Тэгэхээр махны үнэ инфляцид голлон нөлөөлдөг гэж болно. Нөөцийн махны үнэ хямдрахтай зэрэгцэн зах зээл дэх махны дундаж үнэ багасвал мэдээж инфляц буурахад нөлөөлнө. Малын тоо толгойн хорогдол, төл бойжилтын статистикаас харахад энэ жил өвөлжилт, хаваржилт харьцангуй хүндрэлгүй байлаа. Өөрөөр хэлбэл, махны нийлүүлэлт талаас доголдол үүсэхгүй болов уу.
Ер нь инфляцын түвшин, тэр дундаа суурь инфляц өндөр байгаа нь төсөв, мөнгөний бодлого талаасаа үнийн өсөлтийн эсрэг арга хэмжээ авах шаардлагатайг илэрхийлж байна. Энэ утгаараа ч Төвбанк бодлогын хүүгээ өнгөрсөн сард өсгөн, энэ өдрүүдэд УИХ-аар төсвийн тодотголыг хэлэлцэж буй гэж ойлгосон.