Францын удирдагч Эмманюэль Макрон тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд албан тушаалдаа улиран сонгогдов. Тэрбээр дахин таван жил төр барих бүрэн эрхтэй боллоо. Сонгуулийн албан ёсны дүнг Францын Үндсэн хуулийн зөвлөл лхагва, эсвэл пүрэв гарагт батлах ёстой ч Э.Макронд өрсөлдөгч Марин Ле Пен нь хэдийн баяр хүргэжээ.
Өдгөө 44 настай Макрон хагас зуу гаруй жилийн өмнө генерал Шарль де Голлийн байгуулсан Тав дахь бүгд найрамдах улсын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхийлөгч хэвээр байна. Төр барих хүртлээ тэрбээр хувийн бизнес, төрийн албаны аль алинд амжилттай ажиллаж чадсан. 2016 онд “Бүгд найрамдах улс урагшаа” улс төрийн хөдөлгөөн байгуулж, жилийн дараа ялалтад хүрсэн билээ.
ЭМЧ НАРЫН ХҮҮ
Макрон 1977 оны арванхоёрдугаар сарын 21-нд “Нотр Дам” зэрэг Францын олон сүм хийдээрээ алдартай Амьен хотод мэндэлжээ.Тав дахь бүгд найрамдах улсын найм дахь Ерөнхийлөгч тэрбээр эмчийн гэр бүлээс гаралтай. Түүний эцэг мэдрэл судлалын эмч, профессор Жан-Мишель Макрон, эх нь Нийгмийн хамгааллын зөвлөх эмч Франсуа Ноуге.
Амьенд иезуитүүдийн үүсгэн байгуулсан хувийн лицейд Макрон суралцжээ. Тэрбээр сургуулийнхаа уран зохиолын багш, лицейд театрын бүлгийг удирддаг байсан Брижит Троньётой 2007 онд гэрлэсэн. Тэргүүн хатагтайг Ерөнхийлөгчийн хамгийн ойрын зөвлөх гэж үздэг. Брижит Төрийн тэргүүний бүх аялалд дагалдаж, хамгийн чухал үед зөвлөгөө өгдөг аж.
НЭР ХҮНДТЭЙ ГУРВАН АКАДЕМИЙН ТӨГСӨГЧ
Макрон Францын нэр хүндтэй гурван академийн дипломтой. Тодруулбал, Парис-Нантеррийн их сургууль, Метрополитаны улс төрийн шинжлэх ухааны хүрээлэн, Страсбургийн үндэсний удирдлагын сургуулийг төгсжээ. Страсбургийн сургууль нь түүнийг Санхүүгийн хяналт шалгалтын ерөнхий газарт очих замыг нээсэн аж. Үүнээс өмнө тэрбээр Нигери дэх Францын Элчин сайдын яаманд дипломатчийн дадлага хийсэн байна.
Залуу санхүүчийг эдийн засагч, улстөрч Жак Аттали анзаарчээ. Анхны социалист Ерөнхийлөгч Франсуа Миттераны зөвлөх асан тэрбээр мэргэжил нэгт залууд зөвлөмж өгдөг байж. Санхүүгийн байцаагчаас Макрон “Ротшильд” банк руу шилжиж, тун удалгүй менежерүүдийн нэг нь болсон гэнэ. 2012 онд төрийн албанд буцаж орохоосоо өмнө тэрбээр хоёр сая еврогийн орлого олж чаджээ.
БАРУУН, ЗҮҮН ГЭЖ ХУВААГДАХЫГ ДЭМЖДЭГГҮЙ
Ерөнхийлөгчийн сонгуулийн анхны кампанит ажлынхаа үеэс Макрон улс төр дэх баруун, зүүний хуваагдлыг даван туулах шаардлагатайг зарласан. Шинжээчдийн олонхын үзэж байгаагаар залуу нэр дэвшигчийн эзлэх сонгуулийн өмнөх орон зай давчуу, улс төрийн тавцанд уламжлалт намууд ноёрхож байв. Зүүний тал сонгогчдын бараг 40, барууны жигүүрт “Бүгд найрамдахчууд” болон “Үндэсний фронт” 30 хувийн дэмжлэг авдаг байжээ. Гэсэн ч Макрон улс төрийн шатрын тавцангийн төвд сонгуулийн эвсэл байгуулах боломжид эргэлзсэнгүй. 2017 оны тавдугаар сарын 7-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтаар “Бүгд найрамдах улс урагшаа” хөдөлгөөний тэргүүн 66 хувийн санал авч, Францын найм дахь Төрийн тэргүүнээр сонгогдов.
Макрон сонгогдсоныхоо дараа Францын улс төрийн зүүн жигүүрийг үл тоомсорлосон хэмээн зарим холбоотон нь шүүмжилжээ. Зүүн, зүүний төвч үзэлтнүүд олон санал авсан тул сонгогдсон Ерөнхийлөгч тэдний бодлоор социал демократ чиг бодлого баримтлах ёстой байсан аж. Гэвч тэрбээр барууны талд мөрий тавьж, баруун төвч үзэлтнүүдийн “Бүгд найрамдахчууд” намын Эдуард Филиппийг Ле Гавр хотын даргаар томилжээ.
БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛНА
Шинэ бүрэн эрхийн хугацаанд Макрон хараахан хэрэгжээгүй байгаа тэтгэврийн шинэчлэлийн ажилд эргэн анхаарах гэж байна. Тэрбээр “Илүү их ажиллах хэрэгтэй” гээд тэтгэврийн насыг 65 болгох санал дэвшүүлжээ. Бас боловсролын системд тэгш хүртээмжтэй байдал, байгуулсан гавьяаг үнэлдэг тогтолцоог сэргээхээ амлалаа. Мөн ахмадууд нас дээр гарсан хойноо орон сууцдаа үлдэх, асрамжийн газрын нөхцөлийг “хүмүүнлэгжүүлэх” хөтөлбөрт Францын Ерөнхийлөгч онцгой анхаарал хандуулахыг зорьж байна.
Марсель хотод болсон цуглааны үеэр Макрон хоёр дахь бүрэн эрхээ байгаль орчныг хамгаалахад зориулахаа мэдэгдэв. Франц улс хөгжингүй орнуудаас хамгийн түрүүнд нефть, байгалийн хий, нүүрснээс татгалзах гэнэ. Үүнийг атомын шинэ цахилгаан станц байгуулах, салхин цахилгаан станцын паркийг өргөтгөх замаар хэрэгжүүлнэ. Түүний хэлснээс үзвэл Ерөнхий сайд Жан Кастексийг (2020 оны долдугаар сард цар тахлын эсрэг тэмцлийг удирдахаар үүрэгт ажлаа хүлээн авсан) байгаль орчны төлөвлөлтийг удирдан чиглүүлэх Засгийн газрын шинэ тэргүүнээр солих аж.
Украины мөргөлдөөнтэй холбоотойгоор дипломат нягт хамтын ажиллаагааны улмаас Макрон сонгуулийн кампанит ажилд хожуу буюу хоёр дахь шат болохоос 14 хоногийн өмнө нэгдсэн. Тэрбээр Украины мөргөлдөөнийг зохицуулахын тулд Оростой яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн билээ. “Бид хүчтэй байх ёстой, хэнийг ч орхигдуулахгүй. Ирэх жилүүд тайван биш ч түүхэн жилүүд байх болно” гэж ялалтын цуглааны үеэр хэлжээ. ”Шинэ бүрэн эрхийн хугацаанд эхний таван жилийн төлөвлөгөөгөө үргэлжлүүлэхгүй, харин шинэчилнэ” гэж БНФУ-ын Төрийн тэргүүн тэмдэглэв.