Өнгөрсөн мягмар гаргийн үдээс хойш УИХ дахь Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороо хуралдаж, тулгуурт гүүрэн байгууламж бүхий “Улаанбаатар” хөнгөн галт тэрэг (LRT)-ний шугам тавих төслийн талаар мэдээлэл сонссон. Уг тээвэр нь гурван трасстай бөгөөд эхний ээлжид Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, “Буянт-Ухаа 2” хороолол орчмоос Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо, Сансарын тойрог хүртэл нийт 18.1 км шугамын бүтээн байгуулалтын ажлыг ирэх сард багтаан эхлүүлэхээр төлөвлөж буй. Хоёрдугаар трасс нь Шар хаднаас Толгойт хүртэл 17.5, гуравдугаар трасс нь Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс Зунжин хүртэл 14 км байхаар тооцжээ. Одоогийн байдлаар эхний шугамын ТЭЗҮ болон байгаль орчны үнэлгээг хийгээд буй бөгөөд төсөвт өртөг нь 926 орчим сая ам.доллар. Нэг километрийн зардал 51.1 сая ам.доллар байна гэсэн үг. Санхүүжилтийн 15 орчим хувийг нийслэлийн төсвөөс, 85 хувийг БНХАУ-аас авах зээлээр хийнэ. Эхний шугамыг 2024 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулж, туршилтын галт тэрэг явж эхэлнэ, түгжрэл 25 хувиар буурна хэмээн тооцсон байна. Түр хорооны хуралдаанаас Тулгуурт байгууламж бүхий хөнгөн галт тэрэг төслийг дэмжих тухай тогтоолыг дэмжиж, санхүүжилтийн тодорхой хувийг гүйцэтгэгчтэй тохирохын тулд Засгийн газар өрийн баталгаа гаргахтай холбоотой төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан юм.
Улмаар дараагийн өдөр нь буюу лхагва гарагт Засгийн газраас төсвийн тодотголтой хамт “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх хөгжлийн төсөл, арга хэмжээг эрчимжүүлэх тухай тогтоолын төслийг өргөн барив. Тодруулбал, хөнгөн галт тэргийн төслийн санхүүжилтийн 50 хувь буюу 510 сая ам.долларт Засгийн газраас баталгаа гаргахаар уг төсөлд тусгасан байна.
Харин пүрэв гарагт Төсвийн байнгын хорооны хуралдаанаар төсвийн тодотголыг дагалдах төслүүдийн хамт хэлэлцэх байсан ч хөнгөн галт тэрэгний шугам тавих санхүүжилттэй холбоотой тогтоолыг хэлэлцээгүй юм. Энэ нь өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдааны үеэр “хэрүүлийн алим” болж, гишүүд хот, хөдөөгөөрөө талцан, ширүүхэн маргалдлаа. Нийслэлээс сонгогдсон гишүүд болон Улаанбаатарын удирдлага, төслийг нь хэлэлцүүлээгүй Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар нарын хэрүүл хууль тогтоох байгууллагын танхимаас хальж, амралтын өдрүүдэд нийгмийн сүлжээнд үргэлжлэв. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар тэргүүтэй Улаанбаатарын удирдлага өчигдөр сэтгүүлчидтэй албан бус уулзалт хийж, төслийнхөө талаар мэдээлэл өгсөн юм. Тиймээс талуудын байр суурийг хүргэж байна.
Ч.ХҮРЭЛБААТАР: Засгийн газрын баталгаа нь зээлтэй адилхан
-Энэ төслийг хэлэлцээд эхэлбэл төсөв тодотгох үйл явц хууль бус болно. Төсвийн тусгай шаардлагыг хангахгүй, өрийн босгыг давах учраас уг төслийг хэлэлцүүлэх боломжгүй. Ер нь гурван тэрбум төгрөг хэмнэх гээд бөөн юм болж байж гурван тэрбум ам.долларт баталгаа гаргах төсөл оруулж ирж буйгаа бодоод үзээрэй, та нар. Энэ бол гурван тэрбум ам.долларын зээл л гэсэн үг. Процедурын хувьд Засгийн газрын баталгаа бол зээлтэй адилхан. Дэлхийн аль ч оронд ийм л байдаг. Тэр тусмаа Засгийн газар баталгаа гаргаж байхгаа тохиолдолд төлөгдөхгүй бол Монгол Улсад өр болж үлдэнэ гэсэн үг. Өрийн хэмжээ нэмэгдлээ гэж яриад байгаатай чинь огт нийцэхгүй байна. Энэ агуулгаараа уг тогтоолын төсөл нь хоёр хуультай зөрчилдөж байна. Юуны түрүүнд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан өрийн хязгааруудыг давахгүй байх ёстой. Гурван чиглэлд хөнгөн галт тэрэг барих уг төслийг 2.8 тэрбум ам.доллароор хэрэгжүүлнэ. Чиглэлүүдийн ТЭЗҮ-ийг нь хамтад нь гаргадаг. ТЭЗҮ дээрх тооцоогоор буюу 2.8 тэрбум ам.долларт баталгаа бичих ёстой. Энэ онд өрийн босго ДНБ-ий 70 хувьтай тэнцэж байгаа. 1.6 тэрбум ам.долларын орон зай л бидэнд байгаа гэсэн үг. Ирэх жил өрийн босгыг 64 хувь болгоно. Дараагийн жилд өрийн босго буурч байгаа учраас уг төсөл үүнтэй зөрчилдөнө. Өрийн хязгаарыг давбал Монгол Улс дампуурах ч эрсдэлтэй.
Бас дөнгөж байгуулж буй, регистрийн дугаараа ч аваагүй байгаа компанид Засгийн газрын баталгаа гаргаж өгөх гэж буй нь Өрийн удирдлагын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчинө. Хууль зөрчиж байгааг мэдсээр байж би хэлэлцүүлэг явуулах боломжгүй. Үүний цаана нэг, эсвэл мянган хүний эрх ашиг байхаас үл хамааран хуулийг сахиулах үүрэгтэй. Монгол Улсын өрийг хэдэн тэрбум ам.доллароор нэмэх энэ төслийг УИХ-ын 76 гишүүн битгий хэл, улсаараа, нийтээрээ хэлэлцсэн ч яах вэ. Ер нь урьд орой нь түр хороогоор ярьж, шийдчихээд маргааш нь хэлэлцүүлсэнгүй гэж байгаа хандлага чинь буруу шүү. Ийм том төслийг удаан ярьж байж шийдэх ёстой. Их мөнгөний үнэр авсан хүн чичирч, дайрлаа гээд үүнийг хууль зөрчүүлэн хэлэлцүүлж чадахгүй.
Д.СУМЪЯАБАЗАР: Зээл биш, баталгаа учраас Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчихгүй
-Гурван тэрбум ам.доллар гэж дураараа яриад байх юм. Бид ТЭЗҮ боловсруулсан компанийнхантай ярилцаж, зардлаа дахин бууруулахаар төлөвлөж байгаа. Тухайлбал, эхний шугамын нийт зардал болох 926 сая ам.доллароос Монголын талын татвар, хураамжийг хасвал 866 саяд хүрэхээр байгаа. Бид бүр 700 сая руу оруулах гарц, гаргалгаа хайж байна. УИХ-ын индрээс хэлж байгаа үг бүр хариуцлагатай байх ёстой. Би УИХ-д гурван удаа сонгогдож байсан. Байнгын хорооны дарга гэхээрээ нийслэл хот, хөрш зэргэлдээ улс, Монгол Улсын гадаад бодлогыг бүхэлд нь үгүйсгэн ярьж болдог юм уу. Энэ оны хоёрдугаар сард БНХАУ-д хийсэн Ерөнхий сайдын айлчлалын үеэр манай талаас тавьсан дөрвөн том саналын нэг нь хөнгөн галт тэрэгний шу
гам тавих төсөлд техникийн болон бусад талын туслалцаа үзүүлэх байсан. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх ТЭЗҮ-ийг Хятадын талаас үнэгүй хийж өгсөн. Дараагийн хоёр шугамын ТЭЗҮ-ийг тухайн үед нь тус тусад нь хийнэ. Тэр болгонд УИХ-д танилцуулж, шийдвэр гаргах учиртай. Гэтэл бүгдийг нь хамруулаад гурван тэрбум гэж яриад байх юм.
Хятадын талаас уг төслийн санхүүжилтийг нь арилжааны шугамаар шийдвэрлэхэд хамтран оролцохоо илэрхийлж буй. Засгийн газраас баталгаа гаргаад өгвөл нөгөө талд эх үүсвэр нь бэлэн байгаа. Хамгийн гол нь Монгол Улсад хөрөнгө оруулагчид итгэхгүй байна. Засгийн газар 510 сая ам.долларт нь баталгаа гаргачихвал хүү нь гурван хувь болж буурна. 2.5 жил буюу богино хугацаанд хэрэгжүүлэх учраас Хятадын тал санхүүжилтийн 85 хувийг нь урьдчилаад олгох боломжтой гэсэн. Нөгөө талаас орон нутгийн түвшинд анх удаа хийж байгаа ажил учраас Засгийн газрын баталгаа хэрэгтэй. Үлдэгдэл санхүүжилтийг нь нийслэлийн төсөвт тодорхой зохицуулалт хийж гаргана. Энэ бол зээл биш, баталгаа учраас Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчихгүй. Мөн Өрийн удирдлагын тухай хуулийг зөрчөөгүй.
2009 оноос хойш манайд массын тээвэртэй холбоотой таван удаагийн судалгаа хийсэн байдаг. Үүнээс хоёр нь хөнгөн галт тэрэгтэй холбоотой. 2011-2013 онд БНСУ-ын компаниар хийлгэсэн судалгаагаар нэг км нь 57 сая ам.долларын өртөгтэй байсан. Тухайн үеийн ханшаар шүү дээ. Одоо яригдаж байгаа 51 сая ам.долларт дагалдах бүх зардал, тооцоо нь багтсан. Томоохон төсөл хэрэгжүүлэхийн тулд компани байгуулдаг. УИХ шийдвэрээ гаргасны дараа төслийн компаниа байгуулна.