Монгол Улсын хэмжээнд 2021 оны байдлаар нийт 208 864 төрийн албан хаагчид ажиллаж байгаагаас төрийн улс төрийн албан тушаалтан 4 165 байна. Энэ нь нийт төрийн албан хаагчдын 2.0 хувь. Төрийн захиргааны албанд 21 135 албан хаагч буюу 10 хувь, төрийн тусгай албанд 45 899 албан хаагч буюу 22 хувь, төрийн үйлчилгээний 137 665 албан хаагч буюу 66 хувь байна. Төрийн үйлчилгээний 137 665 албан хаагчдын 58 хувь буюу 79 мянган албан хаагчид боловсролын салбарт, 23 хувь буюу 32 мянган албан хаагчид эрүүл мэндийн салбарт, 1.5 хувь буюу 2.0 мянган албан хаагч шинжлэх ухааны салбарт, 4.0 хувь буюу 5.5 мянган албан хаагч соёл урлагийн салбарт, 13.5 хувь буюу 18.6 мянган албан хаагч төрийн үйлчилгээний бусад байгууллагад ажиллаж байна.
Төрийн үйлчилгээний албан хаагчдын сарын үндсэн цалингийн хэмжээг салбараар харуулбал:
✓ Төрийн үйлчилгээ (нийтлэг)-ний албан хаагч (ТҮ)-ийн цалин 488.0 - 979.2 мянга;
✓ ШУ-ны салбарын төрийн үйлчилгээний албан хаагч (ТҮШУ)-ийн цалин 740.3 - 1186.7 мянга;
✓ СУ-ийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагч (ТҮСУ)-ийн цалин 590.9 - 995.8 мянга;
✓ ЭМ-ийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагч (ТҮЭМ)-ийн цалин 616.6 - 1039.1 мянга;
✓ ЭМ-ийн салбарын төрийн үйлчилгээ (нийтлэг)-ний албан хаагч (ТҮЭМ)-ийн цалин 546.2 - 1039.1 мянга;
✓ СӨБ болон бага, дунд боловсролын салбарын төрийн үйлчилгээний албан хаагч (ТҮБД)-ийн цалин 663.4 - 964.9 мянга;
✓ Мэргэжлийн боловсролын салбарын төрийн үйлчилгээний албан хаагч (ТҮМБ)-ийн цалин 709.8 - 995.8 мянга байна.
Төрийн үйлчилгээний болон боловсрол, эрүүл мэндийн салбарын төрийн албан хаагчид үндсэн цалингаас гадна дараах нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшууллыг авч байгаа бөгөөд эдгээр нь үндсэн цалингийн 60 орчим хувьтай тэнцэж байна.
Үүнд:
- Төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл (5-25 хувь);
- Доктор, профессорын нэмэгдэл (10-20 хувь);- Ур чадварын нэмэгдэл (10-25 хувь);
- Мэргэшлийн зэргийн нэмэгдэл (10-20 хувь);- Зэрэг дэвийн нэмэгдэл (10-48 хувь);- Орон нутагт ажилласны нэмэгдэл (10-20 хувь);
- Хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл (10-30 хувь);
- Үр дүнгийн урамшуулал (10-25 хувь);
- Нэмэгдэл хөлс (илүү цагаар, шөнийн цагаар, амралт, баяр ёслолын өдөр ажилласан тохиолдолд дундаж цалин хөлсийг 1.5-2.0 дахин нэмэгдүүлж олгох);
Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчид дунджаар 62.5 хувийн, соёлын салбарын албан хаагчид дунджаар 42.5 хувийн, шинжлэх ухааны салбарын албан хаагчид дунджаар 45 хувийн, төрийн үйлчилгээний бусад албан хаагчид дунджаар 40 хувийн нэмэгдэл авч байна.
Мөн эдгээр салбарын албан хаагчид Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасан илүү цагаар болон шөнийн цагт ажилласны нэмэгдэл хөлс болон үр дүнгийн 10-25 хувийн урамшуулал олгож байна. Харин улсын дундаж цалин гэдэг бол үндсэн цалин дээр нэмэгдэл хөлс ороод суутгал, шимтгэл, татварууд тооцогддог нийт хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого гэх дүнг хэлдэг.
Энэ удаагийн төсвийн тодотголд нийтлэг ТҮ-гийн шатлалыг бусад салбарын ТҮ-тэй нэгэн адил нэг шатлалт цалингийн системд оруулна. Жишээ нь ТҮ-1-1 одоо тавдугаар сарын 1-нээс ТҮ-1-5-аар цалинжина. Зургаар илүү ойлгомжтой орууллаа. Нийт 43 мянган ТҮ албан хаагчдийн цалингийн санд нэмэлтээр 34 тэрбум төгрөг тавигдсан. Харин нийт ТАХ цалин хөлс, ангилал зэрэглэлийн 2023 оны нэгдүгээр 1-нээс даган мөрдөхөөр шинэчлэл болон төсвийн тооцоолол хийж байна.