Нэрт хөлбөмбөгч К.Роналду гэр бүлд нь тохиолдсон эмгэнэлт явдал буюу дөнгөж төрсөн хүү нь нас барсан тухай зарлалаа. Түүний найз бүсгүй Жоржина ихэр хүү, охин тээж байсан ч хүү нь төрөх үедээ эндсэн байна. “Дөнгөж төрсөн хүү минь нас барсан гашуудалт мэдээг бид дуулгаж байна. Эцэг, эхэд тохиолдож болох хамгийн том уй гуниг бидэнд тохиолоо. Нярай охин маань л энэ үеийг итгэл найдвар, баяр хөөрөөр даван туулах хүчийг бидэнд өгч байна. Эмч нарын тусламж, дэмжлэгт баярлаж талархсанаа илэрхийлье. Бидний сэтгэл санаа маш хүнд байгаа учир хувийн орон зайг минь хүндэтгэхийг хүсье. Хүү минь чи бидний сахиусан тэнгэр. Бид чамайгаа үүрд хайрлана” гэсэн мэдэгдлийг хосууд гаргажээ. Эл эмгэнэлт явдлын шалтгаан, нөхцөл байдлын талаар тэд мэдээлээгүй байна.
Найз бүсгүй нь хөл хүнд болсон талаар К.Роналду 2021 оны аравдугаар сард анх мэдээлсэн юм. “Ихрүүдтэй болох гэж буй мэдээг хуваалцаж буйдаа баяртай байна. Бид хоёрын зүрх сэтгэл хайраар дүүрэн байгаа. Хүүхдүүдийнхээ төрөхийг тэсэн ядан хүлээе” хэмээн Криш тухайн үед хэлсэн. Охиноо төрөхөөс өмнө К.Роналду, Ж.Родригес нар дөрвөн хүүхэд өсгөж байв. Жоржинаг Криштианутай танилцах үед нэрт тоглогч Бага Криштиану хэмээх хүүтэй байсан агаад хосууд 2017 оны зургадугаар сард Матео, Ева нэртэй ихэртэй болсон. Гэхдээ тэд ихрүүдээ тээгч эхээр төрүүлсэн юм. Мөн оны намар Жоржина Алан охиноо төрүүлжээ.
Криштиану, Жоржина нар зургаан жилийн өмнө танилцсан. Тэрхүү мөчийн талаар Жоржина “Тэр өдөр би 17.00 цаг хүртэл дэлгүүртээ ажиллах ёстой байлаа. Гэвч ажлынхан минь намайг дахин хагас цаг хүлээхийг хүссэн юм. Дэлгүүрээс гараад бараг хоёр метр өндөртэй маш царайлаг залууг олж харсан. Тэрбээр хүү, бас найзуудтайгаа явж байсан юм. Хүү нь надтай мэндлэх үед түүнийг залуу бүсгүйтэй мэндэллээ хэмээн бусад нь шоолж эхэлсэн. Тэр үед надад тун сонин мэдрэмж төрж, “Би яагаад байна аа” гэсэн бодол орж ирж байлаа. Би Криштианугаас харц салгаж чадахгүй байсан” хэмээн “Netflix”-ийн баримтат кинонд ярьсан түүхтэй.
Нэрт тоглогчийн гэр бүлд тохиолдсон эмгэнэлт явдалд харамсан гашуудаж буйгаа илэрхийлсэн мэдэгдэл, сэтгэгдлийг “Спортинг”, “Реал”, “Ювентус”, “Манчестер юнайтед” баг, хуучин болон одоогийн багийн андууд, нэрт тамирчид, нийгмийн зүтгэлтэн, инфлюнсерүүд илэрхийлсээр байна. К.Роналдугийн хувьд дөрөвдүгээр сар энэ улирлын хамгийн хүнд үе нь юм. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө болсон “Эвертон”-ы эсрэг тоглолтын дараа талбайгаас гарч явахдаа бичлэг хийсэн хөгжөөн дэмжигчийн гараас утсыг нь цохиж унагасан хэрэгт орсон. Тэрхүү хэлмэгдэгч нь аутизмтай хүү байсан нь байдлыг улам хүндрүүлсэн юм. К.Роналду олон нийтийн сүлжээгээр уучлалт гуйсан ч хүүгийн ээж португал тоглогчийг ихэд шүүмжилсэн ярилцлага өгсөн. Түүнчлэн энэ улирал дууссаны дараа “Манчестер юнайтед” багт ирэх “Аякс”-ын дасгалжуулагч Э.тен Хаагийн төлөвлөгөөнд К.Роналду багтахгүй байгаа гэсэн мэдээлэл гараад буй.
Нэмж хэлэхэд, тэрбээр 2006 оноос хойш анх удаа ямар нэг цомгүйгээр улирлыг дуусгаж байгаа төдийгүй баг нь “Аваргуудын лиг”-т тоглохгүй байх эрсдэл тулгарсан.
Бэлтгэсэн Э.Манлайбаатар