Төсвийн тодотголын төслийг хэлэлцэж эхэллээ
Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг дагалдах төслүүдийн хамт Засгийн газар өчигдөр УИХ-д өргөн барилаа. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 245.3 тэрбум төгрөгөөр буурч 15.5, нийт зарлага мөн 245.3 тэрбум төгрөгөөр багасаж 17.9 буюу алдагдлын хэмжээ 2.4 их наяд төгрөг байхаар төсөлд тусгажээ.
1500 ГАРУЙ ОРОН ТООГ ХАСАХААР ТООЦЖЭЭ
Энэ удаагийн төсвийн тодотголтой хамт Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг УИХ-д анх удаа өргөн барьсан. Уг төсөлд хуульд тусгайлан заагаагүй бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг УИХ болон Засгийн газрын харьяа агентлагууд, төрийн өмчит үйлдвэрийн газрууд дэд, орлогч даргатай байхыг хориглохоор тусгажээ. Тухайлбал, нийслэлийн Засаг дарга хоёр хүртэл, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүүгүй орлогч даргатай болох нь. Мөн Улаанбаатарт том оврын автомашин хэрэглэх, орон нутагт албан томилолтоос бусад тохиолдолд төрийн албан хаагчид төсвийн зардлаар албан тушаалын автомашин ашиглахгүй байхаар заажээ. Төсөвт байгууллагын удирдлагууд бие дааж, орон тоо нэмэх шийдвэр гаргах, үндсэн цалин, нэмэгдэл, урамшуулал олгохыг хориглохоор төсөлд оруулсан байна. Засгийн газраас өргөн барьсан хэлбэрээр төсвийг тодотговол конторын барилга зургаа, наадмын талбай гурав, соёлын төв долоо, спорт заал, цогцолбор гурав, усан бассейн хоёр, албан тоног төхөөрөмж 18, их засварын ажил 12, орон нутгийн тохижилтын ажил зургаа, нийтийн эзэмшлийн зам, талбайн засвар, үйлчилгээний ажил гурав гээд нийт 33 арга хэмжээг энэ оны хөрөнгө оруулалтаас хасах юм. Үүнд “Айргийн өргөө” хэмээх анхаарал татаж, шүүмжлэл дагуулсан бүтээн байгуулалт ч багтаж буй бөгөөд цаашид хөшөө, дурсгал, угтах, үдэх хаалга зэрэг орон нутгийн шинж чанартай төслүүдийг улсын төсвөөс санхүүжүүлэхийг энэ хуулиар хориглохоор тусгажээ. Ингэснээр үйл ажиллагааны болон удирдлагын зардлыг 20 гаруй хувиар хэмнэж, 1500 гаруй орон тоо хасагдах аж.
ХҮҮХДЭЭ ГЭРТЭЭ АСРАХАД НЬ ДЭМЖЛЭГ БОЛГОЖ, ХУВЬСАХ ЗАРДАЛ ОЛГОНО ГЭВ
Харин эдгээрээс хэмнэж, танасан зардлыг үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн амьжиргааг дэмжихэд чиглэсэн арга хэмжээнд зарцуулах юм. Тухайлбал, нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн, нэг сая төгрөг болон түүнээс доош орлоготой даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгох, дотооддоо хүнс үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэх, хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах, дөрвөн улирлын хүлэмж, агуулах, зоорь барихад зориулж нэг их наяд төгрөгийн, гурван хувийн хөнгөлөлттэй зээлийн хүүгийн татаасыг улсын төсвөөс олгохоор төлөвлөжээ. Түүнчлэн энэ удаагийн тодотгол нь “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн, Улаанбаатарын хэт төвлөрлийг сааруулж, хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах бодлогын эхлэл байхыг Засгийн газраас онцолж буй. Үүнтэй холбоотойгоор эхний ээлжид цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхдүүдийг сугалаагаар хамруулдаг байдлыг богино хугацаанд шийдвэрлэх зорилгоор улсын болон нийслэлийн төсвөөс 200 тэрбум төгрөг зарцуулах, хоёр настай хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчид нь хүүхдээ гэртээ асрахад нь дэмжлэг болгож, хувьсах зардал олгохоор тусгасан байна. Түүнчлэн улсын болон хувийн цэцэрлэгийн хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлж, хөдөө, орон нутагт шилжин суурьшиж, анх удаа орон сууц худалдаж авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 50 хувийг төсвөөс санхүүжүүлж, иргэд хүсвэл урьдчилгаа төлбөрийн 60 хувийг төр батлан даахаар заажээ. Түүнчлэн хөдөө, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор, бизнес эрхлэх иргэн, аж ахуйн нэгжүүдэд нэг хувийн хөнгөлөлттэй зээл олгохоор тодотголын төсөлд оруулсан байна.
Төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн барьсан даруйд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүнийг танилцуулсан юм. Тэрбээр энэ удаагийн тодотголыг дөрвөн онцлогтой хэмээн тодорхойлоод, юуны түрүүнд хэмнэлтийн бодлого, тусгайлсан хуулийн хүрээнд төсөвт байгууллагын автомашины нэгдсэн удирдлагын менежментийг цахим технологийн чиглэлийн хувийн хэвшлийн компаниудтай хамтран ухаалаг хяналтын системд шилжүүлснээр одоо ашиглаж буй 9800 автомашиныг багадаа 60 гаруй хувиар бууруулж, цаашид төр машин эзэмшдэггүй болох суурь реформын эхлэл тавигдахыг онцлов. Цаашид төсвийн захирагч нар цомхон, чадварлаг, өндөр цалинтай ажиллах сонголт бүхий, бүтээмж, үр дүнд суурилсан өрсөлдөөнт тогтолцоо руу үе шаттай шилжинэ гэлээ.
Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн шууд хяналтад оруулах тухайд “Монголын хөрөнгийн бирж”, “Монголын цахилгаан холбоо”, “Мэдээлэл холбооны сүлжээ”, “Мэдээлэл, технологийн үндэсний парк”, “Үндэсний давхар даатгал” болон авто замын засвар ашиглалт, цахилгаан түгээх сүлжээ зэрэг төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг дотоодын хөрөнгийн биржээр дамжуулан, нэг иргэн, хуулийн этгээдэд ногдох оролцоог таван хувиас хэтрүүлэхгүй байхаар шинэчлэхээ Ерөнхий сайд мэдэгдсэн. Ингэхдээ улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн оролцоог хязгаарласнаар хөрөнгийн тэгш бус байдлыг багасгах, бизнес эрхлэгчдэд ижил боломж олгох, шударга өрсөлдөөнийг хангах тогтолцооны шинэчлэлийг бий болгоно хэмээн тооцож буй аж. Тэрбээр “Засгийн газар хуулийн засаглал, хөрөнгө оруулалтын эрүүл орчин, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг бүх талаар дэмжиж, төр, хувийн хэвшлийнхэнтэй өрсөлдөхгүй байх бодлогыг тууштай баримтална. Харин бизнесийн орчныг нь хамгаалахын төлөө байгалийн баялаг, олон нийтийн өмчийг завшихын тулд улс төр, төрийн болон шүүх, хууль хяналтын байгууллагад нөлөөллөө тогтоосон, хуулиас дээгүүр бүлэглэлтэй цаашид ч хатуу тэмцэнэ” гэв.
“ОРОН НУТАГТ АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛБЭЛ ТАТВАРЫН БОДЛОГООР ДЭМЖИНЭ”
Энэ удаагийн тодотголын нэгэн онцлог гэгдэж буй Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах бодлогын тухайд Засгийн газрын тэргүүн “Залуучуудын жагсаал, цуглааны үеэр тавьсан гол шаардлагуудын нэг нь цэцэрлэгийн хүртээмжийн асуудал байлаа. Одоогийн байдлаар Улаанбаатарт шаардлагатай байгаа 270 гаруй цэцэрлэгийг барьсан ч нийслэл рүү шилжих их нүүдлийн урсгалыг зогсоохгүйгээр үүний үндсэн шийдлийн учиг тайлагдахгүй” хэмээн онцолсон. Төвлөрлийг сааруулах Засгийн газрын бодлогыг дэмжиж, орон нутагт ажлын байр нэмэгдүүлж буй хувийн хэвшлийнхэнд чиглэсэн татварын багц бодлого хэрэгжүүлэхээ мэдэгдэв. Тодруулбал, 2023 оноос хойш хэрэгжүүлэх дулаан, цахилгааны төслүүд борлуулалтаа эхэлснээс хойш гурван жилд 90, дараагийн гурван жилд 50 хувиар тус тус орлогын татвараас хөнгөлөхөөр тусгажээ. Мөн орон нутагт шинээр үйл ажиллагаа эхлүүлж байгаа, уул уурхайн лиценз эзэмшдэгээс бусад аж ахуйн нэгжийг дэмжих зорилгоор орлого олж эхэлснээс хойших гурван жилд 90, дараагийн гурван жилд 50 хувиар орлогын татварыг хөнгөлөх гэнэ. Түүнчлэн уул уурхайн лиценз эзэмшдэггүй компани нийслэлд байршилтай үйлдвэр, агуулахаа орон нутаг руу нүүлгэсэн тохиолдолд нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг 50 хувиар нэмэгдүүлэн тооцож, татвар ногдох орлогоос хасах юм байна. Үүнээс гадна уул уурхай лиценз эзэмшдэгээс бусад, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг, тэнд бүртгэлтэй компани иргэнийг шинээр ажилд авч, ажиллуулсан тохиолдолд олгосон цалингийн зардлыг 20 хувиар нэмэгдүүлэн тооцож, татвар ногдох орлогоос нэг удаа хасаж, татварын дэмжлэг үзүүлэхээр тусгасан байна.
Бэлтгэсэн Б.Уран