АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден өнгөрсөн онд гэргий Жиллийнхээ хамт 610.7 мянган долларын орлого олсон байна. Үүний 24.6 хувийг буюу 150 400 долларыг орлогын албан татварт төлжээ. 17.4 мянган долларыг буяны үйлсэд, үүний 5000-ыг Хүүхэд хамгаалах санд хандивласан байна. Ж.Байден Ерөнхийлөгчийн хувиар 378 300 долларын цалин авчээ. Энэ тогтсон 400 000 доллароос бага байгааг “Reuters” агентлаг мэдээллээ. Хатагтай Байден багшийн хувиар 67.1 мянган долларын цалин авсан гэнэ. Дэд Ерөнхийлөгч Камала Харрис болон түүний нөхөр Дуглас Эмхофф нар 1.65 сая долларын орлого олсноос 523.4 мянгыг татварт төлж, 22 мянгыг хандивласан байна.
Энэ сарын 15-нд Кремль, Засгийн газар, парламент мөн 2021 оны орлогынхоо талаар мэдээлэв. Үүнээс үзвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 10.2 сая рублийн орлого олжээ.