Залуучуудын тавьсан шаардлагын дагуу Монгол Улсын Засгийн газар ээлжит бусаар хуралдаж Төрийн албан хаагчид том оврын албаны машин Улаанбаатарт унахгүй байх шийдвэр гаргасан болохыг өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан.
Тус хурлаас гарсан шийдвэрийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам хэрэгжилтийг хангуулах шийдвэр гарсан байна.
Тухайлбал, Байгаль орчин аялал жуулчлалын сайд, дэд сайд, тус яамны төрийн нарийн бичгийн дарга, бүх шатны дарга нар болон харьяа байгууллагуудын дарга нарыг дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн хөдөө орон нутагт албан томилолтоор ажиллахаас бусад үед албаны автомашин ашиглахыг хоригложээ.
Мөн БОАЖЯ-ны эд хөрөнгийн бүртгэлд байгаа албан томилолтод ашиглахаас бусад туулах чадвар сайтай автомашинуудыг дуудлага худалдаагаар худалдаалж, орлогыг улсын төсөвт төвлөрүүлэхээр болсон байна.