Манай улсын уул уурхайн бус экспортын гол бүтээгдэхүүн болох ноолууран түүхий эдийн бэлтгэл, нийлүүлэлтийг боловсронгуй болгох талаар салбарынхан ярилцсаар байгаа. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр, Монголын ноос, ноолуурын холбоо бүх оролцогч талыг хамруулан ажлын хэсэг байгуулж, “Ноолууран түүхий эдийн урамшууллын тогтолцооны өнөөгийн байдал, түүний боломжит хувилбар” цогц судалгаа хийсэн байна. Өнгөрсөн оны сүүлчээр уг судалгааныхаа дүнг олон нийтэд танилцуулж, энэ салбарын мэргэжилтнүүд санал бодлоо илэрхийлсэн.
Монгол ноолуур дэлхийн зах зээлийн түүхий эдийн 45 хувийг бүрдүүлдэг хэдий ч бэлэн бүтээгдэхүүн болж гарах хэмжээ нь дөнгөж 0.2 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, ноолуураа боловсруулан, нэмүү өртөг шингээж чадахгүй, түүхийгээр нь экспортолж буй. Энэ нь бас түүхий эдийн чанаргүйгээс шалтгаалж байна гэсэн дүгнэлтэд хүрч болно. Чанаргүй ноолуур бэлтгэж буй үндсэн шалтгаан нь бэлтгэн нийлүүлэлтийн буруу тогтолцоо гэдгийг дээр дурдсан судалгаагаар тогтоожээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр олон жилийн турш манай улсад хөдөө аж ахуйг дэмжих чиглэлээр ажиллаж ирсэн бөгөөд энэ удаагийн судалгааг ч санхүүжүүлсэн байна.
Хөдөө аж ахуйн түүхий эдийн чанарыг сайжруулах нэг гарц нь энэ төрлийн түүхий эдийн бирж байгуулах явдал гэж үзэн, 2011 онд Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг баталсан. Улмаар биржээ ч байгуулсан юм. Гэхдээ бирж байгуулсан ч сүүлийн 10 гаруй жил үйл ажиллагаа явуулаагүйг дээрх судалгааны ажлын хэсгийн гишүүн Г.Ёндонсамбуу онцолж байв. Биржтэй боллоо гээд бэлтгэн нийлүүлэлтийн системд ямар ч ахиц, өөрчлөлт гараагүй нь үнэн. Харин бирж нэрийн доор аливаа арилжаа, худалдааг бүртгэн, татвар авч суудаг шинэ бүтэц бий болсон. Одоо ч байдал ийм л байгаа.
Хөдөө аж ахуйн түүхий эдийн чанар муудсан нь ганцхан шалтгаантай. Энэ нь гадаадын болон дотоодын ямар ч байгууллагын судалгаа шинжилгээ шаардагдахгүй, нүдэнд ил байгаа зүйл. Түүхий эдээ чанартай бэлдчихдэг туршлага манайд байсан. Социализмын үед л энэ систем ажиллаж байв. Энэ нь ердөө л үйлдвэр нь түүхий эдээ чанарын үнэлгээтэйгээр хүлээгээд авчихдаг байсан систем юм. Тухайлбал, 20 хүртэлх хувийн хялгастай ноолуурыг I, 20-40 хувьтайг нь II зэрэг гэж үнэлдэг. Үүнээс их бол III зэрэг гэж үнэлэн, тус бүрийг нь өөр үнээр авдаг байв. Энэхүү зэргийг тогтооход ямар ч багаж, хэмжих хэрэгсэл шаардагддаггүй. Тэр үеийн агент, одоогийн нэршлээр ченжүүд ажлын туршлагаараа зэрэг тогтоодог, үүнд нь ямар ч маргаан гардаггүй байлаа.
Ноолууран дахь хялгасны хэмжээ самнах хугацаанаас хамаарч ихсэж, багасдаг. Чанартай буюу үнэтэй ноолуур бэлтгэхийн тулд малчид тухайн бүс нутгийнхаа цаг агаарт тохируулан самнах хугацаагаа өөрсдөө сонгодог. Энэ аргынхаа дагуу ноолуураа зөв цагт нь бэлтгэж, үнэтэй зэрэгт нь тушаачихдаг байсан юм. Харин социализм задрангуут үйлдвэрүүд хувьчлагдаж, ихэнх нь хаалгаа барьсан. Үлдсэн хэсэг нь бага сага түүхий эд цуглуулахдаа зөвхөн тоо хэмжээг харснаар чанар нь орхигджээ. 2012 оны сонгуулиар Ардчилсан нам засгийн эрхэд гарангуутаа түүхий эдийн чанарыг сайжруулж, гадаад зах зээлд гаргахаар санаачилсан. Ингэхдээ буруу алхам хийж, нэгэн алдаатай шийдвэр гаргаснаас одоо түүхий эд үнэгүйдчихээд, үнэ нь дахин сэргэж чадахгүй байна.
Энэ нь зөвхөн анхан шатны боловсруулалт хийсэн түүхий эдийг л гадаадад гарган худалдах зөвшөөрөл юм. Гэтэл өмч хувьчлалаар дампуурч задарчихаагүй үлдсэн цөөн хэдхэн үйлдвэрийн хүчин чадал хүрэлцдэггүй. Үүнтэй холбоотойгоор урин дулаан цагийн арьс, шир, нэхий хог дээр хаягдаж, хүйтэн сэрүүн улиралд ченжүүдийн цуглуулсан түүхий эд хавар дулаармагц өмхийрөхдөө тулах болов. Ченжүүд нэгэнт цуглуулчихсан түүхий эдээ экспортлох гэж бөөн ажил болж, зарим нь нэлээд хөөцөлдсөний эцэст Засгийн газраар түр журам гаргуулан, зөвшөөрөл авч чадсан. Ингээд түүхий эдийнхээ багахан хэсгийг нь экспортлох замаар аргацаасаар өдий хүрлээ. Засгийн газраас энэ байдлыг засаж залруулахын тулд Дархан-Уулд түүхий эдийн анхан шатны боловсруулалтын цогцолбор барьж буй. Үүнийг ашиглалтад оруулах хүртэл хөдөө аж ахуйн түүхий эд үнэгүйдсээр байх төлөвтэй.
Түүхий эд боловсруулдаг цөөн үйлдвэрийнхэн “Түүхий эдийн чанар муу байна. Бодын шир эсгэлт ихтэй, богийн арьс элдэв шимэгчийн үүсгэсэн толбо, цоорхойтой” гэж ярьдаг. Эцсийн хэрэглэгч буюу үйлдвэрийнхэн өөрсдөө түүхий эд хүлээн авахдаа чанарын үнэлгээ хийлгүй, зөвхөн тоо хэмжээ харж байна. Тэгэхээр цуглуулагчид ч мөн л энэ зарчмаар ажилладаг. Үүнийг засаж залруулахад түүхий эдийн бирж байгуулах, малчдыг хоршоо нөхөрлөлд хамруулж, элдэв урамшуулал өгөх, гадаад, дотоодын байгууллагаар судалгаа хийлгэж, илүү зардал гаргах огт шаардлагагүй. Зөвхөн худалдаа, бэлтгэлийн хуучин системээ сэргээхэд л шийдэгдчих асуудал.
Нэгдэл тарснаар малчид хамтарч ажиллаж, ашиг орлогоо нэмэгдүүлж чадахгүй байна гэж үзэж төр, засгаас Хоршооны тухай хууль баталсан. Ингээд малчдыг хамтарч нэгдэж ажиллахыг уриалсан юм. Гэсэн ч манайд хоршоог бодит утгаараа байгуулж, хөгжүүлээгүй. Малчид хамтарч нэгдэж ажиллах дургүйдээ ийм байдалд хүрээгүй. Харин төв Азийн эрс тэс, догшин ширүүн, хуурай уур амьсгалтай, өвс ургамал тарчиг сийрэг ургадаг (зарим хэсэгт нь огт ургадаггүй) нь үүнд нөлөөлсөн. Бид ийм бүс нутагт нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг. Тиймээс нэг дор олон айл, олон мал байх боломжгүй. Аль болох нэгнээсээ зайдуу нутаглаж, малын хөлд талхлагдаагүй бэлчээр олохыг хичээдэг. Үндсэндээ тархай бутархай байхаас өөр аргагүйд хүрдэг юм.
НҮБ-ын дэмжлэгтэйгээр хийсэн судалгааны багийн гишүүн, Монголын ноос, ноолуурын холбооны Баталгаажуулалтын албаны дарга Б.Баясгалан “Монгол ноолуурын чанар сайжрахгүй бол дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар буурах хандлагатай байна” гэж ярьжээ. Ноолуурын чанар нь хялгасны эзлэх хувь, хог шорооноос хамаарна. Бас ширхгийн хэмжээ буюу микроноос голлон хамаардаг. Нас гүйцсэн эр ямааны ноолуур 16 микроноос дээш ширхэгтэй буюу арай бүдүүрсэн байдаг. Эм ямаа, борлонгийнх үүнээс нарийн ширхэгтэй, хамгийн сайн чанарын ноолуурт тооцогддог. Тэгэхлээр ноолуурын чанарыг сайжруулъя гэвэл бүдүүн ширхэгтэй хэсгийн эзлэх хувийг л бууруулна гэсэн үг. Үүнийг хийх бололцоотой. Тухайлбал, өсвөр насны эм ямааны ноолуурыг илүү үнээр худалдан авах хэрэгтэй. Тэгвэл малчид үнэтэй ноолуурыг нь бэлтгээд эхэлнэ.
Тарга, хүч сайтай, арай бага зутарч онд ордог учраас хавар эр ямааны ноолуур нь бусдаасаа түрүүлж хөөрдөг. Ингээд малчид эхлээд эр ямаагаа самнадаг юм. Гэтэл ченжүүд зөвхөн хялгасны эзлэх хувийг харж эхний ноолуураа хамгийн үнэтэй худалдан аваад, цаашид бууруулдаг. Энэ нь ноолуурын чанарын эсрэг үнэлгээ гэсэн үг. Орчин үед ноолуурыг электрон машинаар цахилгаанжуулаад, хялгасыг нь бүрэн ялгаад авчихдаг болсон. Ийм үед ноолууран дахь хялгасны хэмжээ нь чанар бууруулагч биш, зөвхөн цэвэр ноолуурын гарцыг тодорхойлогч юм. Уг нь түүхий эд цуглуулан бэлтгэгчид ноолуурын микроныг самнасан хугацаанаас нь хамааруулан мэдэж болохоос гадна туршлагажаад ирэхээрээ нүдээрээ хараад ялгаж таньдаг болчихно. Одоо ченжүүд өнжсөн буюу хадгалсан ноолуурыг таньдаг, арай хямд үнээр цуглуулдаг болчихоод байгаа. Ноолуурын микроны хувьд маргаан гарлаа гэж бодоход тэд халаасны микрометртэй байхад л хангалттай.
Манайд хөдөө аж ахуйн түүхий эдийн чанарыг сайжруулахын тулд биржээр дамжуулах, малчдад урамшуулал олгох зэрэг арга хэмжээ авч, ноос, арьс, ширэнд урамшуулал олгох журам гаргасан. Гэхдээ арьс, ширэнд олгох урамшуулал бодит байдалд хэрэгжээгүй. Мөн ченжтэй тохиролцон, үндэсний үйлдвэрт түүхий эдээ тушаасан гэсэн бичиг баримт бүрдүулж чадсан малчид л ноосны урамшуулал авдаг. Ингэлээ гээд ноосны чанар дээшлээгүй. Өвөр Монголын малчид хонио ноослохдоо доор нь дэвсгэр дэвсээд, хог, хольцгүй түүхий эд бэлддэг. Харин манайд чанарын үнэлгээ байдаггүй учраас малчид малаа өтөг шороон дээр нь ноосолж буй. Түүнийг нь цуглуулсан ченжүүд бороотойд ч, шороотойд ч бүтээлэггүйгээр машин дээрээ ачин давхиж явдаг. Ингэснээр ус, чийг авхуулан, тоос, шороотой хутгаж буй. Энэ нь жин хэмжээг нь бага боловч нэмэгдүүлж, харин ч ченжид ашигтай болчихдог. Хэдэн жилийн өмнө зарим малчин ноолуурынхаа жинг нэмэгдүүлэхийн тулд нунтаг шороо хольдог байсныг ченжүүд ан заарч, сэгсэрч үзэж авдаг болсноор уг асуудал засагдсан.
Ер нь аль ч түүхий эдийн чанарыг сайжруулъя гэвэл эцсийн хэрэглэгч нь чанарын үнэлгээтэй хүлээгээд авчихад л бусад дамжлага нь энэ л зарчмаар ажиллана. Ажиллаж ч байсан бэлэн туршлага бидэнд бий.
Бэлтгэсэн З.Өлзийбадрах