Төв талбайд залуус үнийн хөөрөгдлийг эсэргүүцэн жагссаар байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Соёлын төв өргөөнд иргэдийн төлөөлөлтэй уулзсаныхаа дараа төв талбайд гарч ирлээ. Тэрбээр, залуусын асуултад хариулж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Өнөөдөр Монгол Улсад төдийгүй дэлхий даяар бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Засгийн газар хуулийн төсөл оруулсан. Энэ долоо хоногт багтаж УИХ батална гэдэгт итгэж байгаа. Хууль батлагдсанаар 1 000 төгрөгөөр өсөх бензиний үнийг тогтвортой барих боломжтой гэж тооцоолсон. Бензинийг бид өөрсдөө үйлдвэрлэдэггүй учраас тийм ч амар биш байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Надаас өөр хэн ч гэсэн, бурхан байлаа ч энэ асуудлыг шийдэх боломжгүй.
Бид зах зээлийн нийгмийг сонгож авсан. Төр бүх юмны үнийг шууд тогтоодог байсан нийгэм бол 1992 оноос өмнөх үе. Бид эргээд тийм зүйлд орж болохгүй. Гэхдээ Засгийн газраас махны, будааны, гурилын үнийг буулгахын төлөө, эм, эмнэлгийн хэрэгслийг таслахгүйн төлөө, бензиний үнийг тогтвортой барьж, буулгахын төлөө чадах бүх зүйлээ хийнэ гэдгийг та бүхэндээ амлаж байна. Гэхдээ энэ бүхэн амар биш. Засгийн газар ид шидтэн биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Та бүхнээсээ уучлал хүсье" гэлээ.