Монгол, Орос, Америкийн хамтарсан багийнхан Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг дахь Цагаан агуйд өнгөрсөн онд малтлага, судалгаа хийхдээ шинжлэх ухаанд Кноблохын тэмээ (сamelus knowlochi) хэмээн тэмдэглэсэн, мөхсөн зүйл болох үлэмж биет тэмээний шилбэний яс илрүүлсний зэрэгцээ агуйн цөөвөр чоно тэнд амьдарч байсныг тогтоосон. Археологичид энэ талаарх судалгааныхаа үр дүнг “Frontiers in earth scince” сэтгүүлд өнгөрсөн сард нийтлүүлж, олон нийтэд хүртээл болгосон юм. Тэгвэл АНУ-ын Археологийн институтээс эрхлэн гаргадаг “Archeology” сэтгүүл 2021 оны дэлхийн шилдэг 10 нээлтийн нэгээр дээрх экспидицийнхний малтлага, судалгааны үр дүнг нэрлэжээ.
Тус сэтгүүлд “Цагаан агуйгаас Палеолитын үеийн хүмүүсийн үлдээсэн олдворуудын зэрэгцээ аварга тэмээний чулуужсан үлдэгдэл илрүүлсэн нь шинжлэх ухаанд онцгой үйл явдал боллоо. ОХУ-ын археологичид тэрхүү тэмээг Палеолитын үед хүмүүс агнадаг байсан нь тодорхой гэж үзсэн бол Аризонагийн их сургуулийн судлаач Жон В.Олсен цаг агаарын эрс тэс нөхцөл, идэш тэжээлийн гинжин хэлхээ тасрах зэрэг олон хүчин зүйлийн хавсарсан нөлөөгөөр энэ амьтан устаж үгүй болсон хэмээн дүгнэж байна. Палеолитын үеийн томоохон дурсгалд хамаарах тус газарт агуйн цөөвөр чоно буюу гиена (hyaenas) удаан хугацаагаар орогнон амьдарч байсныг олж тогтоосон нь говийн бүс нутгийн Плейстоцены байгаль, цаг уурын судалгаанд маш чухал ач холбогдолтой” хэмээн онцолжээ.
Бэлтгэсэн Ж.Сувдмаа