УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Ойн агентлаг байгуулахаар уг төслийг өргөн барьж буйг дэмжиж байна. Энэ чиглэлээр мэргэжлийн байгууллага ажиллах нь зүйтэй. Орон нутагт тухайн сав газраа хариуцан ажилладаг ойн нөхөрлөлүүд бий. Эдгээр нөхөрлөл хууль, эрх зүйн ямар орчинд ажиллаж, хэрхэн хамгаалж, төрийн байгууллагуудтай яаж хамтарч байна вэ. Хоёрдугаарт, самрын талаар ямар бодлого баримталж байна вэ. Түүж, бэлтгэхийг нь хэдэн жилийн хугацаанд хориглоё гэх яриа танай яамнаас гарав уу. Ер нь хориглочих нь зүйтэй юм биш үү. Яг самар бэлтгэж байгаа газарт нь яамны дарга, мэргэжилтнүүд нь очиж үзсэн үү. Би хушин ойд очиж үзээгүй ч зургийг нь харахад нүд халтирмаар байна. Жил өнжиж самраа өгдөг хуш мод хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас олсон шархнаасаа болж үр жимсээ муу өгч байгаа талаар гадаадын нэгэн ой хамгаалагч ярьж байсан л даа. Шинжлэх ухааны хэр үндэслэлтэйг нь мэдэхгүй ч үнэний ортой байж болно шүү дээ. Мөн унасан модоо цэвэрлэж, дахин ашиглах чиглэлд ямар бодлого баримталж байна вэ. Уул уурхайгаас бүрдүүлдэгтэй дүйцэх хэмжээний орлого бий болгох боломжтой гэж ярьдаг юм билээ” гэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд 1235 нөхөрлөл 3.5 сая ойн санг эзэмшиж, хамгаалан ажиллаж байна. Эдгээрт 22 167 иргэн ажилладаг. Нутгийн иргэдийн сайн дурын үндсэн дээр байгуулагдсан нөхөрлөл нь Ойн тухай хуулиар ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх зэрэг үүрэг хүлээдэг. Цаашдаа нөхөрлөлийг хаягдал мод, ойг цэвэрлэх, түүнийг хэрхэн ашиглах, орлогын эх үүсвэр болгох чиглэлд ажиллуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Тэгэхгүй бол энэ чиг үүргийг өнөөдрийн байдлаар тусгай зөвшөөрөл бүхий хэдэн аж ахуйн нэгж хүлээж буй. Менежментийн хувьд өөрчлөх шаардлагатай гэсэн үг. Самартай холбоотой асуудал үнэхээр хүнд байгаа, тантай санал нэг. Хуш мод Монгол Улсын ойн сангийн таван хувийг эзэлдэг. 2015-2021 онд самраас нийт 33 тэрбум орчим төгрөгийн орлого төсөвт бүрдүүлсэн. Экспортоос 68 тэрбум төгрөгийн орлого олсон гэвэл зургаан жилийн хугацаанд 100 орчим тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байгаа юм. Гэтэл нөгөө талд жилд хурааж болох хэмжээнээс нь давуулж зөвшөөрөл олгодог. Хугацааг нь ч буруу тооцдог. Ялангуяа өнгөрсөн онд есдүгээр сараас эхэлж зөвшөөрөл олгосонтой холбоотойгоор болц гүйцээгүй самрыг унагаахын тулд тухайн модоо нүдэж, холтсыг нь ховхолж эргэн сэргэхээргүй болж байна. Өөрөөр хэлбэл, тухайн мод самар, жимсээ өгөхийн оронд гэмтсэн хэсгээ нөхөн сэргээхэд хамаг шим шүүсээ зориулдгаас болж ургац муудаж байгаа. Ингэж гэмтсэн модыг нөхөн сэргээхэд 2-3 жил зарцуулдаг гэсэн судалгаа бий. Энэ онд хуурайшилт маш их байна. Саяхан бид хэд хэдэн газарт үзлэг хийсэн юм. Үүнээс гадна самрын зөвшөөрөл олгоод, хориглоогүй байгаа учраас отоглосон цэгүүд олон байна. Тэнд өдрийн 150 мянган төгрөгөөр хүмүүсийг ажиллуулдаг. Отог, самрын бүлэглэл гэж нэрлээд байгаа хүмүүс өөр хоорондоо өрсөлдөх нь ч их. Ний нуугүй хэлэхэд, шоронд орж байсан, нутаг орондоо атаман гэгддэг хүмүүсийг авч ажиллуулдаг юм билээ. Самар түүх, бэлтгэх зөвшөөрөл олгохыг 10 жилээр хориглох саналыг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг манай яаманд ирүүлсэн. Самар экспортолдог дөрвөн компанийн төлөөлөлтэй уулзахад үүнийг таван жилээр хориглох санал тавьсан. Самрыг хууль бусаар бэлтгэдэг иргэдтэй тулж ажилладаг “Тэнгэрлэг Монгол” ТББ-ынхан ч хориглох санал тавьж байгаа” хэмээн хариулав.
Бэлтгэсэн: Б.УРАН