Манай улс энэ хавар 559.6 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөж буй. Тариалалтад шаардлагатай улаан буудайн үрийг дотоодоосоо хангах бүрэн боломжтой аж. Тариалан бүхий иргэн, аж ахуйн нэгжүүд 43 000 тонн үр нөөцөлсөн бол ХААДС-д 16 000 тоннын нөөц бийг салбарын яамнаас мэдээлэв. Тус сан үрийн захиалга орон нутгаас авч нэгтгээд, хуваарилах, олгох ажлыг зохион байгуулж буй гэнэ. Үрийг 30 хувийн урьдчилгаатай, үлдэгдэл төлбөрийг нь намрын ургацаас нөхөн бүрдүүлэх нөхцөлтэйгөөр зээлээр олгохыг ХХААХҮЯ-ны Хөрс, ургамал хамгаалал, үр сортын хэлтсийн дарга Д.Есөн-Эрдэнэ хэллээ.
Тариалалтад ашиглах шатахууны нөөцийг тасалдалгүй, хэвийн байх нөхцөл бүрдүүлэхээр УУХҮЯ, холбогдох мэргэжлийн байгууллага хамтран ажиллаж байгаа аж. Жил бүрийн 1-2 дугаар сард газар тариалангийн салбарт хэрэглэх ургамал хамгааллын бодис, бордооны жагсаалтыг баталсны дараа тусгай зөвшөөрөлтэй импортлогч аж ахуйн нэгжүүдэд бодисын квот олгодог. Уг ажил бүрэн дуусжээ. Өдгөө импортлогч аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэгчидтэй гэрээ байгуулан ургамал хамгааллын бодис нийлүүлэх ажлыг зохион байгуулж буй юм. Өнгөрсөн арванхоёрдугаар сараас эхлэн ОХУ бордооны экспортдоо тодорхой хэмжээний хязгаарлалт тавихаа ГХЯ-аар дамжуулан мэдэгджээ. Хойд хөршид хүсэлт илгээсний дагуу тариалалтад хэрэглэх бордоо, тариалангийн үйлдвэрлэлд шаардлагатай азот агуулсан нийлмэл бордоо экспортлох квотыг манайд олгожээ. Улмаар импортлогчид ОХУ-ын бордоо үйлдвэрлэгчидтэй эхнээсээ гэрээ байгуулж байгаа гэнэ. Одоогоор 4.3 мянган тонн бордоог ОХУ, Узбекистан, БНХАУ-аас нийлүүлэхээр гэрээ хийсэн бөгөөд эхнээс нь гаалиар оруулж ирж байгаа аж.
Хаврын тариалалтыг тавдугаар сарын эхний 10 хоногоос эхлүүлдэг. Бүс нутгийн онцлогоос шалтгаалж үр тарианы тариалалт сарын хугацаанд явагддаг гэнэ. Тэгэхээр үр тарианы тариалалтыг технологийн хугацаанд эхлүүлэх бүрэн боломжтой аж. Одоогоор компаниуд техникийн засвар, талбайн хөнгөн боловсруулалт болох чийг хаах зэрэг технологийн ажил хийж байна. Газар тариалангийн үйлдвэрлэлийн мэдээллийн сан бүрдүүлж, цахим мэдээллийн сан байгуулан, бүртгэл хяналтын систем, мөшгөх тогтолцоо бий болгоход салбарын яамнаас анхаарч буй. www.plant.mofa.gov.mn гэсэн холбоос бүхий системд тариаланч, ногоочид өөрийн эзэмшлийн талбай, түүндээ хийсэн ажлаа бүртгүүлэх, улмаар сумынхаа хөдөө аж ахуйн тасгаар баталгаажуулах шаардлагатай гэнэ. Уг системд бүртгүүлсний дараа тухайн талбайн түүх, технологийн ажлуудыг системд тэмдэглээд явах боломжтой юм байна. Газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээг цахимаар олгодог, хүсэлтээ илгээдэг хэлбэрт шилжиж буй тул тариаланч, ногоочид дээрх системд хамрагдах хэрэгтэйг онцоллоо.
Засгийн газраас улсын төсвөөс худалдан авсан хүнсний ногооны үрийн үнийг 80 хувь хөнгөлөн олгохоор шийдвэрлэж, үр худалдан авах ажил зохион байгуулжээ. Уг дэмжлэгт шинээр хүнсний ногоо тариалах гэж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийг түлхүү хамруулахыг зорьж буй аж. Иймээс иргэн, аж ахуйн нэгжүүд газар тариалангийн үйлдвэрлэл явуулдаг харьяа аймгийнхаа Хүнс, хөдөө аж ахуйн газарт хандан захиалга өгөх боломжтой гэнэ. Аймаг, нийслэлийн ХХААГ-аас хүнсний ногооны үр хуваарилж, олгох ажлыг хариуцах бөгөөд шалгуурыг орон нутгийн түвшинд зохион байгуулах нь.
Бэлтгэсэн Б.Сонор