Олон улсын хямралт нөхцөл байдлаас Үүдэлтэй гол нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-д өчигдөр өргөн барилаа. Үүний дараа тэрбээр танхимын сайд нар болон Монголбанкны ерөнхийлөгчийн хамт мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулав. Тэрбээр “Импортын гол нэрийн бараа, бүтээгдэхүүний татварт зохицуулалт хийх эрхийг Засгийн газарт олгохыг хүсэж байгаа юм. Өнөөгийн нөхцөл байдлын 70-аас дээш хувь нь биднээс хамаарахгүй байна” гэв.
-Аялал жуулчлалын салбарыг сэргээхээр ямар ажил хийх вэ?
Л.ОЮУН-ЭРДЭНЭ (Ерөнхий сайд): -Зэвсэгт мөргөлдөөн болж байгааг ойлгох хэрэгтэй. Ирэх тав, зургадугаар сард жуулчдыг хүлээн авах бэлтгэлээ манай аж ахуйн нэгжүүд нэлээд хангасан. Улсаа сурталчлах, эдийн засгаа сэргээх алхмаасаа Засгийн газар ухрахгүй. Цар тахлын халдварын тархалт буурсан нь давуу тал болно гэсэн эерэг хүлээлттэй байна.
-Манайд бараа, бүтээгдэхүүний хомсдол үүсэх юм уу?
-Шатахуунд зохицуулалт хийхгүй бол үнэ нь багадаа 1000 төгрөгөөр нэмэгдэж болзошгүй. Олон улсын бирж дэх үнээр авахаас өөр аргагүй байдалд хүрнэ. Энэ хуулиар уг эрсдэлийг бууруулах арга замыг эрэлхийлж байгааг ойлгох хэрэгтэй. Засгийн газар нефть импортлогч компаниудтай тулж ажиллана гэсэн үг. Үнэ болон хангамжтай холбоотой асуудлаар нарийвчилсан гэрээнүүд хийнэ.
-Хөгжлийн банкнаас зээл авсан төрийн байгууллагуудын асуудлыг хэрхэн шийдэх юм бэ?
-Хөгжлийн банканд үүссэн асуудлыг шийдвэрлэх нь амар биш. Шулуухан хэлэхэд, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, “Дубайн” гэх гэрээний хэргийг хийсэн схем энд ч бий. Тиймээс бид энэ асуудлыг ил гаргасан. Нөгөө л яриад байдаг хүмүүстэйгээ үе шаттай тэмцэж байна. УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн зарласан 20 хүн бол “мөсөн уул”-ын орой нь. Үүний цаана томоохон улстөрчид, сонгуулийнх нь зардлыг төлдөг, “утсан хүүхэлдэй” болчихсон хүмүүс, бизнесменүүд бий. Тиймээс хэрэг удаашраад байна. Хөгжлийн банкны хэрэгтэй холбоотойгоор эхний хэдэн хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авч, Хөтөл дэх үйлдвэрийг хураагаад эхлэхээр хэн хэн хамгийн их цочиж байна вэ. Тэр хүмүүс үүний ард байгаа. Гэхдээ энэ хэрэг шийдэгдэнэ. Төрийн ордонд хүчин мөхөствөл олон нийтэд хандана. Хөгжлийн банктай холбоотойгоор юм яриад байгаа хүмүүст бууж өгөхгүй, битгий горьд. Энэ хэрэгт цэг тавьчихаад “Эрдэнэс Монгол”- той холбоотой асуудлыг гаргаж тавина. Олон охин компанитай, тус бүртээ ТУЗ-тэй энэ компанид маш их хэмжээний мөнгө хяналтгүйгээр эргэлдэж байна. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар ажлын хэсэг байгуулсан. Х.Нямбаатар сайд ахална. Тавантолгойд гэхэд л сүүлийн 20 орчим жилийн хугацаанд уурхайн аман дээрээс 60 ам.доллароор гаргаж буй нүүрс цаана очоод 120-130 болж өсөж байгаа. Энд зөрүү болж харагдаж байгаа 60-70 ам.долларыг завшдаг бүлэг хүмүүсийг ил гаргана. Тэнд ажилладаг автомашинуудтай холбоотой хэрэгт УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгээс эхлээд хамаатай болсон. Цаана нь манай нөлөө бүхий лидер үүд бий. Тэд Баяннуур аймгийн нөлөө бүхий хүмүүстэй холбоотой. Энэ нь Гашуунсухайтын төмөр замыг ийм олон жил гацаалаа. Тун удахгүй тэндхийн автомашин эзэмшигчдийн том жагсаал болоход та бүхэн битгий хөтлөгдөөрэй. Би огцрохоос айхгүй. Айж ч байгаагүй. Харин ийм зүйлтэй эвлэрч, улс төрийн үхдэл болохоос айна. Дараа нь төрийн өмчит байгууллагуудыг цэгцэлнэ. Тэдгээрийг олон нийтийн шууд хяналтад оруулна. Эдгээрийг хийчихвэл манай улсын авлигын индекс хоёр оронтой тоо руу орно. Өөр олон макро үзүүлэлт сайжирна.
Б.ЖАВХЛАН (Сангийн сайд): -Төрийн байгууллагуудын чанаргүй зээлийг төсөв рүү шилжүүлэхгүй. Ийм зүйл байх ёсгүй. Хөгжлийн банкны удирдлага ийм санал тавиагүй. Яагаад гэвэл, анхнаасаа эдгээр зээлд төсвөөс ямар ч баталгаа өгөөгүй. Ямар зарчмаар тухайн зээлийг авсан бэ, түүгээрээ л төлөх ёстой.
-Монголбанк, Засгийн газрын бодлого уялдаж байна уу. Төсөвт тодотгол хийх үү?
-Засгийн газар мөнгөний хатуу бодлоготой үйл ажиллагаагаа уялдуулна. Энэ нь төсвийн Бодлогод нөлөөлнө. Тиймээс бид алхмаа тааруулах ёстой. Эхлээд мөнгөний бодлогын үр дүнг харж байгаад төсвийн төлөвлөлтөө хийнэ. Тусгай хуультай учраас түүнд заасан нөхцөл, шаардлага бүрдсэн үед л төсвийг тодотгоно.
-Өмнө нь хэрэгжүүлсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс энэ удаа авах арга хэмжээ юугаараа ялгаатай юм бэ?
-Хэд хэдэн ялгаа бий. Юуны түрүүнд цогц арга хэмжээний төлөвлөгөөгөө УИХ-аар нээлттэй хэлэлцүүлнэ. Засгийн газар болон Төвбанк дураараа арга хэмжээ авахгүй. Өөрөөр хэлбэл, хэн ямар үүрэг, хариуцлага хүлээхийг тодорхой болгож өгнө. Мэдээж үр дүн гаргахын тулд Засгийн газар манлайлж, Төвбанканд дэмжлэг үзүүлж ажиллана. Тиймээс ч мөнгөний бодлогын үндсэн зарчмыг алдагдуулах заалтыг уг хуулийн төсөлд тусгаагүй. УИХ-ын эрх, үүргийг Засгийн газар авчихаж байгаа юм биш. Гагцхүү хурдтай ажиллах орчин бүрдүүлж өгөхийг хүсэж байгаа юм. Засгийн газар зохион байгуулалтын арга хэмжээ авна гэсэн үг. Төр, хувийн хэвшил гээд аль аль нь хариуцлагатай байх ёстой.
-Та огцрохоос айхгүй байж болно. Гэхдээ ард түмний амьдрал, бухимдал туйлдаа хүрч байна. Та огцрох, эсэх тухайд юу хэлэх вэ. Огцордоггүй юм гэхэд танхимаа бүрэн болгоод, шинээр байгуулсан хоёр яамаа сайдтай болгох цаг хэзээ юм бэ?
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: -Засгийн газар хэн нэгний хэлснээр огцроод байдаг институц биш. Засгийн газрыг тогтвортой ажиллуулдаг сонгодог парламентын засаглалтай болох ёстой. Би бууж өгөхгүй. Хүнд үеийг иргэдтэйгээ хамт даваад гарна. Томилох хүн олдохгүй, эсвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс болоод энэ хоёр яамыг сайдгүй явуулаад байгаа юм биш. Өмнө нь Эдийн засгийн хөгжлийн болон Сангийн яамныхан ойлголцож ажиллаж чадаагүйгээс татан буугдаж байсан. Тиймээс энэ яамыг Сангийн сайд хариуцаад яам яаман дээр байгаа шилдэг боловсон хүчнүүдийг татаж байгаа. Чиг үүргийн давхардалгүй болгох ажлыг Сангийн сайдаар хийлгэж байгаа гэж хэлж болно. Нөгөө яамны тухайд ч Хууль зүй, дотоод хэргийн яаманд тодорхой ажил, шинэчлэл хийж байгаа учраас тэр болтол ингэж явуулаад байгаа юм. Энэ жилийн хувьд бэлтгэл ажлаа хангаад, ирэх жилээс чиг үүргээ илүүтэй хэрэгжүүлээд явах боломж бүрдэнэ. Эл хоёр яамыг дахин битгий татан буулгаасай гэсэндээ ийм арга хэмжээ авч байгааг ойлгоорой. Энд нэг зүйлийг хэлэхэд, Засгийн газрын бүтцээ бүхэлд нь эргэж харна. Хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ. Энэ чиглэлд Сингапуртай хамтран ажиллахаар гэрээ хийж байна. Засгийн газар дахь ачаалал харилцан адилгүй байгаа учраас чиг үүргийг нь давхардуулахгүй болгохоор зорьж байна. Ойрын үед Засгийн газрын тухай хуулийн төслийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийц үүлэн өргөн барина. Ер нь засаглал, бүтэц, зохион байгуулалттай холбоотой нэлээд ажил өрнөнө.
-Төгрөгийн ханшийг тогтвортой барих нь Монголбанкны үүрэг. Төвбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн та энэ үүргээ биелүүлээгүй. Мөн та Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн байсан шүү дээ. Хэдийгээр танд УИХ хариуцлага тооцох ёстой ч та өөрөө албан тушаалаасаа татгалзах боломжтой юу?
-Амаргүй үед албан тушаалтан алдаа гаргасан бол бид хариуцлага тооцож байгаа. Гэхдээ ажлаа хийж байгаа хүнийг Ерөнхий сайд хамгаалах үүрэгтэй. Монголбанкны ерөнхийлөгчид хариуцлага тооцох, эсэхийг УИХ шийдэх хэдий ч энэ цаг үе бол Төвбанкны удирдлага нь хэн ч байлаа хүнд, хэцүү. Төвбанкнаас шүгэлдэж, үлээгээд буйг би сонсож байгаа. Эрх баригч намын даргын хувьд хэлэхэд, та нар аятайхан байгаарай. УИХ-ын гишүүдтэй уулзаад, Төвбанкны дараагийн ерөнхийлөгч болно гэж яриад буйг чинь мэдэж байгаа шүү. Амбицаа татаж сураарай, залуус аа. Ийм нөхцөл байдалд албан тушаалын дон шүглэчихсэн юм шиг далчиганах хэрэггүй. Тиймээс Төвбанкны ерөнхийлөгч огцрохгүй. Шулуухан хэлэхэд, хүндрэл, бэрхшээл дөнгөж эхэлж байна. Төвбанкны ерөнхийлөгч өөрчлөгдлөө гэхэд шийдвэртэй алхам хийж чадахгүй. Энэ нь Монгол Улсад л хохиролтой. Мөн зарим арилжааны банк төлөөний улстөрчөөрөө дамжуулан Монголбанк руу дайрч байгаа нь ажиглагдаж байна. Ийм байж болохгүй.
Б.ЛХАГВАСҮРЭН (Монголбанкны ерөнхийлөгч): -Төгрөгийн ханшийг тогтвортой барина гэсэн үүргийг Төвбанкны тухай хуульд заагааг үй. Үнэхээр алдаа гаргаад, Монголбанкны үйл ажиллагаа нь эдийн засгийн байдалтайгаа нийцэхгүй, хохирол учруулбал хариуцлага хүлээхэд бэлэн. Мөн Төвбанкны аливаа шийдвэр ганц хүнийх биш байдаг.
-Ерөнхий сайд нь Монголбанкны ерөнхийлөгчийг улаан цээжээрээ хамгаалж байна. Хэчнээн төгрөг хэвлэж, хэн, хэнд тараах гээд байгаа юм бэ?
-Мөнгө хэвлэхгүй. Банкны салбарт хуримтлагдсан чөлөөт эх үүсвэрийг ашиглах бодлого баримталж ирсэн.
-Хөгжлийн банкны хамгийн том зээлдэгч “сахал” Д.Эрдэнэбилэг гэж хүнийг яагаад шалгаж, цагдахгүй байгаа юм бэ. Бас энэ хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүддээ яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ, МАН-ын дарга аа?
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: -Засгийн газар хуулийн байгууллагад тэг, ингэ гэж чиглэл өгөх эрхгүй. Засгийн газрын харьяанд байдаг цагдаа болон тагнуулын байгууллагад ч заах боломж хуулиар хомс. Засгийн газраас шаардсан бүх бичиг баримтыг гаргаж өгсөн учраас хуулийн байгууллагуудыг шударга ажиллана гэдэгт итгэж байна. Энэ асуудлаар манай намын ерөнхий нарийн бичгийн дарга тодорхой байр суурь илэрхийсэн. Үүнийг миний байр суурь гэж ойлгож болно. Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдсон намынхаа зарим хүнтэй биечлэн уулзаж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээ түдгэлзүүлээд, шалгуулах хэрэгтэйг хэлсэн. УИХ-ын Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хорооны удирдлагад ч саналаа уламжилсан. Хуулийнхан эрх, үүргийнхээ хүрээнд арга хэмжээ авна гэж найдаж байна. Д.Эрдэнэбилэг гэдэг хүн бол Монголын Эль Чапо юм даа. Монголбанк болон Хөгжлийн банк тэр хүний компанийн охин компани болж, бүх шүүгч, хууль, хяналтын байгууллагын удирдлагыг томилдог байсан. Хөтөл дэх үйлдвэрийг хурааж авсан нь хэн нэгний хувийн өмчид халдсан хэрэг огт биш. Би энэ хүнтэй ямар ч хувийн өс хонзон байхгүй.
-УИХ-ын дарга нь иргэддээ хэмнэж амьдар гэж уриалж байхад танай намын залуучууд тансаг үдэшлэг зохион байгуулж, найрласан тухайд юу хэлэх бол?
-Манай намын залуучууд уулзалт, зөвлөгөөн зохион байгуулсан. Хөл хориог цуцалснаас хойш ийм олон нийтийн арга хэмжээ идэвхжиж байх шиг байна. Маргааш (өнөөдөр) Засгийн газрын хуралдаанаар төрийн байгууллагуудын хэмжээнд иймэрхүү арга хэмжээ зохион байгуулахыг эрс багасгах чиглэлээр шийдвэр гаргахаар төлөвлөж байна. Ийм байдал ихсэх нь үрэлгэн зардал болно.
-Шатахуунаас бусад гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ, нийлүүлэлтийг тогтвортой байлгах чиглэлд юу хийх вэ?
-Хамгийн хэцүү нөхцөлд байгаа нь шатахуун. ОХУ-тай рублиэр своп хэлцэл хийх санал тавьсан. Энэ хэлцэл амжилттай болбол гадаад валютын нөөцөө сайн барихад нөлөөтэй. Гэхдээ хэлцэл амаргүй нөхцөлд үргэлжилнэ. Ер нь бензин, мах зэргийн үнэ, нийлүүлэлтийг тодорхой хэмжээнд барихын тулд арга ядсан арга хэмжээ авах санал гаргаж байгаа юм. Хэдийгээр инфляц өндөр байгаа ч манайд хүнсний бүтээгдэхүүн, шатахууны үнэ харьцангуй хямд гэж хэлж болно. Элсэн чихэр, хүнсний ногоо гээд бусдыг нь зохицуулж хүчрэхгүй. Одоо бидэнд төсвийн тодотгол хийх ганцхан арга зам үлдсэн. Ийм тохиолдолд хөрөнгө оруулалтуудаа зогсооход хүрнэ гэсэн үг.
-Ерөнхийлөгч асан Х.Баттулга таны зөвлөхөөр ажиллаж байгаа юм уу?
-Зөвлөхийн албанаас чөлөөлөгдсөн. Олимп, спортыг дэмжих чиглэлээр хамтарч ажиллахын тулд зөвлөх болсон юм. АН-ын даргад нэр дэвших болсонтой нь холбоотойгоор албанаас нь чөлөөлөөд байна.
-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барихын тулд нөхөн төлбөрт 20 орчим тэрбум төгрөг өгнө гэдэг мэдээлэл байна. Энэ нь хэт өндөр дүн биш үү?
-Бид иргэддээ аль болох бага хохирол учруулах бодлого баримталж байна. Мөн эдийн засгийн аюулгүй байдлыг хангах томоохон төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлэхээс ухрахгүй. Эрдэнэбүрэнгийн станц барих газарт ойрын үед очиж ажиллана. Бүтээн байгуулалтыг нь ч эхлүүлнэ. Тэр сумынх нь ИТХ-ын дарга нь ч гэл үү, БНХАУ руу нэг бичиг өгөөд, энэ ажлыг амаргүй болгочихож байгаа юм. Ер нь сумын ИТХ-ын дарга орон нутгаа төлөөлж болох ч улсын хэмжээний гадаад бодлого хэрэгжүүлэх ёсгүй. Манайд ийм байдал нэлээд хавтгайрсан байна. Үүнд Ерөнхий сайдын хувьд арга хэмжээ авна.