Улсын хэмжээнд одоогийн байдлаар сумын болон сум дундын 43 ойн анги ойн санг хамгаалах, нөхөн сэргээх, ойжуулах, зүй зохистой ашиглах, ойн тогтвортой менежментийг сайжруулах үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна. Тэгвэл өнөөдөр ойн ангиудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, хариуцлагыг нэмэгдүүлэх, өнөөгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж шийдлийн талаар хэлэлцэхээр “Е-Форест платформ” сэдэвт уулзалтыг ойн ангиудын төлөөлөл, зохион байгуулжээ.
“Е-FOREST платформ” нь Ой судалгаа хөгжлийн төвөөс олгодог эрхийн бичгүүдийн олголт, бүртгэлээс эхлээд бэлтгэсэн мод, модон материал эцсийн хэрэглэгчид хүрэх хүртэл бүх үе шатыг хамарсан бүртгэл, тэмдэглэл, хяналт хийх боломжийг бий болгох юм.
Арга хэмжээнд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, тус яамны холбогдох газрын дарга нар, сумын болон сум дундын 43 ойн ангийн удирдлага, Ойн судалгаа хөгжлийн төвийн эрдэмтэн, судлаачид зэрэг шат шатны байгууллагын төлөөлөл оролцов. Уулзалтын эхэнд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ:
“Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэнэ. Ойн агентлаг байгуулагдах асуудал дагаад шийдэгдэх юм. Өнөөдөр ойн салбарт шийдлээ хүлээж байгаа олон асуудал байна. Ойн цэвэрлэгээ хийх нэрээр дураараа мод огтолдог, байгаль хамгаалагчдыг хөөж, туудаг асуудлыг 17 аймгаар явахад салбарынхан удаа дараа хөндөж байлаа. Ийм хэвээрээ яваад байж болохгүй цаг иржээ.
Менежментийн хувьд шийдэх ёстой олон асуудал тулгамдаад байна. Та бүхэн энэ тулгамдсан асуудлаар ямар бодолтой байгаагаа бас хэлээрэй гэж хүсэж байна. Цаашдаа яаж явах ёстойгоо зөв гаргаад авъя. Мөн бид өөрсдийн хийж байгаа ажлыг олон нийтэд сайн таниулж чаддаггүй ч зүйл бий. Гал түймрээс сэргийлэх ойн зурвас гаргах асуудлыг гэхэд иргэд мэдээлэл багатайгаас болоод ойг сүйтгэж байна, мод тайрч байна гэдэг өнцгөөр хардах явдал байдаг” гэдгийг тодотгож байв.
Мөн ойн ангиудын хариуцан хамгаалах талбай их, боловсон хүчний нөөц дутмаг, техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр бүрэн хангагдаагүй байгаа нь ойн ангиудыг чадавхжуулах шаардлага байгааг дурдаж байлаа.
Үүний дараа Ойн ангиудын төлөөллөөс дараах саналыг гаргажээ.
1. Цалин хангамжийн асуудлаас шалтгаалан ойн инженер, техникчид ажлаасаа их гарах болсныг анхааралдаа авах,
2. Ойн инженер бэлдэж байгаа дөрвөн их сургуульд энэ чиглэлийн элсэлтийг сайжруулж, залгамж халааг бэлтгэх,
3. Ойн ангийн ажилчдын орчин нөхцөлийг сайжруулах,
4. Техник, тоног төхөөрөмжийн хувьд дэмжлэг үзүүлэх.