Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад ямар нэгэн босго, хязгаар тавихаа больж, Монгол Улсад 50 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгохоор тусгасан гэж нэлээд хэл ам дагуулсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлагчид нь татжээ. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 20.3-т “… хууль, тогтоолын төслөө татан авах тохиолдолд тухайн төсөл нь хэлэлцүүлгийн аль шатанд байгаагаас үл хамааран хууль санаачлагч хууль, тогтоолын төслөө татан авах үндэслэлээ тусгасан албан бичгийг УИХ-д ирүүлэх бөгөөд УИХ-ын дарга нэгдсэн хуралдаанд энэ тухай танилцуулснаар хууль санаачлагч хууль, тогтоолын төслөө татан авсанд тооцно” гэж заасан байдаг. Уг төслийг санаачлагчид болох гишүүн Д.Өнөрболор, П.Анужин нар өнгөрсөн оны аравдугаар сард төслөө татаж буйгаа УИХ-д албан ёсоор уламжилсан бол гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар энэ сарын 22-нд албан бичгээ хүргүүлжээ. Өнгөрсөн аравдугаар сард төслийг хэлэлцэх үеэр шүүмжлэл газар авахад санаачлагчид нь бие биеэ буруутгаж байсан бөгөөд Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар татан авахгүй хэмээн мэдэгдэж байсан юм. Юутай ч тэд энэ удаа төслөө татан авах үндэслэлээ “Засгийн газраас 2022 онд үе шаттайгаар өргөн мэдүүлэх хуулийн төслийн жагсаалтад Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг багтааж, ирэх тавдугаар сард УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөсөн байна. Тус төслийг энэ хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа аж. Мөн улсын хөрөнгө оруулалтын бодлого, эдийн засгийн өсөлтийг хангах стратегийн мега төслүүдийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрүүдийг тодорхой болгох, цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж байгаа. Цаашид хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, чанартай хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, гадаад, дотоод гэлтгүй зарчмын хувьд хуулийн этгээдийн аль ч хэлбэрээр аливаа төрлийн эдийн засгийн үйл ажиллагааг эрхлэх нөхцөл бүрдүүлэхээр Засгийн газар зорин ажиллаж, энэ чиглэлээр хуулийн төсөл боловсруулж байгаа тул төслийг татан авч байна” хэмээн тайлбарлажээ.