Энэ долоо хоногийн байнгын хорооны хуралдаанаар Азийн хөгжлийн банк хоорондын зээлийн Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төслийн хэлэлцээрийг хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд малын хороо хашааг уг төсвөөр санхүүжүүлэх гэж байна гэдгийг шүүмжилсэн. Иргэдэд ч мөн адил ийм байр суурьтай байгаа юм.
Азийн хөгжлийн банкны зээлээр Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор гэсэн аймгуудын 20 сумын малчдад зориулан 14 мянган малын хашаа хороог сайжруулахаар төсөлд тусгасан аж.
Уг асуудлын талаар УИХ-ын дарга Г.Занданшатар "Хашаа хорооны зээл авах гэж байна гэсэн мэдээлэл гадаад, дотоод нэлээн дэгдлээ. Бэлчээрийг сайжруулж таримал ургамал тарих, хашаажуулалтыг хэлж байна уу?. Иргэдэд маш зөв мэдээлэл өгмөөр байна. Тэгэхгүй бол хашаа хороонд зориулан зээл авч, Монголын гадаад өрийг нэмэх нь гэсэн буруу ойлголт нийгэмд төрүүллээ. Энэ нь дараа дараагийн хэлэлцүүлэгт хүндрэл учруулаад байна. Арай ч Олон Улсын байгууллага, бүхэл бүтэн яам айлын хашаа хороог засахад Азийн хөгжлийн зээл авна гэж бодохгүй байгаа юм. Олон нийтэд зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. Өөрчлөх эрх нь төсвийн зохицуулах нэгж дээр байгаа. Тэгвэл УИХ-аас чиглэл өгч өөрчилж болно. Энэ зээлийг зөв ашиглаж, үр ашигтай мал аж ахуйг бий болгоход л зарцуулах шаардлагатай" гэх тайлбар мэдээллийг өглөө.