Австралийн байгаль орчныг хамгаалах “Blockade Australia” хөдөлгөөний идэвхтнүүд Сидней хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, нийслэлийн өмнөд дүүргийн нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаажээ. Энэ үеэр нэг жагсагчийг баривчилсан тухай “9News” телевиз мэдээлсэн байна. Уур амьсгалын өөрчлөлттэй хийх тэмцлээ идэвхжүүлэхийг уриалсан байгаль орчны идэвхтнүүд хотын төв, Сиднейн олон улсын нисэх буудал болон “Ботани” далайн боомтыг холбосон хурдны гол замуудын нэгийнх нь хөдөлгөөнийг хаажээ. Жагсагчдын нэг нь хажуугаар өнгөрсөн машинуудад харагдахаар өөрийгөө шонд хүлсэн бол үлдсэн хэсэг нь “Австралийн Засгийн газар хүндээ анхаарч, уур амьсгалын хямралын эсрэг арга хэмжээ авна гэсэн төөрөгдлөө орхи” гэсэн уриа бүхий зурагт хуудас барин зам дээр гарсан байна. “Blockade Australia” хөдөлгөөнийхний тэмдэглэснээр уг арга хэмжээний зорилго нь цаг уурын хямрал “хил хязгаар үгүй”, дэлхийн аль ч улс аюулгүй хэвээр үлдэх аргагүй гэдгийг хүмүүст сануулахад оршиж буй аж. Ирэх зургадугаар сарын 27-ноос долдугаар сарын 2-нд Австралийн хамгийн том Сидней хотод долоо хоног эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах бөгөөд энэ нь австраличуудын анхаарлыг байгаль орчны онцгой байдлын асуудалд хандуулна гэж тус байгууллагын зохион байгуулах хорооноос мэдээллээ. Үүний сацуу тус улс эрчим хүчнийхээ аюулгүй байдлыг хангах үүднээс Украинд 70 мянган тонн нүүрс илгээх тухай Австралийн Гадаад хэргийн сайд Марис Пэйн мэдэгдсэн. Украины Засгийн газар тусламж хүсэж, Польшийн эрх баригчид дэмжсэнийг үндэслэн Австралиас ийм тусламж үзүүлэх болжээ. Тус улсын нүүрс олборлогч хамгийн том “Whitehaven coal” компани уг түүхий эдийг тээвэрлэх ажлыг хэдийн зохион байгуулан, Украин, Польшийн эрх баригчидтай хамтарч, ачааг аль болох хурдан хүргэхээр ажиллаж байгаа гэнэ. Нүүрс тээвэрлэх, товлосон боомтод хүргэх зардлыг Австралийн Засгийн газар хариуцах гэнэ.
Нөгөөтээгүүр, Оросын олборлодог түлшийг орлох томоохон эдийн засгийн стратеги нь чулуужсан түлшнээс урт хугацааны хараат байдлыг бий болгож магадгүй тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш мэдэгдэв. “Ийм стратегийг том эдийн засагтай орнуудаа богино хугацааны уг стратегиа хэрэгжүүлэхийн хэрээр чулуужсан түлшнээс урт хугацааны хараат байдлыг бий болгож, дэлхийн температурын өсөлтийг 1.5 градусын дотор байлгах боломжийг хааж болзошгүй” гэж тэрбээр Британийн “Economist” сэтгүүлээс зохион байгуулсан, тогтвортой хөгжлийн бага хурлын үеэр хэлжээ. “Улс орнууд чулуужсан түлшний хомсдолд орохоос санаа зовдог тул үүний хэрэглээг багасгах бодлогыг үл тоомсорлох нь тэнэглэл” гэж А.Гутерриш тэмдэглэв. Энэ нь дэлхийн эдийн засаг, эрчим хүчний аюулгүй байдлыг геополитикийн хямрал, үүнээс хамааралтай болгож байна гэж тэрбээр үзжээ.