Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын хянан шалгах түр хороо байгуулах санаачилгыг УИХ дахь АН-ын бүлгээс гаргаж, гишүүдийг гарын үсгээ зурахыг уриалж байна. Түр хороог яаралтай байгуулж, байнгын хяналт тавьж, мөрдөн шалгах ажлыг эрчимжүүлэх шаардлагатайгаа илэрхийлж УИХ-ын гишүүн Т.Доржханд, Д.Ганбат нар өчигдөр мэдээлэл хийв. Одоогоор Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, Н.Ганибал, Ж.Батсуурь, Т.Энхтүвшин, Д.Батлут, Л.Энх-Амгалан, Ц.Цэрэнпунцаг, Г.Дамдинням, Б.Энхбаяр, Н.Алтанхуяг зэрэг 15 гишүүн гарын үсэг зуржээ. Нийт 19 гишүүний саналаар түр хороог байгуулах боломжтой. Гишүүн Т.Доржханд “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр парламентын хяналтыг сайжруулахаар болж, УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийг баталсан. Энэ хуулийн гол зорилго нь Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьж, хулгайг зогсооход чиглэсэн. Тиймээс түр хороогоор дамжуулан төсвийн хулгайг баримттай, гэрчүүдтэй ярих хэрэгтэй. Уг хороог парламент дахь цөөнх даргалах нь зүйтэй” гэв.
Бэлтгэсэн Б.Уран