Зарим төрлийн төрийн хяналт, шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, дэмжлээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн зарим нь дараах байр суурийг илэрхийлсэн юм.
Х.Ганхуяг (УИХ-ын гишүүн): -Бизнес эрхлэгчдэд татвар, нийгмийн даатгалын байгууллагын дарамт, шахалт их ирдэг. Уг нь эдгээрийн хяналт, шалгалтыг ч гурван жилээр хойшлуулбал бодит дэмжлэг болох юм. Хяналт, шалгалтыг зогсоосноор эрсдэл нэмэгдэхгүй юү? Х.Нямбаатар (Хууль зүй, дотоод хэргийн сайд): -Уг төслийг боловсруулах үүргийг УИХ-аас Засгийн газарт өгсөн. Монгол Улсын хөгжлийг хязгаарлаж байгаа хүчин зүйлүүдийг аль болох үгүй хийх, зөвшөөрөл, лицензийн тогтолцоогоор иргэн, байгууллагуудыг дарамталдаг явдлыг багасгах зорилготой хууль юм. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эл төслийг өргөн барьсан. Ингэхдээ байгууллагууд чанар, стандартыг сахиулах үүрэг хүлээнэ. Сахиулаагүйн улмаас гэм хор учирвал хариуцлага тооцуулна. Гэхдээ иргэдийн мэдээллийн дагуу төрөөс хяналт, шалгалт явуулах эрх зүйн орчин нээлттэй хэвээр байна. Өнөөдөр төлөвлөгөөт хяналт, шалгалт хийж байгаа ч осол гарсаар буй нь эрсдэлд суурилсан тогтолцоог илүү боловсронгуй болгох шаардлагатайг харуулж байгаа. Төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зогсоосноор чанар, стандарт сулрах вий гэх болгоомжлол бий. Татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагад хийх хяналт, шалгалтыг зогсоовол улсын төсөв бүрдэхгүй. Гишүүд бүгд л улсын төсвөөс тойрогтоо мөнгө хуваарилуулдаг. Шууд орлого бүрдүүлдэг салбарынханд тавих хяналт, шалгалтыг зогсоовол улсын сан хөмрөг яах вэ гэдгийг эхлээд бодмоор юм.
Ё.Баатарбилэг (УИХ-ын гишүүн): -Төсөлд шүүмжлэлтэй хандаж байгаа. Хяналтын байгууллага эрсдэлд суурилж л ажилладаг. Эрсдэлтэй байгууллагад хийх хяналт, шалгалтын давтамж нь ч өндөр байдаг. Хүнс, эмийн бүтээгдэхүүн гэх мэт хүний ахуй амьдралтай холбоотой хяналт, шалгалтуудыг гурван жил зогсоовол юу болох вэ. Гурван жилийн дараа нөхөж хяналт, шалгалт хийхгүй. Энэ хугацаанд учирсан хохирлыг хэн хариуцах юм бэ. Ийм байж таарахгүй. УИХ-аас үүрэг өгсөн гээд ийм төсөл оруулж ирж байгаа нь харамсалтай. Ойлгомжгүй зүйл ч их байна.
Х.Нямбаатар: -Засгийн газар хяналт, шалгалтын давхардлыг арилгахын тулд хэд хэдэн ажил зохион байгуулж байгаа. Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ирэх тавдугаар сард өргөн барихаар төлөвлөж байна. Ингэхдээ нэг байгууллагыг төрийн өөр байгууллагаас давхар хянаж, шалгадгийг зогсооно. Байгууллагууд гурван жилийн хугацаанд хууль, тогтоомжоор хүлээсэн үүрэг, хариуцлагаа хэрэгжүүлж, биелүүлэх ёстой. Хор, хохирол учирсан тохиолдолд өөрсдөө хуулийн хариуцлага хүлээнэ гэх хариуцлагын гэрээ байгуулна.
Б.Баасандорж (МХЕГ-ын дарга): -Хяналт, шалгалтын байгууллага гэхээр ганц МХЕГ-ыг гэж ойлгодог. МХЕГ-аас байцаагчийн эрх авдаг төрийн 16 байгууллага бий. Эдгээр байгууллага 1290 байцаагчтай. Өөрөөр хэлбэл, төрийн 17 байгууллага гурван жилийн хугацаанд зөвхөн төрийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллагуудад л төлөвлөгөөт хяналт, шалгалт хийнэ. Төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг иргэдийн өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу хийхээр тусгасан. МХЕГ-ын бүх ажил зогсох мэтээр ойлгож болохгүй. Манай байгууллага зөвхөн төлөвлөгөөт хяналт, шалгалт хийдэггүй. Төлөвлөгөөт хяналт, шалгалт нь бидний ажлын 30 хувь. Төлөвлөгөөт бус хяналт, шалгалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, тандалт судалгаа, зөвлөн туслах ажил хийдэг. Гурван жилийн хугацаанд эдгээр ажлаа илүү эрчимтэй хийнэ. МХЕГ-ыг 2002 онд байгуулсан. 2010 он хүртэл эрсдэлд суурилсан хяналт, шалгалт хийдэггүй байсан юм. 2010 онд хуульд нь өөрчлөлт оруулж, эрсдэлд суурилсан хяналт, шалгалт хийдэг болсон. Эрсдэлийн бага, дунд, их гэсэн гурван түвшин бий. 2020 оны байдлаар 210 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 160 мянгыг нь эрсдэлтэй гэж үзээд, 10 мянга орчимд нь төлөвлөгөөт хяналт, шалгалт хийсэн. Төрийн 17 байгууллагын давхардсан хяналт, шалгалт байгааг үгүйсгэхгүй. МХЕГ ч дотроо дүүрэг, нийслэлийн гэж хуваагдаж, хяналт, шалгалт нь давхарддаг тал бий. Гурван жилийн хугацаанд үүнийг больж, чөлөөт зах зээлийн зарчмаар явна. Төр бизнес эрхлэгчдэдээ итгэж зогсоосноор байгууллагууд дотооддоо хяналт, шалгалт хийдэг болно.
Т.Энхтүвшин (УИХ-ын гишүүн): -Богино хугацааны хууль гаргах шаардлагагүй. Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тавдугаар сард өргөн барих учраас ийм хууль батлах шаардлагагүй. Харин байцаагч нарын ёс зүйд онцгой анхаармаар байгаа юм. Торгохоос илүү сануулдаг болох ёстой. Энэ хуулиар яг ямар төрлийн хяналт, шалгалтыг зогсоох гээд байгаа нь тодорхойгүй байна. Ард түмний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, төрийн өмчийн ашиглалт, хамгаалалт зарцуулалттай холбоотой бодлогыг алдагдуулах юм биш биз дээ. Эрсдэлийг нь УИХ хүлээх юм уу?
Х.Нямбаатар: -Т.Энхтүвшин гишүүн МХЕГ-ын улсын байцаагч байсан. Төрийн хяналт, шалгалтын болон бусад хуулийн дагуу жилд нэг удаа тогтмол болон төлөвлөгөөт хяналт, шалгалт явуулах ёстой. Үүнийг Ерөнхий сайд ч юм уу, чиглэл өгөөд зогсоож болохгүй. Нөгөө талаас бизнес эрхлэгчдээ хяналт, шалгалтаас чөлөөлнө гэж хэлчихээд уламжлалт тогтолцооноосоо салж чадахгүй байгаа танд харамсаж байна. Эрсдэл үүсвэл мэдээж гэм буруутай этгээд нь хариуцлага хүлээнэ. Төлөвлөгөөт буюу тусгайлан заасан, жил бүр хийдэг шалгалтуудыг л зогсооно. Ийм шалгалтыг жилд дунджаар 10 мянга гаруй байгууллагад хийдэг.
Н.Учрал (УИХ-ын гишүүн): -Хяналт, шалгалт бол эрсдэлээс хамгаалах үйлдэл. Үүнийгээ зөв хийх ёстой. Гэвч төрийн байгууллагууд хяналт, шалгалтын утгыг алдагдуулсан. Үүнээс болоод ард түмэн хяналт, шалгалтаас айдаг болсон. МХЕГ бол дампуу байгууллага. Тэнд байгаа боловсролын таван байцаагч нь диплом шалгахаас өөр зүйл мэдэхгүй. Ийм хүмүүс зөвлөн тусалж чадахгүй, тэгэх оюуны чадавх ч байхгүй. Өгөгдөл нь байхгүй тохиолдолд хүн хэчнээн хүсээд ч чаддаггүй юм. Манай хяналт, шалгалтын агуулга нь маш субъектив. Зөвлөн туслах гэсэн гоё уриалгаа хэрэгжүүлдэггүй, дарамталдаг. Би хувийн хэвшилд ажиллаж байхдаа МХЕГ-ынханд олон жил дарамтлуулсан учраас ингэж хэлээд байгаа юм. Ер нь зөвлөн туслах чиг үүргийг мэргэжлийн холбоодод нь өгөх цаг болсон.
Б.Баасандорж: -Зарчмын хувьд тантай санал нэг байна. Хуульд заасан төрийн хяналт, шалгалт гэдэг нэр томьёоноос нь эхэлж шинэчлэх нь зүйтэй. Хяналт, шалгалтыг бид хамтад нь ойлгодог ч олон улсын жишгээр тусдаа ойлголт юм. Манай байгууллагад асуудал бий. Монголд үйлчилж буй 800 гаруй хуулиас 113 нь МХЕГ-ын чиг үүрэгт хамаарч байна. Өөр 200 гаруй хуульд хяналт, шалгалт хийх зохицуулалт бий. Тухайлбал, Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтэд бүх шатны Засаг дарга, цагдаа, хог хаягдлын байцаагч, МХЕГ-аас хяналт тавьж байна. Мэргэжлийн холбоодын тухайд тантай санал нэг байна. Эрсдэл багатай хяналтыг мэргэжлийн холбоодод нь өгөх ёстой. Олон улсын жишиг ч ийм байдаг. Манай байцаагч нар мэргэших ёстой. МХЕГ-ыг байгуулсан үеийнхээрээ байж болохгүй. Авлига, албан тушаалын хэрэгт орооцолддог байцаагч нар ч бий. Гэхдээ үнэнчээр ажиллаж байгаа байцаагч байгаа.
Х.Нямбаатар: -Би Н.Учрал гишүүнтэй санал нэг байна. Холбооны болон Сангийн эрх зүйн байдлын, Мэргэжлийн холбоодын тухай хуулийг хэлэлцэхээр болбол төслүүдээ нэгтгээд, энэ талаар тусгах боломжтой.
Н.Наранбаатар (УИХ-ын гишүүн): -Төслийг дэмжихгүй. Хяналт, шалгалтыг зогсоовол уул уурхай, байгаль орчин, барилга, хоол үйлдвэрлэл гээд бүгд хяналтаас гарна. Хууль гаргаж, ингэж хавтгайруулж байхаар жилийнхээ төлөвлөгөөнд өөрчлөлт оруулаад, зохицуулах боломжтой.
Б.Энхбаяр (УИХ-ын гишүүн): -Монгол Улсад хяналтын бурхан тэнгэр нь Үндсэн хуулийн цэц. Хяналтын дээд хэлбэр нь тунгалаг байж чадвал дээрээсээ доор хүртлээ бүгд хуулийн өмнө эрх тэгш байна. Дээд шүүх Цэцийн гишүүний сонгон шалгаруулалтыг зарласан ч дарга нь тэтгэврийн наснаас өнгөрчихөөд, “Би тэтгэвэрт гарахгүй. Энэ хууль надад үйлчлэхгүй” гээд Дээд шүүхийн ерөнхий шүүгчид хэрэг үүсгэсэн байна. Цэцэд бидний анзаараагүй том зодоон болж байна. Үндсэн хуулийг хямрал руу түлхэх нь. Төрийн бүх албан хаагчид тэтгэврийн нас адилхан үйлчилдэг. Ийм зарчимгүй зүйл болж байгааг Х.Нямбаатар сайд мэдэж байгаа юу?
Х.Нямбаатар: -Ийм зүйл болсон.
Б.Баярсайхан (УИХ-ын гишүүн): -Хуулиас илүүтэй мэргэжлийн хяналтын байцаагч нарын ёс зүй, хандлагад анхаарал хандуулмаар байна. Үүнтэй байгууллагын удирдлага нь санал нийлэх үү?
Б.Баасандорж: -Манай албан хаагчдын ажиллах нөхцөл маш муу байдаг. Өөрсдөө, орчин, стандарт шаарддаг атлаа маш хүнд нөхцөлд ажилладаг. Байцаагч нарын дунд сайн, муу аль аль нь бий. Үүнд том бодлого, сургалт хэрэгтэй. Төрийн албан хаагчид ч суралцаж, мэргэших ёстой.