Хүний эрх зөрчсөн хэмээн түшмэдийнх нь эсрэг Вашингтон хориг арга хэмжээ авсны хариуд ижил алхам хийнэ гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь мэдэгдэв. Түүний хэлснээр, АНУ-ыг “дэлхийн хүний эрхийн гол зөрчигч”, ялангуяа хүмүүсийг арьсны өнгөөр ялгаварлан гадуурхагч хэмээн БНХАУ-ын эрх баригчид үзэж байна. “Хятадыг ямар ч шалтгаангүйгээр гүтгэхээ” зогсоохыг АНУ-аас шаардсаныг тэрбээр уламжлав. АНУ-ын Төрийн департамент Хятадын хэд хэдэн түшмэлийн эсрэг визийн хязгаарлалт тавьсан юм. Ингэхдээ тэднийг хүний эрх зөрчиж, Хятад болон бусад оронд шашин шүтлэг, үндэстний цөөнхийг хэлмэгдүүлсэн гэж Вашингтон буруутгасан байна. Ван Вэньбинь мөн Орос, Японы харилцаа муудаж байгааг онцлоод, Москва, Токиогийн харилцаа хэвийн болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.