Хятадын өмнөд нутагт осолдсон, иргэний агаарын тээврийн “China eastern airlines” компанийн “Boeing 737” онгоцны зорчигчид болон багийн гишүүдийг хараахан олоогүй байгаа тухай тус улсын Төв телевиз мэдээллээ. Харин зорчигчдын хувийн эд зүйлс, тухайлбал, шатсан хэтэвч, бичиг баримт зэргийг олсон гэнэ. “Осолдсон онгоцонд гадаадын зорчигч байгаагүй” гэж тус компани мэдэгджээ. Цаг агаарын байдлын улмаас ослын газарт эрэн хайх, аврах ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа аж. Уг онгоц Хятадын Гуанси-Жуаны өөртөө засах орны Ужоу тойргийн Тэн хошуунд осолдсон тухай тус улсын Иргэний агаарын тээврийн удирдах газар мэдээлсэн юм. Ослын газарт ойн томоохон түймэр дэгдсэн байна. 2015 оноос ашиглаж байгаа уг онгоцонд багийн есөн гишүүнийг оруулаад 123 хүн сууж явжээ. Ослын дараа “Boeing 737-800” загварын бүх онгоцыг нислэгт ашиглахыг түр зогсоосон байна. Америкийн нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing” компани ослын шалтгааныг мөрдөн шалгахад Хятадын эрх баригчдад туслахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.