Беларусь, Польшийн хил дээрх цагаачдыг байрлуулах төвийг хааж, Минскээс 98 дүрвэгчийг Иракийн Эрбил хот руу нисэх онгоцоор нүүлгэн шилжүүлэв. Эх оронд нь буцах ажиллагааг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын тусламжийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулжээ. Гадаадын үлдсэн иргэдийг дараагийн нислэг хүртэл өөрсдийнх нь хүсэлтээр зочид буудал, сувиллын газарт түр байрлуулсан гэнэ. Энэ сарын 20-нд Беларусийн Улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Дмитрий Шевцовын хэлснээр тэр үед Польштой хиллэдэг тээвэр, ложистикийн “Брузги” төвд 400 гаруй цагаач байв. Өнгөрсөн оны эхнээс дүрвэгсдийн зорьсон Латви, Литва, Польш улстай залгаа Беларусийн хил дээрх цагаачлалын хямрал арваннэгдүгээр сард эрс хурцадсан юм. Тэр үед Беларусийн талаас хэдэн мянган хүн Польшийн хил рүү ойртож, зарим нь өргөст тор даван Польшийн нутаг дэвсгэрт нэвтрэхийг оролдсон билээ. Үүний дараа хилийн ойролцоох “Брузги” төвд 2000 орчим хүн байрлуулжээ. Тэрчлэн Беларусийн эрх баригчдын мэдээлснээр хилийн бүсээс тус улсын нутаг дэвсгэрт Ойрхи Дорнодоос 2-3 мянган дүрвэгч байсан аж. Цагаачдын нэг хэсэг нь тусгай нислэгээр Беларусиас эх орондоо буцсан байна.