Украины тал аюулгүй байдлын баталгаа авсны дараа Крым болон Донбассын статусыг хүлээн зөвшөөрөх асуудлыг хэлэлцэхэд бэлэн байгаагаа тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэв. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахдаа эдгээр асуудлыг хэлэлцэхэд бэлэн гэдгээ тэрбээр Европын болон Украины хэд хэдэн телевизэд ярилцлага өгөхдөө хэлжээ. “Энэ уулзалтаас шийдвэр гарахгүй гэдэгт итгэлтэй байна. Учир нь аюулгүй байдлын баталгааны асуудлаар бид Үндсэн болон бусад хууль тогтоомжийг өөрчлөх талаар ярина. Хэрэв энэ талаар яривал зөвхөн Украины Ерөнхийлөгч төдийгүй парламент, ард түмэн шийдэх учиртай” гэж В.Зеленский тодруулжээ. Киев яриа хэлэлцээний үеэр Украиныг “Австри, эсвэл Шведийн хувилбараар төвийг сахисан, цэрэггүй улс” болгох саналаа дэвшүүлснийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский урьд нь мэдэгдсэн. Украиныг төвийг сахисан улс болгох ийм хувилбар одоо яригдаж байгаа бөгөөд үүнийг буулт гэж үзэж болно гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков сэтгүүлчдэд мөн хэлсэн билээ.