Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт Төрийн ордонд эхэллээ. Хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн, шийдвэр гаргахаар төлөвлөжээ. Өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэхээр болжээ. Үүнд: Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хурлаас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, Урьдчилсан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг шинжилгээний талаар, Нийслэлийн хүн амын хаврын улирлын хэрэгцээнд бэлтгэсэн махыг худалдаалахтай холбогдуулан авах зарим арга хэмжээ зэрэг 28 асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Эргэн сануулахад, Өнгөрсөн долоо хоногийн засгийн хуралдаанаар "Атарын IV" аяныг эхлүүлж байгаа талаар мэдээлэл хийсэн. Мөн хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд 50 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэсэн бол, Эрүүл мэндийн сайд С.Энхболд томуу, томуу төст өвчний халдвар улсын хэмжээнд их байгааг дурдаж, улсын орны хүрэлцээ 97 хувьд хүрсэн гэх мэдээллийг танилцуулсан билээ.