Өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Эдгээр нь 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлж буй хууль юм. Тодруулбал, Үндсэн хуулийн 6.2-т “… Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй…” гэсэн нэмэлт, өөрчлөлтийг “амилуулахын” тулд эдгээр төслийг боловсруулжээ. Үүнд харьяа нутаг дэвсгэрийн хүрээнд газрын хэвлийн баялгийн ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж буй нөлөөлөл, нөхөн сэргээлт болон эрх бүхий байгууллагаас хяналтын чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар иргэдэд нээлттэй мэдээлэх, байгаль орчны төлөв байдлын мэдээлэлд тусгаж, ИТХ-д тайлагнахаар тусгасан байна. Хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүн дараах байр суурийг илэрхийлсэн юм.
Ш.Адьшаа (УИХ-ын гишүүн): -Уг төслийг хэлэлцэх нь зүйтэй. Үндсэн хуульд газрын доорх болон дээрх баялаг Монголын ард түмний өмч байхаар заасан. Гэтэл үүнтэй холбоотой зохицуулалтыг энэ төсөлд орхигдуулжээ. Тухайлбал, газрын дээрх баялаг болох ховор ан амьтдыг аялал жуулчлалын зориулалтаар агнах нэрийдлээр устгаж ирсэн. Үүний төлөө нууц тогтоол гаргасан байдаг. Бүр мафи ч бий болсон. Б.Бат-Эрдэнэ (Байгаль орчин, аялал жуулчлалын сайд): -Уг төсөлд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад хамаарах зохицуулалтыг тусгасан. Өөрөөр хэлбэл, тэд нөхөн сэргээлт, түүний үр дүнгийн талаарх мэдээллээр иргэдийг хангах үүрэгтэй. Тиймээс таны асуугаад байгаа зүйл ил тод болно гэсэн үг.
Ш.Адьшаа: -Би нөхөн сэргээлтийн талаар асуугаагүй. Та асуултаа ойлгоогүй юм уу, аль эсвэл хариулахаас татгалзаад байна уу?
Б.Бат-Эрдэнэ: -Энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг танд цаасаар хүргүүлж болно.
С.Чинзориг (УИХ-ын гишүүн): -Орон нутгийн удирдлагуудын гаргасан шийдвэрийн дагуу нөхөн сэргээлт хийх нэрийдлээр газар ухаж байгаа талаар иргэд их ярьдаг. Энэ талаар судалгаа хийсэн үү. Орон нутаг дахь ус, цаг уур, орчны шинжилгээний албанд ажиллаж байгаа хүмүүсийн цалинтай холбоотой асуудал орхигдчихсон юм билээ. Цаашлаад ажлын байр, багаж, тоног төхөөрөмжийн хүрэлцээ ч муу. Үүнд анхаарахгүй юм уу. Мөн “Улаан ном”-д орсон цоохор ирвэс говьд элбэг болсон гэнэ. Говийн ойролцоох аймгуудад уул уурхайн олборлолт их хийдэг учраас дайжиж ирдэг байж ч магадгүй. Үүнд анхаарал хандуулж байна уу?
Б.Бат-Эрдэнэ: -Улсын хэмжээнд зайлшгүй нөхөн сэргээх шаардлагатай, эвдэрч сүйдсэн 30 мянга орчим га талбай бий. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт найман га талбайг нөхөн сэргээхээр тусгасан. “Оюутолгой”, “Эрдэнэт үйлдвэр”-тэй хамтарч эхний ээлжид 2300 орчим га талбайг нөхөн сэргээх гэрээ хийсэн. Ус, цаг уур орчны шинжилгээний албаны ажилтнуудын цалин тулгамдсан асуудлуудын нэг мөн. Аймгуудын төвд байгаа байр нь 1956, зарим нь 1967 онд ашиглалтад орсон. Шинэ төхөөрөмж байхгүй. Сүүлийн 20 жилд энэ чиглэлээр хөрөнгө оруулалт хийгээгүй. Тулгамдсан олон асуудал бий. Зарим аймагт шилжин байрлах байрыг нэмж ашиглахаар болсон. Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангайн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг, уул уурхайн хариуцлагагүй компаниудын улмаас ховордсон ан амьтан Хятад руу шахагдаж, амьдрах орчин нь хумигдаж байна. Энэ чиглэлээр төлөвлөсөн ажил бий. Ховордсон ан амьтныг хамгаалах, нутагшуулах, нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардлыг төсөвт суулгасан. Үүний дагуу зарим ан амьтныг байгалийн цогцолборт газрууд руу шилжүүлнэ.
Б.Энхбаяр (УИХ-ын гишүүн): -Нэгдүгээр сарын 17-нд болсон байнгын хорооны санал, дүгнэлтэд миний хэлсэн үгийг дурдаагүй байна. Уг төслийг хэлэлцэхийг би дэмжээгүй. Учир нь 2021 оны арваннэгдүгээр сард Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан эл төслийг өргөн барьсан. Гэтэл бид Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг баталчихсан шүү дээ. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний талаар иргэд мэдээлэл авах эрхтэй, төрийн байгууллага үүнийг өгөх үүрэгтэй гэж уг хуульд заасан юм. Өөрөөр хэлбэл, энэ төсөлд тусгасан зохицуулалтыг Нийтийн мэдээллийн тухай хуульд оруулчихсан гэсэн үг. Гэтэл нөгөө асуудлаа өнөөдөр дахиад л яриад сууж байна. Мөн Н.Уртнасан сайд яагаад тусдаа ийм төсөл өргөн барьсныг би сонирхож үзсэн юм. Байгаль орчин, аялал жуулчлалын яам гадаадын санхүүжилтээр олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг юм байна. Тэдгээрийнхээ хүрээнд ийм хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэж гадаадын байгууллагаас мөнгө авдаг бололтой юм. Миний сонссоноор бол Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг шинэчилнэ гэж нэг тэрбум төгрөг зарцуулсан гэсэн. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нэрийдлээр гадаадын байгууллагаас хэдэн төгрөгийн санхүүжилт авсан юм бол доо. Энэ нь бараг ганц өгүүлбэртэй хууль шүү дээ. Удахгүй Газрын тухай багц хуулийн хүрээнд тусгай хамгаалалттай газрын талаар ярих болно. Өнгөрсөн 30 жилд юу болсныг бид мэдэж байгаа. Тэрэлж, Богд уул, Яармаг гээд бүгд “будаа” болсон. Тэнд барьсан, барьж байгаа орон сууцууд нь бүгд “отог” гэсэн газрын зөвшөөрөлтэй. Отог дээр олон давхар орон сууц барьж байна гэсэн үг. Газрын багц хуульд нэгдмэл удирдлагыг хуульчлах ёстой. Байгаль орчин, уул уурхай, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан, үе үеийн сайд нар бүгд өөрсдөө газрын талаар эрх мэдэлтэй байх гэж хуулийнх нь шинэчлэлд садаа болдог. Б.Бат-Эрдэнэ сайд залуу хүний хувьд газрын мафи, авлигыг таслан зогсооно гэдэгт итгэж байна.
Б.Бат-Эрдэнэ: -УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу энэ хуулийн төслийг өргөн барьсан.
Г.Занданшатар (УИХ-ын дарга): -Нийтийн мэдээллийн тухай хуулиар ерөнхийд нь зааж өгсөн. Харин одоо энэ хуулиар ИТХ-д тайлагнах механизмыг нь оруулж ирж байгаа юм. Нэмэлт зохицуулалт гэсэн үг.
Н.Алтанхуяг (УИХ-ын гишүүн): -Б.Энхбаяр гишүүний хэлдэг шиг, хуулиудын давхардал, хийдлийг УИХ хянаж үзмээр юм. Илүү ажил хиймээргүй байна. Байгаль орчны чиглэлийн үнэлгээ, шинжилгээ нь байгууллага болон иргэдэд мөнгөний дарамт учруулж байна. 10:10 метрийн харьцаатай газар дээр байшин барих гэж үйлээ үзэж байгаагаа нэгэн иргэн хэлсэн. Байгаль орчны хоёр үнэлгээ хийлгэхэд л 1.6 сая төгрөг төлдөг юм байна. Газар худалдаж авсан хүмүүст баахан дарамт учруулдаг нь ямар учиртай юм бэ.
Б.Бат-Эрдэнэ: -Байгалийн нөөц, баялгийг ашиглан явуулж байгаа төсөл, хөтөлбөрт үнэлгээ хийлгэдэг. Өөрөөр хэлбэл, тухайн төсөл байгаль орчинд ямар нөлөөлөл үзүүлэхийг тодорхойлдог гэсэн үг. 10:10 метрийн харьцаатай газар дээр байшин барих биш, ямар нэгэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн учраас л үнэлгээ хийлгэсэн байх ёстой. Үнэлгээг нь хувийн компаниуд хийдэг учраас төлбөр, мөнгийг нь мэдэхгүй байна.
Ё.Баатарбилэг (УИХ-ын гишүүн): -Аймгуудад ч утаа тулгамдсан асуудал болсон. Үүнийг төр, засгийн бодлогын хэмжээнд нэгдмэл байдлаар хөрөнгө оруулалт хийж, шийдэх боломж байна уу. Тойргоос сонгогдсон гишүүнийг “Утааг арилга” гэж шаарддаг. Уг нь энэ чинь Засгийн газрын ажил шүү дээ. Гэтэл гишүүд нь өөрсдөө хөөцөлдөөд Архангай аймгийн төвд утаагүй түлшний үйлдвэр бариулах гээд зураг, төслийг нь хийлгэж байна. УИХ-ын гишүүд нь хууль баталж, хэрэгжилтийг нь хянаж, шалгах үндсэн ажлаа хиймээр байх юм. Хоёрдугаарт, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах боломжтой юу. Архангай аймгийн төвд байдаг Булган уулыг 1956 онд дархан цаазат болгосон. 1990-ээд онд зэрэглэлийг нь бууруулж, түүх, соёлын дурсгалт газар болгосон байдаг. Ямар шаардлагаар дархан цаазат болгодог юм бэ. Стандартаа өөрчилж болохгүй юу. Уг нь Булган уулын дэргэд 200-300 жилийн настай хүрээ, хийд байдаг. Тэр уул сүйдэж дууслаа. Харуул хамгаалалт байхгүй учраас түүхийн дурсгалт бүтээлүүдийг устгаж байна. Уг нь аялал жуулчлалын том брэнд, төв болох уул юм сан.
Б.Бат-Эрдэнэ: -Сайдын хувьд Орчны бохирдлыг бууруулах хорооны даргаар ажилладаг. Ажлаа авснаас хойш хороог гурван удаа хуралдуулсан. Өнгөрсөн хугацаанд зөвхөн нийслэлийн утаанд гол анхаарлаа хандуулж ирсэн. Нэгдсэн стандарт гаргаагүй. Орон нутагт утаа ихэссэн учраас нэгдсэн стандарт тогтоох ёстой. Зарим аймаг, сумын утааны дэргэд нийслэлийнх харьцангуй гайгүй юм байна лээ. Энэ жилийн төсөвт 56 тэрбум төгрөг тусгасан ч Цагаан сарын өмнө тодотгол хийж, 10 тэрбумыг нь хассан. Нэгдсэн бодлогоо Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Эрдэмтдийн багтай хамтран нэгдсэн төлөвлөгөө гаргана. Булган уулыг дархан цаазат болгох хүсэлт ирүүлсний дагуу хариуцсан газар нь судалгаа хийж байгаа.