Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн өнгөрсөн оны биелэлт, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2020-2024 оны үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газар 2020 онд баталсан. Эл төлөвлөгөө нь зургаан бодлого, 259 зорилтын хүрээнд хэрэгжүүлэх 1087 арга хэмжээтэй. Үүний хэрэгжилт өнгөрсөн оны байдлаар 74.5 хувьтай байгааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга танилцуулав. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 18.4-т “Засгийн газар улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлд аудит хийлгэхээр жил бүрийн хоёрдугаар сарын 1-ний дотор төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлж, гуравдугаар сарын 15-ны дотор УИХ-д өргөн мэдүүлж, парламент дөрөвдүгээр сарын 1-ний дотор хянан хэлэлцэнэ” гэж заасан байдаг.