Ардчилсан намын даргын сунгаан дөрөвдүгээр сарын 6-нд болно. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар үнэмлэхээ гардан авлаа.
Энэ үеэр Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Би одоо 21 аймгаараа явна. Ардчилсан намын даргын сунгаа бол ганц намын асуудал биш. Монгол Улс цаашдаа парламентын засаглалтай, ард түмэн нь иргэдээ парламентад сонгодог парламент байх уу, үгүй юу гэдгийг шийдэх сонгуульт сунгаа юм. Тийм учраас Ардчилсан намын даргын сунгаа гэж битгий ойлгоорой. Монгол Улс парламентын засаглалтай байх эсэхийг тогтооно. Өнөөдөр төрд хэт олонх гарч, төрийн гурван өндөрлөг нь нэг намаас сонгогдсон. Ардчилсан нийгэмд ямар байгааг бид амьдралаараа, яс махаараа мэдэрч байна. Тийм учраас Ардчилсан нам парламентад тодорхой хүчин зүйлтэй суух эсэхийг шийдэх сонгууль гэж өөрийгөө сонгуульд "сойж" байна" гэв.
Мөн түүний зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Ууганбаяр их хэмжээний зээл авсан нь ил болсон. Уг асуудлын талаар дараах тайлбар мэдээллийг өглөө. Тэрбээр,"Хөгжлийн банк дээр тийм зүйл байхгүй. Надад олон зөвлөх байсан, одоо ямар ч холбоогүй. Надад ямар ч асуудал байхгүй. Би "Хөгжлийн банк"-тай ямар ч холбоогүй. Бүгд гүтгэлэг. Бүтэн жил над руу дайрлаа" гэх тайлбарыг өглөө.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Нийт сонгогчдын 50 хүрэхгүй хувиар улс төрийн нэг нам монополь тогтоож байна. Бид бүхэн үүнийг засаж залруулж ард түмний хүсэл мөрөөдлийг хангасан парламентад суудалтай ялдаг нам байхын төлөө нэрээ дэвшүүлж байна. Өнгөрсөн 32 жилийн түүхэнд Ардчилсан нам үндсэндээ ялж, олонх болж байгаагүй. Харин улам олуулаа болж байсан түүхтэй. Тэгэхээр миний хувьд олонх болж, ялахын төлөө зүтгэнэ. Ингэж ялахын тулд дунд бөгөөд анхан шатны намаа бэхжүүлж, дарга ангийн эрх мэдлийг дунд, анхан шатанд аваачиж, ард түмний хүсэн хүлээсэн нэр дэвшигч болж, парламентад олон суудал авах юм. Тэгснээр нийгэмд бухимдаж буй олон асуудлыг шийдэх бүрэн боломжтой" гэж хэлэв.