УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан, өдгөө Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч гэх албан тушаал эрхэлж буй Д.Оюунхоролыг одоогоос хоёр жилийн өмнө хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэлсэн. Түүнийг эрх мэдэл албан тушаалаа ашиглаж, хамаарал бүхий аж ахуйн нэгж, дүү нартаа давуу байдал бий болгосон үндэслэлээр цагдаагийн байгууллагынхан анх шалгаж эхэлсэн байдаг. Улмаар прокурорын байгууллагаас тогтоосон харьяаллын дагуу хэргийг нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар шилжүүлсэн юм билээ. Тэгвэл НПГ-аас Д.Оюунхоролыг яллагдагчаар татах тогтоол баталж, түүнийг нь танилцуулаад удаагүй байгаа талаар эх сурвалжууд хэллээ. Уг нь 2021 оны арванхоёрдугаар сард түүнийг яллагдагчаар татахаар болоод байсан ч МАН-ын 30 дахь их хурал хуралдсан, Д.Оюунхорол тухайн үед эрүүл мэндийн байдал буюу хүндэтгэн үзэх шалтгаанаар прокурор, мөрдөгчийн дуудсан цагт очиж чадахгүй болсон зэрэг цөөнгүй шалтгааны улмаас хойшлуулсан юм байна. Улмаар энэ он гарснаас хойш удалгүй яллагдагчаар татах тогтоолыг нь танилцуулсан аж. Хууль сахиулах байгууллагынхан түүнийг гурван ч үндэслэл бүхий баримтын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн агаад нэг бус үндэслэлээр яллагдагчаар татах тогтоол прокурор баталсан гэнэ. Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байхдаа Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай бүсийн, Хан-Уул дүүргийн IV хорооны нутагт харьяалагдах хэсэг болох Нүхтийн аманд төрсөн дүү Д.Баттулгын нэр дээр 0.9 га газар зуслангийн зориулалтаар авсан. Тэр газартаа хотхон барьсан гэх нэг үйлдэл бий аж. Мөн төрсөн дүү Д.Дамдинсүрэндээ 2015 оны долдугаар сард Нүхтийн аманд аялал жуулчлалын зориулалтаар газар олгосон байдаг бөгөөд тэр газарт нь амины орон сууц (хаус) барьсан нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл гэж буруутгаж буй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд “Аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах”-ыг зөвшөөрдөг. Харин үүнээс өөр зориулалтаар барилга байгууламж барихыг хориглодог атал салбар хариуцсан сайд нь албан тушаалаа урвуулж, хууль зөрчин хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал олгосон хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм билээ. Эдгээрээс гадна “Отгонтэнгэр групп” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Тоскана интернэйшнл гарден” хэмээх, 1853 айлын орон сууцын хотхоны бүтээн байгуулалттай холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл ч бий. Хан-Уул дүүргийн нутаг, Яармагийн 118 дугаар сургуулийн баруун талд барилга барьж буй дээрх компанийн хөрөнгийн эх үүсвэр нь тодорхойгүй, хууль бусаар газар авч ашиглан, мөнгө угааж байж болзошгүй гэсэн үндэслэлээр одоогоос хоёр жилийн өмнө хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байдаг. Эх сурвалжуудын мэдээлснээр “Отгонтэнгэр групп” ХХК-д 2014 оны наймдугаар сард нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас орон сууцын цогцолбор барих зөвшөөрөл олгосон аж. Харин дээрх компанийн 40 хувийг гадаадын хөрөнгө оруулалттай “Бээжин сино инвестмент девелопмент” компани эзэмшдэг гэнэ. Гадаадын хөрөнгө оруулалттай компанид газар ашиглуулах болбол Газрын тухай хуулийн 44.4 дэх хэсэгт заасан “Монгол Улсад байнга (183 хоногоос дээш хугацаагаар) оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд газрыг зөвхөн гэр бүлийн хамтын хэрэгцээний нь зориулалтаар ашиглуулах асуудлыг дуудлага худалдааны зарчмаар тухайн шатны Засаг дарга шийдвэрлэнэ” гэснийг зөрчсөн байж болзошгүй хэмээн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн юм билээ. УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролын хувьд өмнө нь эрх мэдлээ урвуулж, Төсвийн, Барилгын, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчиж, “Гранд повер” гэх өөрийн үйлдвэргүй байсан компанид давуу байдал олгосон гэх хэрэгт шалгуулж, АТГ-аас яллагдагчаар татах санал НПГ-т хүргүүлсэн ч шийдвэрлээгүй өнгөрсөн талаар бид цаг тухайд нь мэдээлж байв.
Бэлтгэсэн Г.Равжаа