Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-ын Хилийн тагнуулын газрын даргаар ажиллаж байсан хурандаа Н.Адъяа, тус газарт эрх бүхий албан тушаал хариуцаж байсан Ч.Дашдорж, А.Сумъяа нарыг хээл хахууль авсан, Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн хэрэгт холбогдуулан 2015 оны аравдугаар сараас хойш шалгаж, анхан шатны шүүхээс нэг бус удаа гэм буруутайд тооцож байсан юм. Гэвч давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг буцаасаар байгаад Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулан хэргийг нь хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ. Дээрх хоёр хурандаа Б.Насанжаргал гэх хүнээр зуучлуулан хилээр эртний түүх соёлын ховор эд зүйл нэвтрүүлэхийг завдсан Г.Батчулуун, Б.Эрхэс-Од, С.Сугар нараас хахууль авсан, Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн хэрэгт холбогдуулан тагнуулын байгууллага шалгасан юм. Өөрөөр хэлбэл, Хилийн тагнуулын удирдлагыг гүйцэтгэх ажлын шугамаар олж авсан мэдээллээ ашиглаж, хэрэгт холбогдсон хүмүүсээс хахууль авсан хэмээн буруутгасан. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тэдэнд холбогдох хэргийг хэлэлцээд Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчсөн, хахууль авсан, өгсөн гэм буруутай нь тогтоогдсон гэж дүгнэсэн юм. Улмаар Н.Адъяа, Ч.Дашдорж, А.Сумъяа, Б.Насанжаргал нарын үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна. Г.Батчулуун, Б.Эрхэс-Од, С.Сугар нарыг хахууль өгсөн гэм буруутайд тооцоод 2015 онд УИХ баталсан, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулж, хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ. Харин хахуульд авсан мөнгийг хилийн тагнуулын хоёр албан тушаалтнаас гаргуулан улсын орлогод хураан авахаар шийдвэрлэсэн байна.