Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Жаргалсайхан болон Санхүү, бүртгэлийн тасгийн дарга, ахлах нягтлан бодогч Б.Долгормаа нарт холбогдох хэргийг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэлээ. Тэд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн шаардлага хангаагүй, Сүхбаатар дүүрэгт оршин суудаг С.Л гэх хүнд тэтгэмж олгуулсан хэрэгт холбогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, ажилгүй болохоос өмнөх 24 сараас доошгүй хугацаанд тасралтгүй ажиллаагүй, үүнээс сүүлийн есөн сард нь даатгалын шимтгэлийг тасралтгүй төлөөгүй, ажлаас халагдсаны дараа 14 хоногийн дотор харьяалах Нийгмийн даатгалын хэлтэстээ бүртгүүлээгүй зэрэг зөрчилтэй байхад нь хэлтсийнхээ орлого, шимтгэлийн байцаагчид нөлөөлөн, түүгээр тэтгэмж бичүүлж, цахим санд шивүүлэн 3.7 сая төгрөг олгуулсан байдаг.
Шүүх тэдний гэм буруутай, эсэхийг өчигдөр хэлэлцээд Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Жаргалсайхан болон Санхүү, бүртгэлийн тасгийн дарга, ахлах нягтлан бодогч Б.Долгормаа нарын нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, тус бүрийг нь 5.4 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, хоёр шүүгдэгч давж заалдахгүй бол албан тушаалаас нь чөлөөлөх нөхцөл бүрдэх юм байна.