“Бэрэн групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Мөнхтөрд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн суллах захирамж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч гаргалаа. Тус компани Хөгжлийн банкнаас 2017 оны аравдугаар сард 33.2 тэрбум төгрөгийн зээл авсан ч түүнийгээ зориулалт бусаар ашиглаж, мөнгө угаасан хэмээн АТГ-ын ажлын хэсгийнхэн эрүүгийн хэрэг үүсгэн түүнийг цагдан хорьж шалгаж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл, Б.Мөнхтөрд Эрүүгийн хуулийн 18.6-1, 22.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан бөгөөд цагдан хорьж шалгах хугацааг сунгуулах санал НПГ-аас дээрх шүүхэд өнгөрсөн баасан гарагт хүргүүлсэн аж. Уг саналыг уржигдар шүүгч хянаад хэрэгт цугларсан баримт, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан талуудын тайлбартай танилцахад Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хоёрдугаар сарын 22-ны 110-я дугаартай шүүгчийн захирамжид заасан баримт, мэдээлэл авагдаагүй байна гэж үзжээ.
Тиймээс Б.Мөнхтөрийг яллагдагчаар цагдан хорих үндсэн хугацаа болон үргэлжлүүлэн яллагдагчаар цагдан хорих хугацааг сунгах саналыг хүлээн авахаас татгалзсан байна.