УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, намын дарга асан С.Эрдэнэ нар өчигдөр мэдээлэл хийв. Ингэхдээ Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр УИХ-ын гишүүн Ц.Туваан, Ж.Батсуурь болон Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг нарыг шалгуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандсанаа дуулгалаа. С.Эрдэнэ “АН-ын хууль ёсны тамга тэмдэггүй этгээдүүдийн барьж байгаа тамгыг хүчингүйд тооцсон эцсийн шийдвэрийг зохих байгууллагаас гаргасан. Өөрөөр хэлбэл, АН-д тамганы маргаан байхгүй. Одоо ганцхан асуудал байгаа нь надаас тамга түр хүлээж авсан Ц.Туваан энэ намыг төлөөлөх эрхтэй, эсэхийг шүүх шийдвэрлэх ёстой” гээд АН-ын даргын сунгаа, дөрөвдүгээр сард товлоод буй их хурлыг хууль бус хэмээсэн юм.