Улаанбаатар хотод өдгөө 2800 айл үерийн эрсдэлтэй бүс буюу голын ай сав, үерийн байгууламж, гуу жалга орчимд оршин сууж байна. Холбогдох албаныхны мэдээлснээр тэдгээр айлын олонх нь эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүйгээр суурьшсан байдаг аж. Онцгой байдлын байгууллагаас жил бүр үерийн эрсдэлтэй бүс дэх айлуудад нүүх зөвлөмж, шаардлага хүргүүлдэг ч биелүүлдэг нь ховор гэнэ. Зарим тохиолдолд албадан нүүлгэдэг ч хэсэг хугацааны дараа буцаад ирчихдэг юм байна. Ийм шалтгаанаар жил бүрийн өвөл цөөнгүй айлын гэр, хашаа, байшин халиа, тошинд автаж, хавар нь үерт өртөх тохиолдол гардаг байна. Ялангуяа Баянзүрхийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сэлбэ голын дагуух айлууд усанд автах эрсдэлтэй байгааг дүүргийн Онцгой байдлын хэлтсээс анхаарууллаа. Нийслэлд өдгөө үерээс хамгаалах 158 км далан суваг, инженерийн байгууламж, авто замын ус зайлуулах 176.2, хөрсний ус зайлуулах 18.8 км шугам сүлжээ бий аж. Гэсэн ч эдгээр нь хангалтгүй бөгөөд хотыг үерийн эрсдэлээс сэргийлэхийн тулд нэмэлтээр 300 гаруй км инженерийн байгууламж, шугам сүлжээ шаардлагатай гэнэ.
Бэлтгэсэн М.Оч