УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганыг өчигдөр эхлүүлэв. Өнгөрсөн сонгуулиар бүрдсэн, үнэмлэхүй олонх бүхий парламентын бүрэн эрхийн хугацаа үндсэндээ талдаа орлоо. Нээлтийн үгэндээ УИХ-ын дарга Г.Занданшатар цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан гурван багц асуудалд анхаарал хандуулахыг гишүүдээс хүсэв. Юуны түрүүнд гадаад орчин эмзэг байгаа энэ үед монголчууд оюун санаа, үнэт зүйлийн эв нэгдэлтэй байж “Дайны хажуугаар дажин” гэгчээр буруу, зөрүү ойлголтоор бусдыг төөрөгдүүлэх, учир начрыг нь олоогүй байж яаруу, гоомой дүгнэлт хийж, нийгэм, олон нийтийг өдөөн турхирах үйлдлээс ангид байх нь чухал гэдгийг тэрбээр онцолсон. Харин хуралдааны танхимд УИХ-ын гишүүн Г.Дамдинням “No war, yes peace” хэмээн томоор бичиж, ширээн дээрээ байрлуулсан байв. Манай хойд хөрш ОХУ Украины нутагт цэргээ оруулсан явдалд Монгол Улс НҮБ-ын хуралдаанд түдгэлзсэн байр суурь илэрхийлсэн энэ үед эрхэм гишүүний эл үйлдэлд “Браво” гэмээр санагдлаа Юутай ч олон улсын тавцанд бий болсон хурцадмал байдал нь инфляцын хөөрөгдөл, зарим бараа, бүтээгдэхүүний хомсдол, ханшийн уналт, бүс нутгийн хөрөнгө оруулалтын эрсдэл зэргээр манай улсын эдийн засаг, иргэдийн амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байгаа тул төрийн эрх барих дээд байгууллагын зүгээс төсөв, мөнгөний бодлогыг оновчтой уялдуулж, зөв удирдах шаардлагатай байгаа тул даруй анхаарах хэд хэдэн асуудлыг УИХ-ын дарга нэрлэв. Үүнд үнийн өсөлтийг бууруулах, импортыг орлох, экспортыг дэмжих мөнгө, зээл, төсөв, татварын бодлогыг яаралтай хэрэгжүүлэх, өрийн удирдлагын төлөвлөгөөг яаралтай батлах, нийгмийн халамжийн бодлогыг зорилтот бүлэгт чиглүүлэх зэрэг арга хэмжээ багтжээ.
Нөгөө талаас иргэдийн хувьд нэн тулгамдсан асуудлууд болох хүнсний барааны болон шатахууны үнийн өсөлт, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанар, Улаанбаатарын замын түгжрэл, ядуурал, иргэдийн амьжиргааны доройтол гээд улсын хэмжээнд тулгамдсан, шийдлээ хүлээж буй зүйлсэд ч анхаарлаа хандуулна гэв. Ташрамд дурдахад, чуулганы нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцсон бөгөөд дараа нь олон улсын нөхцөл байдал хийгээд гадаад, дотоод аюулгүй байдалтай холбоотой асуудлаар ҮАБЗ-өөс УИХ-ын гишүүдэд хаалттай мэдээлэл өгсөн юм. Мөн энэ өдөр эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, үе үеийн намын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсээс бүрдсэн Улс төрийн бодлогын зөвлөлөөс гаргасан, олон улсын нөхцөл байдлын талаарх санал, зөвлөмжийг хэлэлцжээ. УИХ-ын даргын онцолсон гурван зүйлийн нэг нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг цаг алдалгүй хэрэгжүүлэхтэй холбоотой. Тэрбээр “Үүнийг амжилттай хэрэгжүүлж чадвал эдийн засгийн өсөлт дунджаар зургаан хувьд хадгалагдаж, нэг хүнд ногдох үндэсний орлого хоёр дахин нэмэгдэнэ. Ажиллах хүчний оролцооны түвшин 65 хувьд хүрч, боомтын хүчин чадал гурав, эрчим хүчний эх үүсвэр хоёр дахин өсөх юм. Товчоор хэлбэл, Монгол Улс шинэ сэргэлтийн сэргэн мандлын замд гарна” хэмээлээ. Үүний тулд УИХ-аар нэн яаралтай хэлэлцүүлэх долоо, энэ ондоо үе шаттайгаар өргөн мэдүүлж, батлах 20 хуулийн төсөл бий. Тодруулбал, Зарим төрлийн төрийн хяналт, шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох, Мэргэжлийн нэгдсэн холбоодын эрх зүйн байдлын болон Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн тул эхний ээлжид хэлэлцэх аж. Харин Төр, хувийн хэвшлийн түншлэлийн, Худалдан авах ажиллагааны, Үндэсний баялгийн сангийн, Эдийн засгийн сэргэлтийг дэмжих хөгжлийн төслийг санхүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, Хөгжлийн сангийн, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн болон Дампуурлын тухай зэрэг хуулийн төслийг ойрын үед боловсруулах бололтой. УИХ-ын Тамгын газраас гаргасан судалгаагаар хэлэлцүүлгийн шатанд 102 хууль, тогтоомжийн төсөл байгаагаас нэгдсэн хуралдаан, байнгын хороогоор хэлэлцэх, эсэхийг нь шийдвэрлэсэн 56 төсөл бий аж. Мөн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль, тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолд зааснаар нэн тэргүүнд хэлэлцэн батлах ёстой 31 томоохон хууль байгаагаас 14-ийг нь баталж, хоёр нь хэлэлцүүлгийн шатанд байна. Үндсэндээ энэ ажлын 50 хувийг ч нугалаагүй байна гэсэн үг. Үндэсний баялгийн сангийн, Улс төрийн намын санхүүжилтийн, Ерөнхийлөгчийн, Хот, тосгоны эрх зүйн байдлын, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон нэмэлт, өөрчлөлт оруулах тухай бусад хуулийн төслийг батлаагүй. Нэн тэргүүнд батлах ёстой эдгээр хуулийн заримынх нь төслийг өргөн бариагүй хэвээрээ. Хоёр жил гаруйн өмнө Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөө “амилуулах” үндсэн ажлаа хангалттай хийж чадахгүй байгаа тэд уг хуульд дахин гар хүрэх бодолтой байгааг даргынх нь үг нотлов. Тэрбээр “Парламент ард түмнээ бүрэн дүүрэн төлөөлөх учиртай. Бид ард түмний төлөөллийг хангалттай хэрэгжүүлж чадаж байгаа юу. Нийгмийн бүхий л ашиг сонирхлын бүлэглэлийг бүрэн төлөөлж чаддаг уу, иргэдийн засаглах эрхийг эдлүүлж чадаж байгаа юу гэвэл хангалттай биш байгаа. Энэ нь олон хүчин зүйлээс хамаарч байж болох ч одоо мөрдөж буй эрх зүйн тогтолцоотой нэлээд холбоотойг хэлэх хэрэгтэй. Тухайлбал, сонгуулийн тогтолцоог дурдаж болно. Тиймээс сонгуулийн тогтолцооны олон хувилбараас Монголын нөхцөлд хамгийн тохиромжтой, ард түмний төлөөлөх чадамжийг хангасныг нь сонгон хэрэглэх нь парламентын хийгээд намуудын төлөвшил, төгөлдөршил, ардчилсан засаглалын ирээдүй, улсын эрх ашигт гарцаагүй чухал гэдгийг бодолцож, шийдэл гаргах цаг болсон. Маргаан дагуулдаг өөр нэг асуудал бол парламентын гишүүдийн тооны тухай яриа юм. Үндсэн хуулийг баталж байх 1992 онд манай улс 2.1 сая иргэнтэй байсан бол одоо 3.4 саяулаа болсон. 30 жилийн өмнө нэг гишүүн 27.6 мянган хүнийг төлөөлж байж. Одоо нэг гишүүнд 44.7 мянган иргэн ногдож байна. Даруй 1.6 дахин өссөн гэсэн үг. Энэ хэрээр төлөөллийн чадамж суларсан байна. Тиймээс сайжруулах, эргэж харах цаг болсон гэдгийг Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр намуудын төлөөлөл санал нэгтэй хэлснийг онцлон тэмдэглэж байна” хэмээсэн юм. Эдгээр өөрчлөлтийг хийхийн тулд Үндсэн хуулиа эргэж харахаас өөр аргагүй. Гэвч эдгээр нь шинэ сэдэв биш. 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулах үеэр эдгээр асуудал хөндөгдөж л байсан. Нөгөө талаас сонгуулийн тогтолцоо, парламентын гишүүдийн тоотой холбоотой энэ мэт нэмэлт, өөрчлөлтийг хийх гэж л Үндсэн хуульд дахин гар хүрэх үү гэдэг нь эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, эдгээрийг дагалдуулан өөр бусад зүйлээр оролдохгүй гэх баталгаа үгүй. Наанадаж л шинээр байгуулсан хоёр яамыг харьяалах хүнтэй болгох, хариуцлага тооцуулах болзлоо хэдийн хангасан зарим сайдыг явуулахгүй өнөөдрийг хүргэсэн нь Засгийн газарт байх “давхар дээл”-тэй сайд нарын тоог хязгаарласантай холбоотой. Хоёр жилийн өмнө баталсан нэмэлт, өөрчлөлтөд дөрвөөр хязгаарласан “давхар дээл”-тэй сайдын тоог хойшид хэдэд хүргэх, огт хязгааргүй болгох уу гэдгийг үүний хүрээнд ярих болов уу хэмээн таамаглаж буй. Түүнчлэн ЖДҮХС-гаас эрх мэдэлтнүүд өөрсдөдөө, тойрон хүрээлэгчдэдээ зээл авч, жирийн бизнес эрхлэгчдийн урдуур орсон, ичгүүрт хэргийн жинхэнэ эздэд хариуцлага тооцоогүй явдлыг давтахыг хүсээгүй бол өнөөгийн эрх баригчид Хөгжлийн банктай холбоотой асуудлыг шалгаж, мухарлах ёстой. УИХ-аас байгуулсан ажлын хэсэг тус банканд хяналт, шалгалт хийж, сонсгол зохион байгуулснаар хэн, хэчнээн хэмжээний хөрөнгийг, ямар зорилгоор, хэрхэн авсан нь олон нийтэд ил тод болох учиртай. Тухайлбал, Хөгжлийн банкны чанаргүй зээлийн гуравны нэг нь төрийн өмчийн үйлдвэрийн газруудынх байгаад анхаарал хандуулах ёстойг УИХ-ын дарга онцолно лээ.