Олон улсын зах зээлд унци алтны үнэ өнгөрсөн долоо хоногт 2000 ам.доллар давлаа. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт 2070 ам.долларт хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болов. Харин сарын өмнөөс огцом өссөн алтны ханш энэ долоо хоногт буурч эхэллээ. Унци алтны ханш kitco.com цахим хуудсанд мэдээлснээр өчигдөр 1952 ам.долларт хүрээд байна.
Шар металлын ханш долоо хоногийн хугацаанд 100 гаруй ам.доллароор буурчээ. Энэ нь алтны ханш дэлхийн зах зээлд өндөр хэлбэлзэлтэй байгааг харуулав. Алтны ханш өнгөрсөн сарын эхэнд унци нь 1800 ам.доллар орчимд хэлбэлзэж байсан. Тэгвэл сарын хугацаанд 300 орчим “ногоон”-оор өссөн нь ОХУ, Украины дайнтай холбоотой юм. Дэлхийн улс төр, эдийн засагт тодорхойгүй байдал үүсэхэд алтны ханш огцом өсдөг уламжлал тогтжээ. Үүнтэй холбоотой олон жишээ баримт дурдаж болно. Цар тахлаас үүдэн дэлхийн эдийн засгийн хямрал гүнзгийрэхэд буюу өнгөрсөн жилийн дунд үед Шар металлын үнэ унци нь 1900 ам.доллар давж өсөж байлаа. Энэ бол эдийн засгийн тодорхойгүй байдлаас үүдсэн үнийн өсөлт юм. ОХУ Украины газар нутаг руу цэргээ оруулж, дайн эхэлснээс хойш алтны үнэ огцом өссөн. Дэлхийн улс төрийн нөхцөлд тодорхойгүй байдал үүссэн учраас алт худалдан авах эрэлт нэмэгдэж, үнэ нь өссөн хэрэг. НАТО-гийн гишүүн болон бусад орны ОХУ-д тавьсан хориг арга хэмжээний улмаас дэлхийн эдийн засаг дахин хямрах шинж тэмдэг илэрч эхэлснийг олон улсын санхүүгийн шинжээчид онцолж буй. Дэлхий дахинд эдийн засгийн хямрал дахин тохиолдвол алтны үнэ “өндөр”-өө хадгалсаар байх нь дамжиггүй юм. Дэлхийд тогтворгүй нөхцөл үүсвэл үнэт металл, тэр дундаа алтны үнэ өсдөг нь найдвартай байдалтай нь холбоотой. Өөрөөр хэлбэл, улс гүрэн, пүүс компаниуд хөрөнгийнхөө үнэ цэнийг найдвартай хадгалах хэрэгсэл нь алт болдог. Ам.доллар, ерво гэх мэт хатуу валют худалдаж авах боловч ханш нь унах эрсдэл их бий. Тиймээс аль ч валют руу үнэ цэн нь унахгүйгээр чөлөөтэй хөрвөх боломжтой учраас алт худалдан авдаг. Олон улсын улс төр, эдийн засгийн нөхцөл тогтворгүй байгаа учраас алтны үнэ өндөр байна гэж ойлгох хэрэгтэй. АНУ-ын Холбооны нөөцийн сан өнгөрсөн жил бодлогын хүүгээ 0.25 хувь болгон нэмсэн. Холбооны нөөцийн сан бодлогын хүүг өсгөснөөр ам.долларын ханш чангарах юм. Ийнхүү “ногоон”-ы үнэ цэн нэмэгдэх шийдвэр гарсан тул алтны эрэлт багасаж, ханш нь буурсан юм. Дээр дурдсанчлан өнгөрсөн оны дунд үед унци алтны үнэ 1900 ам.доллар даваад байсан бол 100 орчим “ногоон”-оор буурсан. АНУ-ын Холбооны нөөцийн сан энэ онд бодлогын хүүгээ хоёр удаа нэмж, нэг хувьд хүргэхээ мэдэгдээд буй. Ингэвэл ам.долларын ханшийг чангаруулахад дорвитой нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Уг нь ингэсэн тохиолдолд алтны ханш унах зүй тогтолтой. Гэвч ОХУ, Украины нөхцөл байдал хэрхэхээс ихээхэн зүйл хамаарна. Алтны ханш өсөх нь Монгол Улсын эдийн засагт ямар ашигтай вэ. Манай улс гадаадын валютын нөөцийнхөө тодорхой хэсгийг алтаар бүрдүүлдэг. Жилд 20 гаруй тонн алт худалдан авна. Үүнийгээ 700-900 сая ам.доллароор борлуулдаг. Өөрөөр хэлбэл, эх орны газрын хэвлийгээс олборлосон алтаараа валютын нөөцөө нэмэгдүүлдэг гэсэн үг. Алт нь Монгол Улсын хувьд дотоодоосоо бүрдүүлж чаддаг “валют” юм. Тиймээс дэлхийн зах зээлд алтны ханш өсөх нь Монгол Улсад ашигтай. Шар металлын үнэ өсөхийн хэрээр манай улсын валютын нөөцийн хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг.
Валютын нөөцийг төлбөрийн тэнцлийн алдагдлыг нөхөх, ам.долларын ханш өсөлтийг тогтворжуулахын тулд интервенц хийхэд зарцуулдаг. Монгол Улсын төлбөрийн тэнцэл өнгөрсөн оны эцэст 200 орчим сая ам.долларын алдагдалтай гарсан. Өөрөөр хэлбэл, гадаадаас оруулж ирж буй валютаас гарч буй нь 200 сая ам.доллароор илүү байсан гэсэн үг. Төлбөрийн тэнцэл тэрбум ам.долларын алдагдалтай гарч байсан үе бий. Тэгэхээр валютын нөөц их байх тусам төлбөрийн тэнцлийн алдагдлаас болгоомжлох шаардлагагүй болно гэсэн үг. Монголын зах зээлд “ногоон”-ы ханш жилд дунджаар зургаан хувиар өсөж ирсэн. Ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг өндөр хувиар өсгөхгүйн тулд Төвбанк интервенц хийж, зах зээлд валют нийлүүлдэг. Валютын нөөц их байвал Төвбанк их хэмжээний интервенц хийж, ам.долларын ханшийг тогтворжуулах боломж бүрдэх юм. Монголбанк өнгөрсөн жил 20 тонн алт худалдан авсан. Үүнийг зах зээлийнх нь үнээр борлуулсан нь мэдээж. Өөрөөр хэлбэл, унцийг нь 1800 ам.доллароор боруулсан байж таарна. Тэгвэл энэ оны эхний сард 1.6 тонн, хоёрдугаар сард 795.3 кг алт худалдан авчээ. Нийт 2.3 тонн алт худалдан авсан гэсэн үг. Эл алтыг унцийг нь 2000 орчим ам.доллароор борлуулсан нь ойлгомжтой. Төвбанк энэ онд мөн л 20-оос дээш тонн алт худалдан авна гэж тооцоолж буй. Хэрэв алтны үнэ өнөөгийн түвшинд байвал Монгол Улс алтны худалдаанаас өнгөрсөн жилийнхээсээ 10 гаруй хувиар их валют олох юм. Тодруулбал, өмнөх жилийнхээс 100-200 сая ам.доллароор илүү орлого олно гэсэн үг. Алтны үнийн өсөлтөөс Монголд орох ашиг ийм билээ.
Бэлтгэсэн Т.Энхбат