Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан олон төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулж байгаа юм. Үүний нэгэн төрөл болох Аймгийн Засаг даргын нэрэмжит Марш тактик тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгаруулах тэмцээнийг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд өнөөдрөөс зохион байгуулж эхэллээ. Тус тэмцээнийг Монгол улсын Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 016-р нэгтгэлийн байнгын байрлалд эхлүүлсэн бөгөөд Хуурай цэргийн командлал, Зэвсэгт хүчний 016-р нэгтгэл, Зэвсэгт хүчний 119-р анги, Зэвсэгт хүчний 311-р анги , Зэвсэгт хүчний 334-р анги,Төв аймаг дахь Цагдаагийн газар, Онцгой байдлын газар гэсэн нийтдээ 7 тасаг, баг хамт олон оролцож байна.
Түүнчлэн Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 101, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт, Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн түүхт 100 жилийн ойд зориулсан спортын олон төрөлтийн тэмцээн амжилттай өндөрлөж, дүнгээ гаргалаа. Ховд аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд явагдсан энэхүү спортын олон төрөлтийн тэмцээний нээлтийн болон хаалтын ёслолын ажиллагаанд Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав биечлэн оролцсон ба уг тэмцээнийг зохион байгуулалтын өндөр түвшинд явууллаа. Ховд аймгийн Засаг даргын нэрэмжит болгон зохион байгуулсан уг тэмцээнд 15 байгууллагуудын 300 гаруй баг тамирчид 9 төрөлд 150 гаруй багц медалийн төлөө өрсөлдсөнөөс байгууллагын дүнгээр тэргүүн байрт 26 оноогоор хурандаа Х.Энхболд захирагчтай Зэвсэгт хүчний 123 дугаар анги шалгарлаа. Тэмцээний дэд байрыг 37 оноогоор Цагдаагийн хурандаа Д.Мөнхболд даргатай Ховд аймаг дахь Цагдаагийн газар, гутгаар байрыг 42 оноогоор хурандаа Б.Алтанбадралт даргатай Ховд аймаг дахь Онцгой байдлын газар эзэлж, бусдыгаа манлайллаа.
Мөн Баян-Өлгий аймаг дахь төрийн цэргийн байгууллагуудын дунд марш тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж өндөрлөв. Уг тэмцээнд 7 байгууллага хурд хүчээ сорин өрсөлдөж Тэргүүн байранд хурандаа Г.Мөнгөншагай захирагчтай хилийн цэргийн 0285 дугаар анги шалгаран шилжин явах цом, алтан медаль хүртсэн бол дэд байранд хурандаа Ц.Буянтогтох захирагчтай Зэвсэгт хүчний 331 дүгээр анги шалгарч мөнгөн медаль, гутгаар байранд хурандаа Р.Эрдэнэтогтох захирагчтай хилийн цэргийн 0165 дугаар ангийн баг тамирчид орж хүрэл медаль хүртлээ.