ОУХМ Ч.Март хүндийг өргөлтийн УАШТ-ий таван түрүү, хоёр мөнгөн медальтай. Жүдо бөхөөр спортын гараагаа эхлүүлсэн тэрбээр хүндийг өргөлтөөр үеийнхнээсээ хожуу хичээллэж, богино хугацаанд амжилт гаргасан цөөн тамирчны нэг. Тэрбээр өдгөө “Алдар” спорт хороонд хүндийг өргөлтийн дасгалжуулагчаар ажилладаг. Түүний эмэгтэй шавь нараас Б.Хонгорзул БНСУ-ын Пёнчан хотод 2019 онд болсон Азийн АШТ-ээс хүрэл медальтай ирсэн бол Д.Эрдэнэзул өнгөрсөн жил АНЭУ-ын Жедда хотод зохион байгуулсан өсвөрийн ДАШТ-д өрсөлдөж, V байрт шалгарсан юм. Тэд одоо 45, 49, 55, 59, 64 кг-ын жинд Монгол Улсын дээд амжилтыг эзэмшдэг. “Алдар”-аар овоглож, хүндийг өргөлтийн спортод шилдэг тамирчид төрүүлэхээр бэлтгэж буй түүнтэй ярилцлаа.
-Грек улсад тавдугаар сард хүндийг өргөлтийн залуучуудын ДАШТ болно. Шавь нараасаа хэнийг нь сойхоор бэлтгэл хийлгэж байна вэ?
-Хоёр тамирчин сойсон ч тэмцээний зардлаас болоод нэгийг нь явуулахаар төлөвлөөд байна. Хэрвээ надад зардал олдвол ОУХМ Б.Хонгорзултай тус улсыг зорино. Тэрбээр энэ удаа дэлхийн аваргад оролцчихоод ирэх жилээс насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөх юм. Залуучуудын ангилалд сүүлчийн удаа хүч сорих болохоор медаль хүртэх зорилготой бэлтгэлээ базааж байгаа.
-Шигшээ багийн бус тамирчид гадаадын тэмцээнд оролцохдоо хувиасаа зардал гаргадаг. Шавиа явуулахын тулд багш нь найз нөхөдтэйгөө уулзах, ганц нэг байгууллагын хаалга татахаар гүйхийг цөөнгүй харж байлаа.
-Тийм ээ. Би ч гэсэн ялгаагүй шавь нарынхаа төлөө ингэж л гүйдэг. 2018 оноос хойш Азийн тоглолт, 2019 онд залуучуудын Азийн аварга, Америкийн нээлттэй тэмцээн, 2019, 2021 онд өсвөрийн ДАШТ-д хувиасаа зардал гаргаад тамирчдаа оролцуулсан. Бид зээл, хандив гэж аргалаад л явдаг. Тэмцээнд оролцоход тусалж, дэмжсэн олон улсын шүүгч Л.Одгэрэл эгч, тамирчдынхаа гэр бүл, хамт олондоо үргэлж баярладаг юм. Одоо шавь нар минь насанд хүрч, цалингийн захаас атгалаа. Зарим нь дэмждэг байгууллагатай болж байна. Багшийн хувьд тэднийгээ өмнөхөөсөө илүү амжилт үзүүлнэ гэдэгт итгэдэг.
-ДАШТ-д шилдгүүд л өрсөлддөг. Шавьтайгаа медалийн төлөө өрсөлдөх магадлалтай ямар улсын туйванчдын техник, тактикт судалгаа хийв?
-Хүндийг өргөлт бусад хүчний төрлийн спорттой харьцуулахад техник, хурд, уян хатан байдал, мэдрэмж, төвлөрөлт, оюун санааны цар хүрээ их шаарддаг. Тэр ч утгаараа өрсөлдөгчдийнх нь техникийн онцлог, гаргадаг алдаа зэргийг тодорхой хэмжээнд судалдаг. Монголын хувьд тэмцээнд тамирчдаа оролцуулдаг дасгалжуулагчдын тооноос хамаарч төлөвлөгөө, тактик, судалгаа хийсэн ч хэрэгжүүлэхэд хүнд. Учир нь тамирчны жинг үзүүлж, тэмцээнд оролцох эрх нээгдэхэд бие халаалтын танхимд гурван хүн орох эрх (карт) өгдөг. Манайхны хувьд хоёр карт нь эзэнгүй байх жишээтэй. Энэ байдал Токиогийн олимпын наадмын үед ч харагдсан. Гадаадын дасгалжуулагчдын нэг нь тамирчныхаа техникт анхаарч, дэвжээнд гарахад нь бэлэн болгох, нөгөө хоёр нь тооцоо хийж, захиалга өгөх, дэвжээнд гарах хугацааг тоймлох, өрсөлдөгчдийнх нь тухайн үеийн бие, сэтгэл зүйн байдлыг ажиглах үүрэг гүйцэтгэдэг. Тэднээс багтай ирж оролцохын давуу тал харагддаг юм. Тэгвэл манайхан бүгдийг ганцаараа амжуулах гэж гүйнэ. Токиогийн олимпын наадамд Ц.Хосбаяр багш тамир- чинтайгаа явсан. Түүнийг ганцаараа бүхнийг амжуулж байхад бусад орныхон тамирчнаа дэвжээнд гаргачихаад гурвуулаа тэврэлдээд зогсож байв. Надад бол энэ байдал харамсалтай санагдсан. Би өнгөрсөн жилийн намар АНЭУын Жедда хотод болсон өсвөрийн ДАШТ-д мөн л шавьтайгаа оролцсон. Тэнд шавь минь нэг өргөлтөө амжилттай гүйцэтгэсэн бол медаль хүртэх байв. Тооцоогоо хийх гэхээр тамирчнаа мэдрэхгүй алдаа гаргачих гээд, тамирчиндаа анхаарал хандуулах гэхээр тооцоон дээр алдчих гээд, нэг бол дэвжээнд гарах хугацаанд тааруулж, биеэ халааж чадахгүй бол- чих гээд амаргүй байлаа. Хилийн дээс алхаад л энэ мэтчилэн амаргүй зүйлтэй алхам тутам тулгардаг.
-Хүндийг өргөлтийн эрдмээс заасан багш нарынхаа, сургасан бүхнийг одоо шавь нарынхаа бэлтгэлд хэрэгжүүлдэг үү?
-Би жүдогоос илүү хүндийг өргөлтөөр олон жил хичээллэсэн. Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, спортын мастер С.Хөхөө, С.Эрдэнэбаяр, Я.Дөрвөнжин, Д.Чинзориг, П.Ганболд багш нараасаа олон зүйл сурсан. Ц.Хосбаяр багш дасгалжуулагч хүн ямар байх, тамирчидтай хэрхэн харилцах ёстойг сайн мэддэг. Тэрбээр орчин үетэй хөл нийлүүлж, спортын дэвшлийг ашиглан ажилдаа хэрэгжүүлж байгаа нь үлгэрлэх гол зүйл нь. Тиймдээ ч Монголын хүндийг өргөлтийн 66 жилийн түүхэнд байгаагүй амжилт бүтээж яваа. С.Хөхөө багш олон тамирчныг дасгалжуулж, амжилтад хүргэсэн туршлагатай. Түүнээс бэлтгэлийн төлөвлөлт, сэрэлт, саатал гээд мөн л чухал зүйлийг суралцсан. Монголд хүндийг өргөлтийн мэргэжлийн дасгалжуулагч бэлддэггүй болохоор олонх багш нэгэндээ заах, залгамж халаагаа бэлдэх журмаар л ураг - шилж байна. Би ч бас тэдний нэг. Бид зорилго нэгтэй ажилладаг. Монголын хүндийг өргөлтийн холбооны удирдлага мэргэжлийн дас - галжуулагчдыг дотоод, гадаадад бэлтгэх байх гэж найддаг юм. Сүүлийн үед гадаадын дасгалжуулагчдын сургалтад хамрагдаж, ажилдаа хэрэгжүүлдэг боллоо. Надад хүндийг өргөлтийн спортын техникүүдийг судалсан эрдэмтдийн судалгааны ном, сэтгүүл бий. Тэднээс А.С.Медведев, А.В.Черняк, Л.С.Дворкин нарын онол арга зүйг судалсан. Азийн орнуудаас БНХАУ-ын дасгалжуулагч, доктор Ма Жинпантай холбогдож, сургалтад нь хамрагдаж арга зүйг нь судлан, техник заалгах, буруу зүйлийг хэрхэн засах талаар зөвлөгөө авдаг. Ингэсний үр дүн тамирчдын бэлтгэлээс харагдаж эхэлсэн.
-Тамирчин хүн дасгалжуулагч бол- чихоод багшийнхаа ажлын амаргүйг ойлгодог юм гэсэн. Та ч гэсэн зах зухаас нь мэдэрсэн байлгүй.
-Монголд дасгалжуулагч байх хэцүү. Тэр дундаа хүндийг өргөлтийнх. Сонирхож хичээллэх хүүхдүүд хайна. Тэднийг олсон бол бэлтгэлийг нь таслуулахгүй хийлгэж, дараа нь амжилтад хүргэнэ. Хүүхдүүдийг уриалж, дуртай болгоход ухаан, хөрөнгө аль алийг нь зарцуулдаг. Хүндийг өргөлтийн дасгалжуулагчид хүүхдүүдээс төлбөр авдаггүй болохоор өөрөө санхүүгийн хувьд хүндхэн байдаг тал бий. Тууштай хичээллэж, амжилт гаргахад тамирчин, дасгалжуулагчийн аль алинаас нь тэвчээр шаарддаг. Тухайлбал, хүүхдүүдийг бэлтгэл хийл - гээд тэмцээнд оролцуулах хэм - жээнд болгож байтал аав, ээж нь дэмжихгүй болиулдаг. Арай гэж тамирчин болготол гадаадын тэм - цээнд оролцох санхүүгийн дэмж - лэггүйн улмаас “Багшаа, би амьдралаа бодлоо” гээд хаяад явчихна. М.Анхцэцэгийн ачаар нэг үеэ бодвол тамирчдын хандлага, хүлээж авах байдал өөр болсон. Ажил минь хааяа хэцүү санагддаг ч дуртай зүйлээ хийж амьдардаг бидэнд бол аз жаргал шүү дээ.
-Гавьяат тамирчин М.Анхцэцэг ДАШТ-д түрүүлж, аварга болсон нь залууст үлгэр дуурайл үзүүлсэн. Тэрбээр хичээвэл манайхан медальд ойрхон байгааг Токиогийн олимпод оролцохдоо харуулсан шүү дээ.
-Түүний амжилт, уйгагүй хичээл зүтгэл Монголын залууст үлгэр дуурайл өгсөн гайхамшигт үйл явдал болсон. Токиогийн олимпын медалиас атгаад алдсан ч дараахан нь дэлхийн аварга болж, элэг нэгтнүүдээ баярлууллаа. Түүний амжилтын ачаар Монголын хүндийг өргөлтийн спортод маш том үүд нээгдсэн. М.Анхцэцэг энэ спортод домог бүтээхээр ирсэн бурхны бүтээл. Тэрбээр өөрийн амжилтын түүхийг бүтээж яваа тамирчин.
-Шавь нар тань ч гэсэн түүний амжилтаар бахархдаг байх.
-Нэг зүйл сонирхуулж ярья. Би 2019 оноос жүдо бөхийн шигшээ багийнхны хүчний дасгалжуулагчаар ажиллаж байна. Өнгөрсөн зун Токиогийн олимпод тамирчид оролцохоор явсны дараа хүндийг өргөлтийн шавь нартайгаа, мөн тамирчдыг минь дэмждэг “Батсол” ХХКийн захирал Н.Батсайхан ахтай “Champions” баазад бэлтгэлд гарсан юм. Манай шавь нарын амжилт нь өмнөхөөсөө ахихгүй удсан. Би тэр үед өөрийгөө муу дасгалжууллаа гэж голоод яахаа мэдэхгүй байв. Нэг өдөр тэднийгээ баахан зэмлэлээ. Маргааш нь М.Анхцэцэг Токиогийн олимпын дэвжээнд туйван өргөх байсан юм. Шавь нартайгаа сэтгэл догдолж үзлээ. Миний хувьд түүнийг медалийн төлөө өрсөлдөхийг олимпын эрх авахаас өмнө таамаглаж байсан тул атгаад алдахад нь харамссан. Тэгтэл манай охид маргааш нь бэлтгэл хийхдээ нэг л өөр харагдлаа. Нөгөөдрийн бэлтгэл бүр л өөр боллоо. Удалгүй хэдэн хоногийн дараа сорьтол нөгөө гацсан хүүхдүүдийн минь амжилт гэнэт өсөхөд гайхах, баярлах зэрэгцсэн. Тамирчдад сайн техник, дасгал, бэлтгэл чухал ч үүнээс дутахгүй нэг зүйл бол итгэл үнэмшил олгох юм. Миний хувьд шавь нараа ингэж идэвхтэй болгох нь хамгийн чухал гэдгийг ойлгосон. Олимпын дараахан чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхоны автомашинд шавь нараа суулгаад хөдөө явлаа. Нэг охиноор жолоо бариулж “Чи дэлхийн аварга болчихоод ийм автомашин унаад ээж, аав хоёрыгоо суулгаад нутаг руу нь явбал гоё уу” гэхэд “Ямар гоё юм бэ” гэсэн. Хэд хоногийн дараа сорил хийхэд бүгд ахисан байв. Жолоо барьсан охин олимпын наадамд медаль авсан тамирчдын өргөсөн өргөлтийг бэлтгэл дээр хийсэн шүү. Тэрбээр Гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, С.Цэрэнчимэд нарын хүчний багш нь.
-Хамтдаа спортын төлөө зүтгэдэг гэр бүл ховор. Шавь нарынхаа амжилт, бэлтгэлд анхаарал хандуулаад хааяа ар гэртээ санаа тавих завгүй явах үе гардаг биз?
-Манайхан хааяа гомдоллож, гэрт маргаан өрнөнө. Эхнэрийг минь А.Отгонжаргал гэдэг. “Алдар” спорт хороонд хүндийг өргөлтийн дасгалжуулагч. Бид энэ спортыг эх орондоо хөгжүүлж, сайн тамирчид бэлтгэх зорилготой ажиллаж байна. -Хүндийг өргөлтийн дасгалжуулагч болоход хэн дэмжиж, зөвлөсөн бэ? -Би өөрийгөө дасгалжуулагч болно гэж бодож байгаагүй. Надад энэ спортын эрдмийг заасан “Алдар” спорт хорооны дасгалжуулагч С.Эрдэнэбаяр багш минь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. 2014 онд дүү нартайгаа хамт бэлтгэл хийж байгаад удалгүй дасгалжуулагчаар ажилласан. Тухайн үед намайг басамжлан, дорд үзэж байсан хүмүүс багш болгочихсон болов уу гэж боддог. (Инээв)
-Та жүдогийн тамирчин байхдаа хүндийг өргөлт рүү “урвачихсан” гэл үү?
-Хүүхэд байхдаа “Женко” клубийн дасгалжуулагч, Гавьяат Г.Энхбаяр багшийн удирдлагад жүдогоор хичээллэсэн. Сүүлдээ дэвжээнд бэлтгэл хамт хийдэг дүү Ч.Тогтохбаяртаа хожигддог болсноор зодог тайлсан. Хэдийгээр эрүүл мэндийн шалтгаанаар бөхийн спортоо орхисон ч багштайгаа холбоотой ажилладаг. Дүү минь одоо багштай хамт тус клубийн тамирчдыг дасгалжуулдаг юм. Спортын төв ордонд хааяа нэг бэлтгэл хийхээр очих үедээ эхнэртэйгээ танилцаж байлаа. Эхнэр тэр үед жүдогоор барилдахын зэрэгцээ хүндийг өргөлтөөр хичээллэдэг байв. Хүндийг өргөлтийн заалаар шагайж, бэлтгэл хийхийг нь сонирхож харсаар байгаад сүүлдээ дагаад хичээллэсэн. Багадаа спортоор хичээллэдэг, хар бор ажил хийдэг байсан болоод ч тэр үү, эвсэлтэй, бас чамгүй бяртай байсан. Эхнэрийн ах А.Мянганбаяр нэг өдөр намайг хэвтээ шахалт хийж байхыг харчихаад “Чи суулт хийгээд үз дээ, бяртай юм байна” гэлээ. Би 105 кг-ыг хоёр удаа суулт хийхэд чамлахааргүй санагдсан юм байлгүй “Манайд 62 кг-ын жинд оролцох хүн дутуу байгаа. Чи бэлтгэл хийгээд тэмцээнд оролц” гэв. Түүнээс хойш 21 хоног бэлтгэл хийж, анхныхаа тэмцээнд өрсөлдсөн. Огцом өргөлтөөр 53, түлхэлттэй өргөлтөөр 97 кг өргөж V байрт шалгарсан юм. Миний хүндийг өргөлтийн спортод хөл тавьсан түүх ингэж эхэлсэн.
-Ууган хүү тань жүдогоор хичээллэдэг гэсэн. Тууштай хичээллэвэл тамирчин болгох уу?
-Том хүү жиү жицү, жүдогоор хичээллэдэг. Монголд жиү жицүгийн Азийн АШТ зохион байгуулахад бага насныхны ангилалд түрүүлж, жүдогийн УАШТ-ээс алтан медаль хүртэж баярлуулсан. Миний хувьд ажилдаа анхаарал хандуулаад хүүгийнхээ бэлтгэлд тэр бүр санаа тавьж амждаггүй. Авга ахынхаа удирдлагад бэлтгэл хийсэн цагаас хүү минь амжилт гаргах болсон. Тэмцээнгүй үед аав, ээжийнхээ ажилд туслаад гурван дүүгээ хардаг юм. Хүүгээ хойшид сонирхож байвал нь жүдогоор хи- чээллүүлнэ. Хүүг минь ирээдүйд сайн тамир- чин болгох байх гэж дүүдээ найддаг. Бид гэр бүлээрээ тив, дэлхий, олимпын медальтай алдарнуудыг төрүүлсэн “Алдар” спорт хороогоор овоглож яваадаа бахархдаг. Цаашдаа энэ бай - гууллагад тууштай ажиллаж, шилдэг тамирчид бэлтгэхийг зорьж байгаа. Энэ ташрамд, биднийг дэмждэг Батлан хамгаалах яамны харьяа “Алдар” спорт хорооны хамт олон, мөн тамирчдыг минь тэмцээнд оролцоход дэмждэг “Батсол” компанийн захирал Н.Батсайхан ахдаа удахгүй болох Монгол цэргийн баярын мэнд дэвшүүлье