Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумд өчигдөр хүчтэй шуурсны улмаас хэд хэдэн гэр нурлаа. Тухайлбал, тус сумын Шарга 1 дүгээр баг “Илийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 110 км, сумын төвөөс зүүн зүгт 25 км/-т гуравдугаар 14-ний өдрийн 18.00 цагийн орчим 14-16 м/сек хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас малчин Г-ын 5 ханатай гэр нурж, дахин ашиглах боломжгүй эвдэрсэн гэнэ.
Мөн Шарга 1 дүгээр баг “Өвгөн хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 120 км, сумын төвөөс зүүн зүгт 15 км/-т 18.00 цагийн орчим 14-16 м/сек хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас малчин Г, Л нарын 4 ханатай гэр нурсан аж. Шуурганд малчин Г, Ж нарын 4 ханатай 2 гэр нурж, мөн л ашиглах боломжгүй эвдэрсэн байна.
Үүнээс гадна Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Цагаан-Овоо” 4 дүгээр баг “Арцын тавхайн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 142 км, сумын төвөөс баруун хойд зүгт 7км/-т мөн өдрийн 18.00 цагийн орчим 14-16 м/сек хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас малчин А-ын 5 ханатай 1 гэр нурж, эвдэрсэн аж.
Мэдээллийн мөрөөр тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, 4 дүгээр багийн Засаг даргаар ахлуулсан ажилтнууд мөн өдрийн 19.17 цагт тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцсан байна.