Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүргийн албан хаагчдыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангав. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департамент хамтран хэрэгжүүлэх байгаа “Хүүхэд хамгааллын компакт гэрээ”-г хэрэгжүүлэх ажлын хүрээнд дээрх ажлыг зохион байгуулжээ. Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн үйл ажиллагаандаа шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг өнөөдөр хүлээн авсан байна. Уг арга хэмжээнд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, АНУ-ын элчин сайдын яамны Улс төрийн ажилтан Иан Роздилски, Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Марк Кэйниг, Эрүүгийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын хэлтсийн дарга Г.Цоодол, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Н.Пүрэвдорж болон бусад албаны хүмүүс байлцлаа. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас мөн ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтсийн сэтгэлзүйчдийн үйл ажиллагаанд шаардлагатай зарим төрлийн техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.