Монголчууд хэзээ чанартай барилга, байгууламж барьж сурах вэ гэж хашхирмаар, халагламаар үйл явдал сүүлийн жилүүдэд дэндүү олон болж байна. Улсын комисс хүлээж аваад хэдхэн сар, жил болсон барилгууд бороо, цас, салхи шуурга, хүйтний ая даалгүй хана, тааз, дээврээсээ эхлэн цуурах, нурах, усанд автах, улмаар зориулалтаар нь ашиглах боломжгүйд хүрэх тохиолдол элбэгшлээ.
Ялангуяа орон нутагт хэдэн тэрбумаар боссон, төсвийн хөрөнгийг үнэгүйдүүлсэн ийм “цаасан өргөө” өчнөөн. Хамгийн харамсалтай нь, эдгээрийн дунд хүүхдэд зориулсан гэх тодотголтой барилга, байгууламж цөөнгүй байна. Үүнийг илтгэх хамгийн сүүлийн жишээ нь Ховд аймаг дахь 50 ортой, Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн барилга.
Монгол Улсын Засгийн газар эрүүл мэндийн байгууллагуудын тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ), Нэгдсэн эмнэлгүүдийн Хүүхдийн тасгийн ачааллыг тэнцвэржүүлэх, орны хүрэлцээг сайжруулах зорилгоор Увс, Ховд, Баян-Өлгий зэрэг аймагт ийм эмнэлэг барихаар төлөвлөж, 2019 оноос ажлыг нь зэрэг эхлүүлсэн байдаг. Эдгээрээс хамгийн түрүүнд ашиглалтад орсон нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутагт барьсан эмнэлэг. Тодруулбал, тус эмнэлгийн барилгыг 2021 оны нэгдүгээр сарын сүүлчээр холбогдох мэргэжлийн байгууллагуудад хүлээлгэж өгчээ. Орон нутгийн эмч, мэргэжилтнүүд болон иргэд “Орчин үеийн чанар, стандарт бүхий тухтай орчинд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах боломж бүрдлээ. БОЭТ, Хүүхдийн нэгдсэн эмнэлэгт нийтдээ 90 орчим хүүхэд хэвтэн эмч¬ лүүлэх нь” хэмээн хөл хөөр болж байсан нь цахим сүлжээнд баримт болон үлджээ.
Ийнхүү тухайн барилгыг холбогдох албаны хүмүүс хүлээж аваад удаагүй байтал Эрүүл мэндийн сайд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулсан шийдвэр гаргаж, нэгдүгээр давхрыг нь Эрүүл мэндийг дэмжих төв болгон, коронавирусээр өвчилсөн хүмүүсийг хэвтүүлэн эмчлэх зохицуулалт хийсэн байна. Эмнэлгийн төв хаалгаар халдвартай хүмүүс орж, гарах болсон учир тусламж, үйлчилгээ шаардлагатай хүүхдүүдийг аваарын шатаар дотогш нэвтрүүлдэг байж. Үүнийг олон нийт, эцэг, эхчүүд ихэд шүүмжилж, эсэргүүцсэн тул нэг их удалгүй болиулсан гэнэ. Ингэснээр хүүхдийн эмнэлгийн гэх тодотголтой энэ барилгыг коронавирусийн халдвартай хүмүүсийг тусгаарлах, эмчлэх зориулалтаар бүхэлд нь ашиглаж эхэлсэн аж. Гэтэл өнөөх шинэ барилга нь ашиглалтад оруулснаас зургаахан сарын дараа тараа таниулж, “бассейн” болон хувирав. Тодруулбал, өнгөрсөн оны наймдугаар сард орсон хүчтэй борооны улмаас барилгын нэгдүгээр давхар бүхэлдээ усанд автаж, тааз, дээврээс нь дусаал гоожиж эхэлжээ. Холбогдох байгууллагын хүмүүс, гүйцэтгэгч компанийнхан тухайн үед гал унтраах төдий арга хэмжээ авч аргацаасаар өвөлтэй золгосон гэх.
Эл барилгын одоогийн нөхцөл байдлын талаар орон нутгийн иргэнээс тодруулахад “Тэнд хүүхдийн эмнэлэг үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй. Эрүүл мэндийг дэмжих төвийн эмч, мэргэжилтнүүд болон хэвтэн эмчлүүлсэн хүмүүс энэ өвлийг хүндхэн давсан. Тухайн барилга маш хүйтэн. Хаалга, цонхоор нь хүйтэн агаар, салхи байнга сийгэж байдаг. Өрөө болгонд цахилгаан халаагуур залгадаг юм билээ. Өвчтөнүүд нь давхар хөнжил хөдрөхгүй л бол жинддэг гэж ярьж байсан.
Улсын комисст хүлээлгэж өгсөн цагаас коронавирусийн халдвартай өвчтөнүүдийг тэнд хүлээж авсан. Одоо халдварын тархалт намжсан учраас цөөн хүн эмчлүүлж буй бололтой. Эмнэлгийг барьсан компанийнхан нэг талаас нь засаж янзлаад л байгаа гэсэн. Үнэхээр чанаргүй, муу барилга. Хаалганых нь амлагаанууд хүртэл салаад уначихсан байсан. Эцэг, эхчүүд ийм газарт хүүхдээ хэвтүүлж эмчлүүлэхээс айна биз дээ” хэмээсэн юм.
Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн барилгыг 5.1 тэрбум төгрөгөөр “Мотоблак” хэмээх компани барьжээ. Захиалагч нь ЭМЯ, Ховд аймгийн ЗДТГ бол хяналт тавьж ажилласан нь Барилгын хөгжлийн төв, тухайн орон нутаг дахь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газар аж. Үндсэндээ зохих шатны байгууллагынхан эл барилгыг ашиглалтад оруулахад бэлэн хэмээн албан ёсоор “тамгалсан” юм билээ. Тус аймгийн Засаг дарга Б.Дүгэржав “Эмнэлгийн засвар дуусаагүй байхад ашиглалтад оруулсан. Коронавирусийн халдвартай хүмүүсийг хэвтүүлэн эмчлэх орны нөөц, хүрэлцээ тааруу байсан учраас эмнэлгийн нээлтийг нь хийлгүй, дээрээс өгсөн үүрэг, шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. Энэ сардаа багтаагаад засварын ажлыг дуусгаж, эмнэлгийг албан ёсоор нээнэ. Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн зураг, дүрс бич¬ лэг одоогийнх биш” хэмээн арга ядсан тайлбар хэлж сууна. Харин БОЭТ-ийн захирал П.Гэрэлсүрэн “Коронавирусийн халдварын тохиолдол буурсан тул манай төв тус эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх хэсэг буюу II, III, IV давхрыг энэ сарын 1-нээс чөлөөлсөн. Гүйцэтгэгч компани өөрийн хөрөнгөөр засварын ажил хийж байна. Хүүхдийн нэгдсэн эмнэлгийг тавдугаар сарын 1 гэхэд ашиглалтад хүлээлгэж өгнө” гэж өчигдөр мэдэгдэл гаргажээ.
Хяналт тавих шатны хүмүүс нь барилгын ажил дууссан гэж хүлээж авсан байтал Засаг дарга нь засвар дуусаагүй байсан хэмээн цар тахал руу хамаг бурууг чихэж буй нь эмгэнэлтэй. Хэрэв үнэхээр тус барилгад үйл ажиллагаа явуулахад бэлэн биш байсан бол Улсын комисс яагаад батламжлав. Халдвартай хүмүүс болон хүүхэд багачуудыг ямар учраас эрсдэлт орчинд хүлээж авав. Магадгүй энэ тохиолдолд гүйцэтгэгч компани “Засварын ажил бүрэн дуусаагүй байсан” гэдэг шалтгаанаар өөрсдийнхөө алдаа дутагдлыг хаацайлж байж болзошгүй юм.
Эл асуудлын хойноос явж, хариуцлага нэхэж буй нэгэн төрийн бус байгууллагын бүсгүй “Мотоблок” хэмээх компани нь аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан гэх хүний хамааралтай юм билээ. Энэ барилгын тендер эхнээсээ будилаантсан байх магадлалтай. Манай байгууллага эл асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ч хүлээж авахгүй, удаа дараа буцаасан. Сүүлд аймгийнхаа Давж заалдах шатны шүүхэд хандаад, хэрэг үүсгүүлсэн. Одоо энэ хэрэг Захиргааны хэргийн шүүх дээр бий” гэж ярив. Дээрх компанийг судалбал, авто тээвэр, ложистик, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эзэмшигч нь Т.Жаргалсайханы ах Т.Бямбажаргал хэмээх хүн аж. Тэгэхээр бүсгүйн хэлсэнчлэн эл барилгын ажил эхнээсээ буруу замаар “явсан” байх магадлалтай.
Үүнтэй ижил байдлаар шинээрээ актлагдсан, зориулалтаар нь ашиглах боломжгүйд хүрсэн барилга бол Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдүгээр сургуулийнх. Эл барилгыг улсын төсвийн 3.9 тэрбум төгрөгөөр барьсан. Гэвч багш, сурагчид шинэ сургуульдаа нэг жил ч бололгүй хуучин руугаа буцаж нүүсэн байдаг. Шалтгаан нь тухайн барилгыг цэвдэгтэй газарт барьснаас, түүнчлэн дулаан их хэмжээгээр алддаг учраас сургалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж үзсэнтэй холбоотой. Өдгөө тус сургуулийн 1000 гаруй сурагч хуучин анги танхимдаа багталцаж ядан хоёр ээлжээр хичээллэж байна. Харин төгсөх буюу XII ангийн 100 гаруй сурагч анги танхим хүрэлцээгүйн улмаас арга буюу шинэ сургуульдаа зутруухан хичээллэж буй гэнэ. Тосонцэнгэлчүүд хариуцлагагүй компани, хяналтгүй төрийн балгаар ийм нэг үзмэр төдий, бүрэн хүчин чадлаар нь ашиглах боломжгүй барилгатай болж, сумын удирдлага, сургуулийн захиргааныхан яах учраа олохгүй гайхширч суугаа аж.
Бас нэг жишээ нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17 сургуулийн өргөтгөлийн барилга. Үүнийг “Урагшлах” ХХК 2.3 тэрбум төгрөгөөр барьж, 2017 онд ашиглалтад оруулсан. Гэвч өнөөх барилга нь таван жил ч бололгүй энд тэндээ цуурч, зарим хэсгээрээ нурж, шал нь цөмөрсөн. Тухайн өргөтгөлийн хэсэгт бага ангийн сурагчдаас гадна XXII цэцэрлэгийн хоёр бүлгийн багачууд хичээллэдэг байсан юм билээ. Өнгөрсөн намар ийм үйл явдал болох үеэр “Урагшлах” компанийн удирдлага “Сургууль, цэцэрлэгийнхэн ус алдуулж, ханыг нь суулгасан” хэмээн буруутныг өөрсдөөсөө холдуулсан бол Мэргэжлийн хяналтын газрынхан “Нуралтын шалтгааныг тогтооно” гээд таг чиг болцгоосон юм даг.
Өдгөө тус сургуулийн 28 бүлгийн сурагчид хичээлийн нэгдүгээр байрт хичээллэж буй бол таван бүлгийнх нь хүүхдүүд аймгийнхаа Соёлын төвд сургалтад хамрагдаж байна. Тухайн барилгыг одоо хэр нь засварлаагүй бөгөөд гүйцэтгэгч компани болон орон нутгийн холбогдох байгууллагууд энэ асуудлаар хоорондоо “дайтсаар” байгаа гэнэ.
Эдгээр жишээ, баримтуудаас барилгын компаниуд төсвийн хөрөнгөөр хэрхэн тоглодгийг, тендерийг яаж будилаантуулдгийг, захиалагч болон хяналтын байгууллагууд үүргээ ямар түвшинд биелүүлдгийг, улсын комиссынхон хэр зэрэг “өндөр” босго тогтоодгийг харж болохоор байна. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмж бол монголчуудын хувьд эмзэг, тулгамдсан асуудалт яалт ч үгүй мөн. Тэр ч үүднээс төр, засаг ийм бүтээн байгуулалтад гар таталгүй хөрөнгө мөнгө төсөвлөхийг хичээж, зорьж ирсэн. Харин гүйцэтгэгч компаниуд ажлаа хийхдээ “нугалаа, цавчаа” үүсгэхээ урьтал болгож, иймэрхүү чанаргүй, хэврэг барилгууд нийлүүлсээр ирэв. Энэ гажуудлыг засахын тулд юуны түрүүнд улсын төсвийн хөрөнгөөр хийж буй ажлуудад хатуу хяналт тавих, холбогдох хууль, журам, дүрэм (Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах, хүлээж авах гэх мэт) хэрэгжилтийг сайжруулах, хангуулах чиглэлд онцгой анхаарах шаардлагатай. Ялангуяа сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг олон хүүхдийн амь, эрүүл мэндтэй холбоотой чухал объект барих компанийг шалгаруулах тендерийг ашиг сонирхлоос ангид байлгахгүй бол дээрх үйл явдлууд давтагдсаар, төсвийн мөнгө үзмэр болж хувирсаар, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгаа шинээр нь акталсаар байх нь.